О.Баасанхүү: Дахин санал хураалтыг 7 дугаар сарын 4-ний дотор явуулах ёстой
Даваа гарагт болсон сонгуулийн үр дүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү СЕХ-нд шаардлага хүргүүлжээ. Уг шаардлагад дараах зүйлийг дурдсан байна.
Нэг. 2017 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 23.00 цагаас хойш Монгол Ардын Хувьсгалт Намын нэр дэвшигч нь 10 000 орчим саналаар МАН-ын нэр дэвшигчээс илүү явсан боловч огцом санал унаж улмаар 24.00 цагаас хойш хэвлэл мэдээллийн хэрэгслийн шууд дамжуулалт зогссон. Уг үйлдлийн талаар дэлгэрэнгүй тайлбар мэдээллийг олон нийтэд бичгээр гаргаж өгөх
Хоёр. Утсан болон интернэт сүлжээ байхгүйгээс нэр бүхий аймгуудын саналын тоог тоолох боломжгүй, удааширсан хэмээн хариуцлагагүй тайлбаруудыг СЕХ-ноос удаа дараа хийсээр байна. Иймээс хоцорсон аймгуудын хэсгийн хороодын саналуудыг нэн даруй Улаанбаатар хотод битүүмжлэн авчирч, намуудын төлөөллийг байлцуулан гараар тооллого хийж, олон нийтэд мэдээлэх
Гурав.Сонгуулийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.3-т “Дахин санал хураалтыг энэ тухай шийдвэр гарснаас хойш долоо хоногийн дотор явуулна” хэмээн заасан байна. Энэ заалтын дагуу бол 2017 оны 7 дугаар сарын 4-ний дотор санал хураалт явуулах ёстой байтал 7 дугаар сарын 09-ний өдөр санал хураалт явуулахаар шийдвэр гаргасан нь хууль зөрчиж байна.
Аймгуудын наадамтай давхцуулан сонгуулийн ажлыг зохион байгуулах гэж байгаа нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль шударга явагдана гэх итгэл төрүүлэхгүй байна. Мөн дээр дурдсан хэсгийн хороодын санлыг дахин гараар тоолсон тохиолдолд МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарын авсан санал нэмэгдэнэ гэж үзэж байна. Тиймээс энэхүү шаардлагын хариуг нэн даруй өгч, МАХН-ын гишүүд, дэмжигчид, сонгогчдын эрх ашгийг хүндлэхийг хүслээ.