УИХ-ын гишүүн О.Баасанхүү цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэл хийлээ
УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2017.06.20

УИХ-ын гишүүн О.Баасанхүү цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэл хийлээ

УИХ-ын гишүүн О.Баасанхүү өөрийн цахим хуудсаараа дамжуулан шууд мэдэгдэл хийлээ.

Тэрээр мэдэгдэлдээ:

Би өнөөдөр МАХН намын Ерөнхийлөгчийг хүсэхгүй байна. Би Монгол улсын Ерөнхийлөгчийг хүсч байна. Монгол Ардын намын Ерөнхийлөгчийг хүсэхгүй байна. Монгол улсын Ерөнхийлөгчийг хүсч байна. Ардчилсан намын Ерөнхийлөгчийг биш ард түмний Ерөнхийлөгчийг хүсч байна. Тийм учраас агуу төрийн удирдагч байх алтан боломж та гуравт минь байна шүү. Гурвуулаа бодлогоор өрсөлдөөд ард түмэндээ гараад ирээч ээ. 

Ах, эгч, дүү нараа! 

Өнөөдөр Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгууль ид дундаа явж байна. Нэлээн олон хүмүүс надаас энэ УИХ-ын сонгуулиас хойш болж байгаа хамгийн хар тэр дундаа бие бие рүүгээ дайрч давшилсан, гутаасан, доромжилсон ийм аймшигтай хар пи-ар гэж хэлж болох гүтгэлэг ч юм шиг, үнэн ч юм шиг мэдээллүүд гарч байгаа учраас дуугуй суугаад яах вэ, зарим нэг байр сууриа илэрхийлээч ээ гэсэн юм. 

Хэрэв та бүхэн санаж байгаа бол би өмнө өөрийн байр сууриа Монгол бөхийн барилдаанаар жишээ авч тайлбарласан. Ингэж тайлбарлахдаа үндсэндээ 3 санааг ойлгоосой гэж хүссэн. 

Эр хүн болгон л бөх байдаг гэж боддог. Багадаа гутлаа ураагүй, дээлээ ханзлаагүй хэн байхав. Би хүртэл хүүхэд байхдаа бакалаа урж, өсвөр насандаа хүртэл жүдо бөхийг сонирхож явж байсан хүний хувьд бөх гэдэг бол чухал спорт оо. Гэхдээ сүүлийн үед бөхчүүдийн дунд байгаа балай нөхдүүдийн үйлдлийг харахаар заримдаа уур ч хүрмээр юм шиг, начны найраа л гэх юм, наадам дээр тэрийгээ л унах юм, завждаад л авах юм, духаараа мөргөхи юм, хар тамхи зарах юм, газрын ард есөн шидийн наймаатай орооцолдох юм, бохир улс төрд оролцох юм, болох болохгүй юмнуудын ард бас буу зэвсэгтэй дээрэм тонуул хийлээ гэх мэт яриа гардаг болохоор бохир улс төр, найраатай бөхчүүд ямар байх талаар жишээ болгож үүнийг ярьсан юм аа.

Түүнээс биш үндэсний ариун нандин бөхөө доромжлон гутааж яриагүй юм шүү. Энийг та нар бас зөвөөр ойлгоорой. Ер нь бол хошин байх гоё шүү дээ. Заавал бөхөөр биш мориор ярьж бас болно шүү дээ. Жишээлбэл мориор холбож энэ улс төрийн тухай ярьж болно л доо. Хурдан морины уралдаанд хамгийн чухал нь 2 том шалгуур байдаг гэдгийг та нар мэднэ биздээ.

1. Хурдан бөгөөд түрүүлэх ёстой
2. Цэвэр Монгол цустай морь байх ёстой

Тэгсэн хамгийн инээдэмтэй юм болж байна л даа. Наадамд түрүүлсэн цэвэр цустай морь бүсийн наадамд очоод бохир цустай нийлээд буцаачихаж байгаа юм. Олон хүүхдүүдийн нус нулимсыг чирээд л чи бохир цустай, чи эрлийз морьтой байна гээд унуулахгүй, бариулахгүй гэж байгаад яг урдаас нь морьдуудаа тавиад айргийн 5 байрыг шалгаруулж байгааг хараад би бас гутарч байсан.

Уяачдын холбооны нарийн бичгийн даргатай хамт суугаад Улсын наадмын тухай санал солилцож байлаа л даа, тэр дундаа морьтой холбоотойгоор... Тэгтэл “11 настай хүүхэд мориноосоо эндээд 2 нүд нь харахгүй болчихсон байна аа, хөөрхий тэр хүүхдийг яая даа байз. Өвөл битгий морь уралдуулаачээ гээд хэлэхээр машинд хүртэл өчнөөн хүн дайруулдаг шүү дээ” гэж хэлж байхыг хараад сэтгэлээр унасан.

Яагаад вэ гэхээр бөх ч тэр, морь ч тэр БНМАУ гэдэг 90 оны өмнөх наадам шигээ наадам биш болчихоод байгаа учраас, ялгаагүй энэ улс төрийн сонгууль ч гэсэн түрүүний хэлдэг хар пи-артай адилхан болчихоод байгаа учраас би жишээнд оруулж яриад байгаа юм аа. Тэрнээс биш би морь унах маш их дуртай, Монгол хүүхэд болгон морь унах маш их дуртай. Тэгэхдээ морио тавьж, Монгол морьдыг эрлийз, хурьлийзаар нь дуудаж, уяачдыг, хүүхдүүдийг ялгаварлан гадуурхахгүй байвал их зүгээр юм шиг санагддаг. 

Зарим нэг зүйлийг тэвчихэд хэцүү юм аа. Ямар ч байсан Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь дээр өөрийн байр суурийг хэлье гэж бодож байна. Эрдэнэтийн 49%-ийн эзэн хэн бэ? гэдэг дээр сонгуулиар их сонин зүйл ажиглагдлаа.

Юу вэ гэвэл... Эрдэнэтийн 49 хувийн ил эзэн сахал Эрдэнэбилэг юм байна, за далд эзэн нь бол одоо удахгүй буух гэж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж юм байна. Одоо байгаа жинхэнэ эзэн бол Женко Х.Баттулга юм байна. Ийм л хар пи-ар яваад байна шүү дээ. Тэгээд юу вэ гэвэл энэ гараараа алх цохиод төрд өгчихсөн чинь балай чөдөр болсон ч гэнэ үү, нөгөө мэнгэ нь дөнгө болсон гэдэг шиг нөгөө чөдөр болсон шүүх нь явуулахгүй байна гэнэ ээ.

Би нэг зүйлийг гайхаад байдаг юм. Монгол улсад хууль, шүүх гэж нэг юм байх ёстой. Шүүхийн дээр хэн ч биш, хөх тэнгэр байдаг. Шүүхийг, шүүгчийг томиллоо гээд шүүхэд нөлөөлж, нөлөөлсөн үг хэллэг ярьж болохгүй ээ. Миний бодлоор Улсын Их Хурал Эрдэнэтийн 49 хувийг авах ёстой байсан уу гэвэл авах ёстой байсан. Авах ёстой байсан болохоор ч тэр Ц.Элбэгдорж буюу Монгол улсын Ерөнхийлөгч рүү дайрч давшилсан үг хэлж л байсан.

Яг тогтоолоо батлах болохоор “Долоо хэмжиж нэг огтол” гэдэг шиг хэзээ ч шүүх дээр бүдрэхгүй, хэзээ ч хуулийн өмнө буруудахгүй тийм тогтоол батлах байсан. Улс төржиж биш, улсад хурааж авахад биш, зөвхөн улсад хурааж авах нь гоё оо гэж яриад байгааг нь ойлгохгүй байна. Миний хувьд улсад хууль зөрчсөн өмчийг нь нийгэмшүүлэх ёстой гэж яривал зөв. 1990 оноос хойш хөрөнгийг авдаг 3 аргатай болсон шүү дээ. 

1. Хөрөнгийг хэлэлцэж, тохиролцож авч болно.2. Аливаа хөрөнгийг хууль хяналтын байгууллагаар шалгуулж эсвэл шүүхээр тогтоолгож авч болно.3. Дайчлан авах. Энэ нь хууль зөрчсөн бол дайчлан авах эсвэл улсад зайлшгүй хэрэгтэй бол түүнийг нотлон дайчлан авах ёстой.

Тэгэхээр энэ үйлдлүүд хийгдээгүй Хөрөнгийн банкнаас авсан мөнгө, Монгол банкнаас авсан мөнгөнд нь суутгах талаар тохиролцоо хийгддэг тогтоол шүүдээ. Магадгүй 65 хүчтэй, чадалтай байгаа. Дөрвөн жил аймар мундаг тогтоол батлаад өгчихсөн, ард түмэндээ аваад өгчихсөн, улсад хураачихсан гээд ярьж болно. Улс гэдэг чинь дэлхий шүүдээ. Олон улсын шүүх, үндсэн хуулийн цэц, Монгол улсын шүүх байна. Улаан цайм хууль зөрчсөн бичиг байвал хүчингүй болгоно.

Тэрнээс биш энэ бичгийг хүчингүй болгож байгаа үйлдлийг шүүх нь дөнгө болчихжээ гэж ярьж байгааг бодоход маш аймшигтай нөлөөлөл орохвий гэж айж байна. 2000 онд Монгол улсад 72 суудалтай МАН намын бүхэл бүтэн засаглал барьж байсан үе бий. Тэр засаглалын хямрал явсаар байгаад 2008 онтой золгосон. Одоо 2016 онд дахин тэр 72 маань 65 болсон байна. Тэгэхээр бид өнөөдөр энэ болгон дээр долоо хэмжиж нэг огтолмоор байна аа. Яг үнэндээ агуу, хүчтэй байна гэдэг нь харьцангуй ойлголт. Сул дорой нэгнийг алдаа гаргасан байвал унагах амархан.

Тэрнээс биш авгай, хүүхнээр ч юм уу.... Доржзодов гэдэг хүний хувьд миний ойлгосноор гурван янз болчихлоо шүү дээ. Доржзодов байснаа Болд болчихлоо, Болд нь дээрэмчин болчихлоо. Тэгэхээр өнөөдөр хэн нэгэн нь ямар нэгэн гэмт хэрэг үйлдсэн бол зохих ялаа эдлэх ёстой. Зохих ялаа эдлээд дууссан бол юу ч хийж болно, хэн ч байж болно. Тэгэхээр энэ бохир, заваан үйлдлүүлийг би болохгүй гэж үзэж байна. Ардчилсан нам өнөөдөр 60 тэрбумаар шоудахын оронд ажлаасаа халагдсан бүх хүмүүсийн гомдлоо аваад тэр гомдлоо Авлигатай тэмцэх газар аваачиж өгөх ёстой. Өөрөөр хэлбэл намайг яагаад халсан юм бэ, би хууль зөрчөөд халагдсан бол гомдол гаргах эрхгүй.

Би МАХН намын гишүүн гэдгээрээ халагдсан бол би гомдол гаргах эрхтэй, Би өнөөдөр хувийн эздүүдийн гар хөлөөр, дарамтаар, магадгүй авлигынх нь золиос болоод ажлаасаа халагдсан бол би гомдол гаргах эрхтэй. Үгүй ээ, ингээд л яв л даа. Тэрнээс биш Доржзодов гэдэг хүнээ тойруулаад л 60 тэрбумыг ярьсан яриагүй, ярьсан яриагүй гээд л явахын. Ярьсан нь үнэн байх гэж би бодож байна. Ер нь яриад яадаг юм. Ардчилсан нийгэмд чинь юу ч ярьж болно шд, аймар баяжихын тулд 10, 20саяын хулгай хийх юмсан гэж ярьж болно шд. Хулгай хийчихсэн бол харин шоронд хийх ёстой. Тэрнээс биш хамран доорх хагархай гэдэг шиг хамаагүй ярьснаас нь болоод хүн болон намыг болох, болохгүй тухай яриад хэрэггүй ээ.

Үнэхээр тийм үйлдэл хийсэнүү гэдгийг нотлох бүрэн боломж та нарт байна. Өө нээрээ, сүүлийн үед манай Ганбаатай холбоотой янз бүрийн юм яригдаад байна аа. Нэмээд ч яригдана аа. Тэр ч байтугай тэр Нарантуулын ард талын цэцэрлэг нтр гээд яригдана. Яагаад гэвэл өнөөдөр хэн нэгэн хүн барилдая гэж байгаа бол унагаах мэхээ мэдээд л сонгодог шд. Тэрнийг үнэн үү, худал уу, буруу юу, зөв үү, болох уу, болохгүй юу гэдэг тухай та нар битгий бодол бол, битгийн толгойгоо гашилга.

Хамгийн гол нь энэ Монгол улс чинь тусгаар тогтносон, бүгд найрамдах, бүрэн эрхэт улс байхаар байна уу эсвэл бүлэглэлүүдийн дунд боолчлогдсон, бусдын мэдээллийн золиос болохыг хүсэж байна уу. Монгол улсад эрэн сурвалжлах сэтгүүлзүй байхаа больчихож, эвлүүлсэн зурагнуудын араас хоорондоо шөргөөцөлдөөд, үнэн худлын хов жив болчихож. Гайхамшигтай эрэн сурвалжлах сэтгүүлчид байсан юм аа.

Тэр хүмүүс чинь л өнөөдөр энэ яригдаад байгаа асуудлын хойноос явахаас биш Гантулга бид 2-ын компани шүүнэ гэж юу байхав дээ. Бүтэн жилжингээ хуралдаа суухгүй, Залуу уяадын холбоо гэж явж байснаа гэнэтхэн хурал гаргаад компаниудын тухай яриад байх юм. Тэр компани хууль бус байж болно, Женкогийн 40% байтугай 100% компани байж болно. Компанийн мэдээллийг авна гэдэг чинь хууль, дүрэм, журамтай, хууль хяналтын байгууллагаар тогтоодог болохоос удахгүй энүүгээр нэвтрүүлэг хийнэ ээ гэж ярьдаг Улсын их хурлын гишүүн байж болохгүй шүү дээ. 

Улсын их хурлын гишүүдээ би та нараас нэг зүйлийг уриалая. Та нар Улсын их хурлын гишүүн шүү. Тэрнээс биш улс төрийн намын гишүүн биш. Бид тангараг өргөсөн, бид танилдаа үйлчилдэггүй, бид тал засахгүй, нам харгалзахгүй, нэр дэвшигчдийгээ шударгаар өрсөрдүүлээд нэр дэвшигчдээ ялахад нь бид араас нь сүүгээ өргөж явна уу гэхээс ямар нэгэн байдлаар манай намын хүн гээд араас нь чаргууцалдаж явна гэж хэлэхгүй шүү.

Хэн ч байлаа гэсэн. Яагаад вэ гэвэл тэр нь Улсын Ерөнхийлөгч болох юм. Төрийн Ерөнхийлөгч болно оо гэдэг нь тэр хүнд нам хамаагүй, гаргаж өглөө баярлалаа гээд ганц өдөр шоудаж болно. Гэртээ хариад тэр хүн зангиагаа зүүж, цамцаа өмсөөд төрийн ажлаа хийнэ. Бүх намтай тэгш харьцана. Манай Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчтэй адил байж болохгүй шүү.

Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч Ардчилсан намтай хэдэн удаа уулзсаныг мэдэхгүй, Ардын намтай хэдэн удаа уулзсаныг би санахгүй байна. За надтай бол 8 жилийн хугацаанд 3хан удаа уулзсан. 3 удаа тааралдсан гэе даа. Уулзана гэдэг чинь улсаа яриад улс оронд юу тулгамдаж байгааг ярихыг хэлнэ. Би тааралдсан гэдэг нь Эрэдэнэтийн иргэдийг гавьяа шагнал, одон медалиуд нь дарагдаад гарахгүй, медалиуд нь удаад байгаа асуудлыг туслаач дэмжээч гэж явсан.

Тэгэхэд энэ хийрхэл, энэ балайрал чинь өнөөдөр доод түвшинд хүрчихээд байна. Бурхан минь. Цагдаа, прокурор нь өнөөдөр улс төрждөг болчихлоо. Шүүх нь улс төрждөг болчихлоо гэж нэр дэвшигчид нь ярьж байна. Цаашлаад цэрэг армиуд нь улс төржөөд эхлэх юм бол энэ улсад юу болох юм бэ? Тогтвортой төр байя гэж байгаа бол улс төржсөн мэдэгдэл, улс төржсөн аливаа шийдвэрүүдээ зогсооцгооёоо. Яагаад гэвэл улс төржилт ард түмэнд хэрэгггүй. Харин улс төрийг авч явах гайхалтай төлөвлөгөө, төсөл, улс орны төлөө гэсэн эх оронч сэтгэл бидэнд хэрэгтэй байна.

Оффшортой тэмцдэг бүлгийнхэн анх яаж гарч ирсэнийг санаж байна уу. АТОЗ гэж гарч ирээд л бичиг өгөнгүүт нь Ардын намынхан Ардчилсан намын Батзандантай зогсож байгаад л Оффшорын бүлэг байгууллаа гэсэн чинь өнөөдөр Аюурсайхан АТОЗ бол Женкогийн гар хөл, би Женкогийн оффшорыг илрүүлэхээр ажиллаж байна гээд л ярих юм. Залуучуудаа одоо болно оо, ямар олон нүүртэй юм бэ? Хүнд нэг л нүүр хэрэгтэй, зөвийн талд зогсдог ганцхан нүүр хэрэгтэй.

Зөв гэж бодож байгаа бол та хэн нэгэнд таалагдана уу, таалагдахгүй байна уу, танд өнөөдөр тааламжтай тааламжгүйгээс үл хамааран зоригтойгоор зарчимдаа бат зогсооч ээ. Монгол Улсад ганцхан оффшорчин байхгүй, лав 40 оффшорчин байгаа. Панам дээр гарсан бичгээрээ тийм л байгаа шд. Тийм учраас асуудлыг ингэж улс төржилт рүү оруулдагаа зогсооё оо. Улс орны нөхцөл байдал, зүүн хойд Азидаа нөлөө бүхий орон гэдгээрээ тодорхойлогдоод эдийн засагаа авч явах тухай яриад их өр тавьчихаад байна шдээ.

Аймшигтай өр тавьчихаад байна шдээ ард түмэн минь! 580 сая долларын их өр төлөх гэж хатуухан хэлэхэд чацга алдах шахсан шүүдээ. Хурууны бөгжөө тайлж өгөөд л, 100 сая төгрөг хандивлаад л, хаана хаанаас ч билээ цалингаа хандивлалаа гэсэн юм яваад байсан биздээ. 2 тэр бум долларыг БНХАУ-аас нэхээд авахгүй гээгүй, 2 жилийн дараа авна аа гээд хэлчихээд байгаа шд. Хойшлуулсанд БНХАУ-д, иргэдэд баярлалаа гэж хэлэе. Түүнээс биш өнөөдрийн дотор өгөх л ёстой мөнгө шд. Бид 22 их наядын өртэй сууж байна шдээ.

Тэрийг бид нар өнөөдөр 22 жилийн дотор төлөхгүй шдээ. Бид 3,4 жилийн дотор төлөөд явж байх ёстой шдээ. Өрөндөө баригдчихаад хоорондоо хэн нь ухаантай вэ гэж ярихаа больцгоогоочээ. Ухаантай хүмүүс Монголоор дүүрч, Монголоор битүү байна. Өчигдөр би янзыг нь үзээд гэх нь хайшаа юм. “Эр хүний жаргал эзэнгүй хээр” гээд биччихсэн чинь “н” үсгэн дээр лав 17 хүн жиргэж байна шд. Ийм тэнэг юм уу, ийм завтай юм уу гэхээр бид дэндүү завтай, залхуу байна. Бөөнөөрөө нам харгалзахгүй зөв хүмүүсээ дэмжээд зөв бодлогоо гаргаад явая аа, төртэй байя. Түүнээс биш тэр тэгсэн, энэ ингэсэн гээд хуйлраад явахаа больцгооё. 

18 хоногийн дотор хэнийг ч нотлож чадахгүй. Оффшортныг гаргаж ирээд, гэмт хэрэгтнийг барьж хориод, МҮҮН-ийхнийг илчлээд... иймэрхүү юм байдаггүй юм. Тийм байсан бол эртхэн хийгээд эрт гаргаад болиулахгүй яасан юм.

Эрх мэдэл 65т байж л байгаа шд. Бүтэн жил болохдоо төмөр замыг ярьснаас биш өөр сүртэй юм яриагүй шдээ. 1,1 тэрбум доллар ч гэх шиг, МҮҮН-ийн шашин ч гэх шиг. Тийм байлаа гээд одоо яах уу. Тэнэг хүнийг тэнэг гээд яахав дээ. Соёлтой нийгэмд өрсөлдөгчдөө муулахаар баярладаг юм. Яагаад гэвэл намайг 2 дахин рекламдлаа гэж. Нэг нь би өөрөө бодлогоо ярьжын, нөгөөдөх нь тэр хүн намайг муулаад миний авах ёстой 15 минутыг 30 минут болгоод надад ашигтай нөлөөлж байна гэж.

Соёлгүй, нөгөө Халтар царайт киноныхоо хэмжээнд сэтгэдэг болсон нийгэмд савлуулдаг юм. Тийм учраас би хорвоогоор дүүрэн тийм тэнэг, юм боддоггүй, хов живэнд дуртай, боловсролгүй хүмүүс байгаа гэж би бодохгүй байна. Гадаад дотоод явж, галуу шувууны мах идсэн, ядаж л дээд боловсролынхоо тоогоор хүн амынхаа тоогоор харьцуулахад дэлхийд дээгүүр бичигдсэн улсад олон хүмүүс байгаа шд. Ядаж л малч ухаантай тал шигээ сэтгэдэг Монгол ард түмэн шүүдээ бид нар.

Тийм учраас вакумчлагдсан ийм хүмүүстэй болгоомжтой хандаад, зөвхөн бодлого, хөтөлбөрийг, Монгол улсаа хөгжүүлэх гээд гарцаа яг яаж яаж гаргахыг, яаж хийвэл Монгол ялахыг, яавал эвтэй байх хөтөлбөрөө нэр дэвшигчид маань танилцуулаач ээ гэж би уриалж байна. Яагаад вэ гэвэл “Надад нэг л гарц байна” гэснээ яг ямар гарц вэ гэнгүүд шүүр бариад гүйгээд байх юм. Боль л доо. Монгол ялна аа л гээд байгаа мөртлөө яг яаж ялахыг харая гэхээр ташуур бариад харуулаад байх юм. Одоо боль л доо. Бид эвтэй байя, хагарал, хямрал 2оос больмоор байна гэчихээд л хамаагүй янз бүрийн юм хийгээд яваад байх юм. Ядаж л нэг нь Их хурлын дарга, нэг нь сайд байсан хүмүүс, нөгөөх нь нэг удаа ч гэсэн гишүүн байсан хүн шүү дээ. 

Тийм учраас Төр түвшин, Түмэн олон амгалан байхын төлөө шударгаар өрсөлдөөч ээ. Би өнөөдөр уншдаг, мэддэг учраас мөрийн хөтөлбөрийг нь уншаад харьцуулаад суугаад байна. Яагаад гэвэл би өнөөдөр МАХН намын Ерөнхийлөгчийг хүсэхгүй байна. Би Монгол улсын Ерөнхийлөгчийг хүсч байна. Монгол Ардын намын Ерөнхийлөгчийг хүсэхгүй байна. Монгол улсын Ерөнхийлөгчийг хүсч байна. Ардчилсан намын Ерөнхийлөгчийг биш ард түмний Ерөнхийлөгчийг хүсч байна. Тийм учраас агуу төрийн удирдагч байх алтан боломж та гуравт минь байна шүү. Гурвуулаа бодлогоор өрсөлдөөд ард түмэндээ гараад ирээч ээ. 

Та бүхэнд баярлалаа.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү