О.Баасанхүү: Улс төрийн хорчин гэгддэг аргуудаар сонгууль дахихаар болчихоод байна
УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2017.06.28

О.Баасанхүү: Улс төрийн хорчин гэгддэг аргуудаар сонгууль дахихаар болчихоод байна

УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Та Сонгуулийн Ерөнхий хороонд ямар асуудлаар хандсан юм бэ?

-Монгол Ардын Хувьсгалт нам нэг суудал авч УИХ-д суудалтай болсны хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд оролцлоо. Өнөөдөр ард түмэн МАНАН бүлэглэлд дургүй гэдгээ илэрхийлж, 409 мянга гаруй хүний санал унасан байна. Энд гурван асуудал ойлгомжгүй байна. Нэгдүгээрт, 22 цагаас хойш арав гаруй мянган хүний санал огцом унасан, телевизээ гэнэт унтраасан, алслагдсан аймаг, сум багаас ирсэн саналыг сүлжээгүй гэдгээр шалтаглаж байна. Тиймээс энэ саналыг гараар дахин тоолох ёстой.

Бүх намын төлөөллийг байлцуулаад тоолвол манай намын санал нэмэгдэнэ. Нэмэгдэх ч үндэстэй. Хоёрдугаарт, дахин санал хураалтыг долдугаар сарын 9-ний өдөр хийнэ гэнэ. Энэ нь сонгуулийн хууль зөрчиж байна. Сонгуулийн тухай хуулийн 104-т дахин санал хураалтыг 14 хоногт хий гэж байгаа юм. Шийдвэр гаргасан өдрөөс долоо хоногийн дотор явуулж дуусга гэж заасан байдаг. Тэгэхээр долдугаар сарын 4-нд сонгуулийг дуусгах ёстой. МАХН саналаа луйвардуулсан, дахин санал хураалтын товыг хүчингүй болго гэсэн шаардлага тавьж байгаа.

-Долдугаар сарын 9-нд санал хураалт явуулвал ирц бүрдэхгүй байх магадлал өндөр гэдгийг намууд хэлж байна. Тэгэхээр дахин сонгууль явагдана гэсэн үг үү. Хуулийн хугацаа нь болж байгаа юм уу?

-Нэр дэвшигчид 50-иас илүү санал авахгүй байлаа гэхэд дахин санал хураалтыг хүчингүй болгоод, УИХ-аас дараагийн сонгуулийг долоо хоног дотроо товло гэж заасан байдаг. Товло гэдэг нь наймдугаар сар ч байж болно, есдүгээр сар ч байж болно. Тэгэхээр долдугаар сарын 10-ны дотор бүх юм дуусах ёстой байтал долдугаар сарын 9-нд санал авна гэж байна. Энэ бол боломжгүй. УИХ долдугаар сарын 10-нд хаврын чуулганы хаалтаа хийнэ.

-Сонгуулийн Ерөнхий хороо хуулиа мэдэхгүй байна гэж байхгүй. Санаатайгаар зохион байгуулж байна гэж харж байна уу?

-Энэ хэний сонирхол юм бэ? МАНАН бүлэглэлийн сонирхол. МАНАН бүлэглэл гэдэг нь МАН-д, АН-д ч, манай намд ч байгаа. Энэ намын нэрийг ашиглаад олигархи бүлэглэлүүд оффшор дансандаа мөнгөө нуугаад, өнөөдөр Оюутолгой, Тавантолгой, Эрдэнэтийг хувьдаа завших гэсэн явуулга харагдаж байна. Ингэхийн тулд хуулийг өөрсдөдөө ашигтайгаар тайлбарлаад, дараагийн санал хураалтыг хүчингүй болгоод, дахин сонгуулиар жинхэнэ МАНАН бүлэглэлийн гурван хүн гарч ирэх гэж байна уу гэсэн хардалт байна. Сонгуулийн Ерөнхий хороо тав, зургаахан хэсгийн хорооны саналыг тоолоод үзүүлчих. Бүх хороодын саналыг тоольё гээгүй шүү дээ.

-Сонгуулийн Ерөнхий хороо 50 хувьд нь гараар тоолсон гэсэн мэдээлэл өгсөн шүү дээ?

-50 хувьд нь гараар тоолчихсон гэсэн мэдээллийг эд нар өгөөд байгаа юм. Тэр саналын хуудсуудаа хурдхан битүүмжлээч ээ, бид хамтдаа гараар тоолъё.

-Шаардлагын хариугаа хэзээ авах вэ? Ганцаараа шаардаад үр дүн гарах болов уу?

-409 мянган хүний өмнөөс шаардаж байна. Хууль зөрчсөн аливаа үйлдэл явдаггүй л байхгүй юу. Зарим хүмүүс М.Энхболд луйвардчихлаа, Н.Баттулга ингэчихлээ гэж ярихаа боль. Асуудал нь энэ гурван нэр дэвшигчид байгаа юм биш. Энэ гурван нэр дэвшигчийн алийг нь ч ялуулахыг хүсэхгүй байгаа. М.Энхболд даргыг зориуд унагаах гэж оролдож байна гэж харж байна.

-Таны хэлснээр МАНАН бүлэглэлд дахин санал хураалт ч биш, дахин сонгууль явуулах сонирхол байна гэж харж байгаа юм уу?

-Тэгж харж байна. Энэ тогтоол чинь Үндсэн хуулийн цэц дээр унана. Үндсэн хуулийн цэц дээр унасан тогтоолын дагуу дахиж сонгууль явуулна гээд байж байгаа шүү дээ. Шийдвэр гарснаас долоо хоногийн дотор сонгуулиа явуулж дуусга гэж байгаа юм. Эхний шатны сонгууль ард түмнээс, хоёр дахь шатны сонгууль УИХ-аас, гэтэл УИХ дээр сонгуулийн хорооны тогтоолыг баталгаажуулах бололцоогүй болгож байна. Долдугаар сарын 9-нд сонгууль явуулахад хэд, хэдэн эрсдэл байна. Нэгдүгээрт, аймгуудын наадам болно. Ирц хүрэхгүй байх магадлалтай. Хоёрдугаарт, 400 гаруй мянган хүн дургүйцээд саналаа өгөхгүй байх магадлалтай. Гуравдугаарт, ажлын өдөр зарлах ёстой гэсэн хуультай. Гэтэл дахин санал хураалтыг амралтын өдөр зарлачихсан. Энэ бүхнийг ҮХЦ дээр унагаах зорилготой байна. М.Энхболдод, Х.Баттулгад, С.Ганбаатарт дургүй МАНАН бүлэглэл чинь хошин шог тоглож байна гэж хараад байна.

-СЕХ гар, хөл нь болсон гэж хэлэх гээд байна уу?

-Сонгуулийн Ерөнхий хороо тэдний гар, хөл болсон байна. Зориуд унахаар тогтоол гаргасан. Цэц дээр унана шүү дээ. Шийдвэр гарснаас долоо хоногийн дотор УИХ хуралдах ёстой. Гэтэл тийм хугацаа байхгүй. Ийм эргэлзээтэй зүйлүүд байна. 9-нд саналаа өгөөд 10-нд Ерөнхийлөгч тангаргаа өргөнө гэж байхгүй. Үнэхээр эмгэнэлтэй юм болж байна.

-Танай намаас нэр дэвшсэн С.Ганбаатар нэлээдгүй санал авлаа?

-Хэн ч байсан өндөр санал авна. МАНАН бүлэглэлээс болоод 27 жил ядуу, зүдүү явж байна. Харин ч С.Ганбаатараас илүү хүчтэй нэр дэвшигч орж ирсэн бол ялах байсан.

-Сонгуулийн өмнөх авлигын хэргээс болоод нэрийг нь татна гэх зэрэг мэдээллүүд саналын тоонд нь нөлөөлсөн болов уу?

-Нэрээ татдаг хэн байхав дээ. Харин нэрийг нь татна гэдэг бол шүүх шийддэг. Шүүх буцааж байна гэдэг бол худлаа байна гэсэн үг. Энд шүүх засаглалыг барьж байгаа нэг л хүн бий. Тэр хүний хийж байгаа тоглолт. Юу бодож ийм тоглолт хийгээд байгаа юм бол, гайхаад байна. Би илэн далангүй хэлье. Улс төрийн хамгийн аймаар хорчин төлөвлөгөөг хийдэг гурван хүн байдаг. Ц.Элбэгдорж, С.Баяр, Н.Энхбаяр дарга гурав. Тэдэнд л ийм санаа гарч ирнэ. Яагаад гэвэл улс төрийн хорчин гэгддэг аргуудаар сонгууль дахихаар болчихоод байна гэж хараад байна. Би гэхдээ энэ гурвын хэн нь хийснийг мэдэхгүй байна. 

-Хэрвээ сонгууль дахивал Н.Энхбаяр дарга нэр дэвших боломжтой юм уу?

-Яагаад байж болохгүй гэж. Хуулиндаа бололцоо нь орж ирсэн бол хэн ч дэвшиж болно. Гэхдээ Н.Энхбаяр даргыг ийм үйлдэл хийсэн гэж би итгэхгүй байна. Энэ бол МАНАН бүлэглэл толгойлогчоо гаргах гээд Оюутолгой, тавантолгой зэрэг стратегийн орд газруудыг хулгайлах гээд явуулж байгаа башир арга. Тэрэнд нь М.Энхболд, Х.Баттулга нар ч мэдэхгүй орчихоод байна. Тэд нар хөшигний ард суугаад хөзөр тоглоод байна.

СЭТГҮҮЛЧ Ж.ГАНАА