Нийслэлийн МАН-ын хороо Монголын Ногоон Намтай санамж бичиг байгууллаа
2017.04.28

Нийслэлийн МАН-ын хороо Монголын Ногоон Намтай санамж бичиг байгууллаа

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас жил бүрийн энэ сарын 27-ны өдрийг хөрсний бохирдлыг бууруулах, хөрс хамгаалах өдөр болгон зарласантай холбогдуулан нийслэлийн Монгол Ардын Намын хороо, Монголын Ногоон Намын Улаанбаатар хотын салбар зөвлөл хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Тус санамж бичигт Монгол Улсын Засгийн Газраас баталсан Ногоон хөгжлийн бодлого, Нийслэлийн Монгол Ардын Намын Аз жаргалтай хот мөрийн хөтөлбөр, Монголын Ногоон Намын Экологийн баримжаатай нийгэм эдийн засгийн тогтвортой хөгжил үзэл баримтлалын дагуу нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, агаар, хөрсний бохирдолыг бууруулах ба хогны менежментийг боловсронгуй болгоход анхаарч хамтарч ажиллах талаар тусгасан байна. 

Нийслэл хотын агаар, хөрсний бохирдол их байгаатай холбогдуулан НИТХ-аас тусгай төлөвлөгөө гарган ажиллаж байгаа ба бохиролдыг бууруулах чиглэлээр төрийн бус байгууллага болон олон улсын байгууллагуудтай хамтарч ажиллах нээлттэй бодлого барьж ажиллаж байна. Агаар, хөрсний бохирдол нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй байгууллага үйл ажиллагаа, иргэд оршин суугчдийн оролцоо маш чухал гэдгийг онцлон тэмдэглэлээ.

Нийслэлийн Монгол Ардын Намын хороог төлөөлж Дэд дарга С.Мөнхчулуун, Хэрэг эрхлэх газрын дарга Б.Мөнхжаргал, нийслэлийн хяналтын хорооны дарга О.Оюун, Монголын Ногоон Намаас Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Энхмаа, нарийн бичгийн дарга Б.Батбаяр, Э.Наранчимэг, ХУД-ын салбар зөвлөлийн дарга А.Ганбат нар оролцлоо.