Ж.Бат-Эрдэнэ: Системийг өөрчлөөгүй цагт мах экспортод гарахгүй
Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэгдэж буй Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн талаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.
-Малыг эрүүл байлгах гарц гаргалгааг шинэ хуульд ямар байдлаар оруулж байна вэ?
-Монгол Улс бол хөдөө аж ахуйн орон. Улсын эдийн засагт хөдөө аж ахуй маш том байр суурийг эзэлдэг. Тиймээс энэ чиглэлээр малаа эрүүлжүүлэх, ашиг шимийг нь хүртэх, сайжруулах бол монголчууд бидний том зорилт. Үүнийг хийхэд хаалт, саад тотгор болж буй зүйл бол малын эрүүл мэнд. Монголчууд 60 сая малтай, эрүүл агаартай, эко орчинтой гэж ярьдаг мөртлөө бодит амьдрал дээр мал гадагшаа зарагдах, борлогдох ямар ч боломж бололцоо, нөхцөл алга. Нэг ёсондоо, зүгээр л мал бол бэлчээж, нүдээ баясгадаг зүйл болчихлоо. Үүнийг өөрчлөхийн тулд хамгийн түрүүнд мал эмнэлгийн тогтолцоог өөрчилж, чанаржуулах ёстой.
Мал эмнэлгийг чанаржуулах тал дээр босоо тогтолцоог Мал, амьтны эрүүл мэндийн хуульд түлхүү оруулах нь зөв гэж үзэж байгаа. Мал эмнэлгийн хувийн байгууллагуудыг удирдаж хянаж төлөвлөгөөг нь баталж өгдөг Мал эмнэлгийн тасгийн суманд байгуулна. Мал эмнэлгийн тасаг нь аймгийнхаа Мал эмнэлгийн эрүүл мэндийн газартай уялдаа холбоотой ажилладаг. Тэр нь дээшээгээ мал амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн байгууллага буюу сайдынхаа өмнө хариуцлага хүлээдэг байх ёстой юм.
-Хуулийн төсөлд малчдын санаа бодол хэр туссан бэ. Мөн мал эмнэлгийн босоо тогтолцоог бий болгохоор хариуцлагын асуудал хэрхэн хөндөгдөх вэ?
-Ер нь мал эмнэлэг гэдэг олон улсын хэмжээнд онцгой обьект. Малын эрүүл мэнд ард иргэдийн эрүүл аюулгүй хүнс хэрэглэхтэй холбоотой учраас мал эмнэлгийн болон мал эрүүл байх асуудал Монгол хүний эрүүл байхтай салшгүй холбоотой. Хүнийхээ эрүүл мэндийг харж байгаа систем, журмаараа малын эрүүл мэндийг дээрээс нь доош босоо тогтолцоотой байлгая гэж байгаа юм.
Малчидтай уулзаж санаа бодлыг нь сонсохоор төрийн томоохон тогтолцоотой больё гэж байна. Энэ нь төрийн бодлоготой байж хариуцлага яръя. Хувийн хэвшлийнхэн арай задгай байна гэсэн үг.
-Хууль хэрэгжээд эхлэхээр хөрөнгө мөнгө, орон тоотой холбоотой асуудал гарч ирнэ. Үүнийг хэрхэн зохицуулах вэ?
-Хуулийг хэрэгжүүлэхэд маш их бэлтгэл ажил хэрэгтэй. Хөрөнгө мөнгөний асуудал маш их яригдана. Анхан шатны байгууллага дээр урьд нь нэг хүнтэй байсан бол шинэ хуулиар хоёр хүнтэй Мал эмнэлгийн тасаг бий болгох учраас хөрөнгө шаардлагатай. Мал эмнэлгийн байцаагч, малын өвчний тархалтад судалгаа хийж бүртгэж дүгнэдэг хүний орон тоог нэмж байгаа. Ингэж байж хариуцлага ярих боломжтой болно.
Хуучнаар бол сумын тасаг дээр ажиллах хүнийг сумын Засаг дарга томилж цалинг нь өгдөг байснаас болж дээд шатнаас ирж байгаа тушаал шийдвэр биелдэггүй байсан. Шаардлага тавьж хариуцлага тооцож чаддаггүй байсан. Тиймээс үүнийг халж шинэ тогтолцоог бий болгохыг зорьж байгаа юм.
-Малыг эрүүлжүүлнэ гэж янз бүрийн тарилга хийдэг. Малын эмийн талаарх мэдээлэл малчдад хомс гэдэг асуудлыг малчдын зөвлөгөөний үеэр хөндөж байсан. Энэ асуудлыг хуульд хэрхэн тусгаж байгаа вэ?
-Малыг эрүүлжүүлнэ гэж янз бүрийн тарилга туулга хийдэг асуудлыг хувийн хэвшлийн нуруун дээр хаяад анзаарахгүй орхисноос доод шатандаа замбараагүй байдал үүссэн байна. Нөгөө талаас хувийн хэвшлийнхэн нуруундаа аваад явж байгаа нь буруу биш. Харин зөв залж жолоодох хэрэгтэй. Энэ жил танай суманд ямар хэмжээний вакцин хийж ямар үйлчилгээ үзүүлэх ёстой юм гэдэгт үүрэг хүлээж бүх асуудлыг тодруулдаг, хянадаг, төлөвлөгөөг нь гаргадаг болно.
Өгсөн үүрэг даалгавраа араас нь шалгаж дээд шатны байгууллагад тайлагнах ёстой. Гэтэл ийм бүхэл бүтэн систем нь тасарч ажиллахаа больчихоод байна. Малын эмийн зохистой хэрэглээг мөрдүүлэх эрх зүйн орчныг сайжруулах замаар малын гаралтай бүтээгдэхүүнд тавигдах хүнсний аюулгүй байдлын шаардлагыг хангах юм.
-Малын халдварт өвчний тархалт малчдын хариуцлагатай холбоотой. Малчдад хүлээлгэх хариуцлагын асуудлыг ямар байдлаар тусгах вэ?
-Мал өвчингүй байх, эрүүл бүсийг бий болгоход хамгийн чухал зүйл бол шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах явдал. Гадны жишээг харж байхад бэлчээрээр нь малаа хашиж өвчнийг дамжуулахгүй арга хэмжээг авдаг юм байна. Ер нь малыг эрүүл байлгаж, өвчнийг халдаахгүй байх л хамгийн чухал. Хэрэв хонио ачаад хот руу оруулж зарахаар болж мал эмнэлгийн байцаагчаасаа “Энэ хүний мал эрүүл” гэсэн бичгийг заавал авах ёстой. Энэ бичгийг болон ямар мал хаанаас ачаад явж байгааг замын пост болгон шалгана.
Хоёрдугаарт, малчид хуц ухна хоорондоо худалдах, солилцох бол миний мал эрүүл гэсэн бичгийг заавал байцаагчаас авдаг болно. Байцаагчаас бичиг авахын тулд малаа бүртгүүлнэ гэсэн үг. Бүртгэлтэй малд халдварт өвчин байгаа эсэхийг орон тооны ажилтан үзэж судалгаа дүгнэлт хийх юм. Ингэж байж энэ хүний ачиж яваа 100 мал эрүүл гэсэн бичгийг хийж өгнө. Энэ систем рүү орох юм. Малчид малаа бүртгэлд нь хамруулж судалгаандаа орж тарилга туулганд нь хамрагдаж бичгээ авах үүрэг хүлээж байна.
-Мал эмнэлгийн салбарын систем өөрчлөгдсөнөөр мах экспортлох гарц хэрхэн нээгдэх вэ?
-Систем нь буруу байгаа учраас мах гадагшаа гарахгүй байна. Олон улсын мал эмнэлгийн байгууллагаас маш олон дүгнэлт өгч байгаа. Танайх систем нь алга гэж байна. Жишээ нь, мал эмнэлгийн ерөнхий эмч буюу хамгийн дээд албан тушаалын яаманд ажиллаж байгаа хүн малынхаа эрүүл мэндийг мэдэхгүй. Мэргэжлийн хяналтын байгууллага дундуур нь ороод байна гэсэн асуудал яригдаж байна. Энэ мэтээр доод талынх нь систем тасарчихаад байна. Тиймээс Мал амьтны эрүүл мэндийн хуульд Мэргэжлийн хяналтын байгууллага ямар асуудлыг хариуцах, мал эмнэлгийн асуудал хариуцсан сайд ямар ажил хийх юм гэдгийг тусгайлан зохицуулсан.
Хэн ямар хяналт тавихыг нь ялгаж салгасан. Уг нь нэг хонь, нэг хурганы эрүүл байх асуудал мал эмнэлгийн асуудал хариуцсан сайдтай холбоотой байх ёстой юм. Мөн бүх малын бүртгэлийг хийхгүйгээр монгол мал экспортод гарахгүй. Бүртгэлжүүлэхэд нэлээд хүндрэл үүсэх байх. Гэхдээ зайлшгүй хийхгүй бол жилд арван сая малаа өөрсдөө нядалж идэхээс цааш гарахгүй.
Мөн Мал, амьтны эрүүл мэндийн хуулийн үйлчлэх хүрээнд мал эмнэлэг, хорио цээр, хязгаарлалтын хяналт, шалгалттай холбогдон үүсэх харилцааг оруулахаас гадна, хуулийн нэр томьёонд “мал”, “тэжээвэр амьтан” гэсэн тодорхойлолтыг ялгасан. Мал эмнэлгийн тогтолцооны анхан шатны байгууллагад шинэ мэргэжилтэн, залуу боловсон хүчин очиж ажиллах хүсэл сонирхлыг нэмэгдүүлэх, хүний нөөцийг чадавхжуулах саналууд ч гишүүдээс гарсан.
С.Уянга