О.Баасанхүү: Миний урам их хугарч байна
Эрхэм гишүүнтэй Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн форумд оролцож байх үеэр нь уулзаж ярилцсан юм. Бидний яриа улс төр, эдийн засаг, ёс суртахуун, одоо болж буй Ерөнхийлөгчийн сонгууль гэх мэт олон сэдвээр өрнөсөн юм. Уншигч та сонирхон уншаарай.
-Тантай энд тааралдах сонин байна. Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж буй энэ үед, энгийн ахуйн хэллэгээр бол ид сааль сүүний цагаар Та энд юу хийж явна вэ?
-Та хэрэв санаж байгаа бол би чинь Орхон аймгийн 47 дугаар тойрог буюу ГОК-ын тойрог гэж онцлогддог тойрогийг төлөөлж УИХ-д сонгогдсон гишүүн шүү дээ. Монголын улсын эдийн засгийн хөгжил хийгээд Орос-Монгол хоёр орны найрамдалт харилцааны гол тулгуур бүс нутаг учраас манай тойргийг ГОК-ын тойрог гэж онцолдог. Энэ бүс нутгийн төлөөлөл учраас энэ Санкт-Петербургийн форумд Ерөнхий сайдын ажлын гурппт орж ажиллаж байна.
Төмөр замын асуудлаар хувь нийлүүлсэн компанийн захиралтай уулзах гэх мэт олон чухал уулзалтууд болж байна. Эрдэнэтээс Овоотын чиглэлд шинэ төмөр зам барих асуудал яригдаж байгаа. Тэгэхээр тойргийн гишүүний хувьд анхаарлаа зайлшгүй хандуулах шаардлагатай. Дээрээс нь Эрдэнэтийн 49 хувь зарагдсан асуудал дээр оросын тал ямар байр суурь, бодол сэтгэгдэлтэй байгааг сонирхох шаардлага байна.
-Энэ сэдэв ер нь уулзалтууд дээр хөндөгдөж байна уу?
-Албан ёсоор бол хөндөгдөөгүй.
-Арбитрын шүүхэд манай Засгийн газрыг өгөх гэнэ гэх мэдээлэл явж байгаа. Энэ талаар та асууж сураглав уу?
-Тэрийг би хэлж мэдэхгүй байна. Эрдэнэтийн энэ 49 хувийг монголд авчирсанд нь бол хүн болгон баярлаж байгаа шүү дээ. Анзаарч байхад оросууд бол зарсандаа маш их харамсаж байгаа юм билээ. Хамгийн тэнэг шийдвэр гэж өөрсдөө албан бус яриа хөөрөөн дээр тэрийгээ ярьж байгаа. Гэвч дэндүү дээд төвшинд шийдэгдсэн болохоор бид юу хэлэх вэ дээ гэх хүмүүстэй нэг бус таарсан. Ахин хэлэхэд энэ нь албан бус сэтгэгдлүүд шүү. Энэ дундаас бодоход монголд авчирсан нь бол сайн явдал. Харин зүгээр санхүүгийн тодорхой пирамид тойрсон хуйвалдаан явагдсан асуудал байгаа бол тэрийгээ хууль хяналтын байгууллагууд нь тогтоох ёстой.
Монголын ард түмэн тэр дундаа Эрдэнэтчүүдийн хувьд энэ 49 хувийг монголын Төрд авах ёстой гэсэн байр суурь маш өндөр хувьтай байсан. 2013 оноос хойш л энэ сэдвийг тойрч ярьцгаасан шүү дээ. Одоо л хүмүүс энэ юу болчихов гээд шуугиад байгаа болохоос та хэрэв санаж байгаа бол би тантай өмнө нь ярилцаж байхдаа энэ сэдвийг байнга хөнддөг байсан. Процесс явж байгаа гэдгийг өөрөөсөө хамаарах, өөрийнхөө мэдэж байгаа бүх хүрээнд олон түмэнд нээлттэй мэдээлж ирсэн. Аливаа хөрөнгийг авдаг гурван арга бий. Хэлэлцээрийн аргаар, шүүхийн арга буюу хуулийн аргаар, гуравдугаарт, дайчлах арга.
Сая бол МАН-ын 49 гишүүн бол дайчлан авахдаа хэлэлцээр хийе гэдэг тогтоол гаргачихсан. Уг нь бол дайчилж авч байгаа бол хэлэлцээргүй шууд авдаг. Энэнээс болоод асуудлууд нэлээд их сунжирч байгаа. Тэртээ тэргүй тухайн шийдвэрийг 49 гишүүн гаргаж байна гэдэг нь үнэмлэхүй олонх гаргаж байгаа гэсэн үг. Тийм болохоор миний хувьд тэр хууль тогтоомжийнх нь тал дээр л тодорхой эргэлзээ байгаа болохоос биш үнэндээ монголын ард түмэн бол Төр өөртөө авах нь зөв гэдэг дээр хатуу итгэл үнэмшилтэй байгаа шүү дээ.
-Петербургийн олон улсын эдийн засгийн форум их залуу форум боловч жилээс жилд алдаршиж байгаа. Энэ жил Монгол улсын хувьд албан ёсны байр суурьтай оролцож байгаа. Форумын индрээс манай Ерөнхий сайд их чамбай, сайн үг хэллээ гэж ажиглагчийн хувьд харсан. Та албан ёсоор төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орж ажиллаж байгаа хүний хувьд манай оролцоог хэрхэн авч үзэж байна вэ?
-Бид бол хойд урд хөрштэйгөө тодорхой хүлээн зөвшөөрөгдсөн төвшинд, харилцан ашигтай ажиллах ёстой. Энэ форумд оролцохоос өмнө Ерөнхий сайд “Нэг бүс нэг зам” гэдэг уулзалтад Хятадад эдийн засгийн форумд оролцоод ирсэн. Дараа нь Орос улсад ирж байгаа нь нэг талаасаа маш их ач холбогдолтой.
Гэхдээ нөгөө талаасаа аваад үзэх юм бол бидний хувьд өнөөдрийн энэ тодорхой уулзалт яриануудаа практик төвшинд яг тодорхой чиглэл өгөөд хэлэлцээрийн төвшин рүү яаралтай аваачих ёстой. Түүнээс ерөнхий сигнал өгөөд л буцаад баймааргүй байна. Бас сонгууль дөхсөн энэ үед улс төрийн оноо түлхүү харж эдгээр арга хэмжээнүүдийг тооцож хөдөлж байгаа болов уу ч гэж би бас дотроо харж байгаагаа нуухгүй. (инээв)
-Нэгэнт тантай уулзсаных удахгүй болох монголчууд бидний хувьд маш чухал сонгуулийн талаар байр суурийг тань асуумаар байна?
-Та хаа байсан энд ирчихээд ярилцлага авъя гэж хөөцөлдөж байхыг бодоход Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар сонирхож байгаа нь ойлгомжтой л доо.
-Ганцхан энэ асуудал ч биш л дээ?
-Би таныг мэднэ дээ. (инээв)
-Ер нь бол сэтгүүл зүй ядарсан цөөнхийн өмөг түшиг байх ёстой юм л даа. Тэр үүрэг бас байна шүү дээ.
-Ядарсан цөөнх гэж нээрээ яасан сонирхолтой нэр вэ. (инээв) Яг надад тохирсон нэр байна.
-Та бол энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд гурав дахь өрсөлдөгчийг оруулж ирж байгаа чухал гүүр юм. Танай намын хувд бэлтгэл ажил хэр хангагдсан бэ. Та нэр дэвшигчдээ сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн байсан?
-Сонгуулийн сурталчилгааны явцад намууд мөрийн хөтөлбөрөө гаргаж өрсөлдүүлнэ. Ялангуяа геополитек дээр баримтлах байр сууриа их тодорхой гаргаж тавих ёстой гэж би бодож байна. Өнөөдрийн хувьд парламентад МАН 65 суудалтай, үнэмлэхүй олонх болчихсон ажиллаж байгаа энэ үед Монгол улсын Ерөнхийлөгч юу хийж чадах вэ гэдгийг нухацтай харах ёстой.
Жишээ нь, хуульд байгаа эрхээрээ хориг тавилаа гэхэд 25 гишүүний дэмжлэг авч байж тэр хориг хүчин төгөлдөр болдог. Дотоод дахь эв нэгдэл гэдэг сэдэв дээр ч юм уу, хууль хүчний байгууллагуудын үйл ажиллагаанд оруулах өөрчлөлт шинэчлэлтийн бодлого ч гэдэг юм уу ийм сэдвийн ажлууд дээр ажиллая гэхэд хэцүү.
Дөрвөн жил гэдэг бол нэг талаас урт юм шиг атлаа их богинохон хугацаа шүү дээ. Тэрний гурван жилд нь энэ парламенттай ажиллана. Өнөөдөр МАН-ын үнэмлэхүй олонх буюу 65-ын бүдүүн бүлэг ажиллаж байгаа ийм үед Монгол Улсын Ерөнхийлөгч юу хийж чадах вэ гэдгийг бид харах ёстой юм. Энэ үлдсэн гурван жилд нь МАН-ын гишүүдтэй л хамтран ажиллах шаардлага гарна. Үүнийг хангаж чадах Ерөнхийлөгчийг сонгох сонголтын өмнө бид зогсож байна шүү дээ.
-Танай намын хувьд нэр дэвшигчээ тодруулах бодлогон дээрээ жаахан хариуцлагагүй хандчихав уу гэх хүмүүс олон байна?
-Би бол өөр хүн санал болгосон. Та бүхэн мэдэж байгаа. Би бол Л.Эрдэнэчулуун гуайг санал болгосон.
-Танай намын гишүүн биш биз дээ?
-Уучлаарай, ерөөсөө манай нам, танай нам гэж ярихаа больцгооё л доо. Тэгэх үү. МАН нам ч манай нам, МАХН ч манай нам. (инээв) Яршиг зүгээр энэ бодлогод яаж оролцох ёстой юм гэдгээ л ярья л даа.
-Тийм үү, зарчим энэ тэр бол жаахан хойшоо тавигдах юм уу?
-Зарчим бол харин тодорхой байх ёстой. Өнөөдөр 22 тэрбум долларын өрөнд орчихсон байгаа энэ үед бүр тодорхой байх ёстой шүү дээ. Монгол улс Парисын клубт дуудагдах гээд, дефольт зарлуулчих шахаад, арай гэж ОВУС-д орсон байгаа энэ үед өнөөдөр Монгол Улсын төрийн тэргүүн гэдэг энэ хүн онцгой хариуцлагатай байх ёстой. Онцгой шүү. Тийм ч учраас би илүү зарчимтай хандах ёстойг сануулсан, өөрөө зарчимтай хандсан. Тийм учраас би Н.Энхбаяр дарга өөрөө мэдэж байгаа биз дээ гэж дотроо бодоод л явж байсан. МАХН гэдэг нам энэ Ерөнхийлөгчийн сонгуульд орох квотыг сонгогчдоосоо олж ирсэн хүний хувьд энэ сонголтыг хариуцлагатай хийгээсэй гэж үнэхээр хүсч байгаа.
-Хүсч байсан гэнэ биз дээ?
-Одоо ч гэсэн би хүсч байгаа. Намаа бол Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохыг би шаардаж ирсэн хүн ш дээ. Дэвшүүлсэн кандидатын хувьд би сэтгэл дундуур байгаа.
-С.Ганбаатар гэдэг хүнийг дэвшүүлэх юм бол намаасаа гарна гэж та мэдэгдсэн байсан уу?
-Та сэтгүүлч хүн. Бүх юмыг баримттай ярих хэрэгтэй. Би энэ асуудал дээр байр сууриа илэрхийлэхдээ юу гэж хэлсэн бэ гэвэл “Манай удирдлагууд намайг намаас гаргахад битгий хүргээчээ” гэж хэлсэн шүү дээ. Яагаад гэвэл миний урам үнэхээр хугарч байгаа байхгүй юу. Яагаад гэвэл өнгөрсөн дөрвөн жил 11 гишүүнтэй парламентад орж ирсэн, бүлэг байгуулсан, Засгийн газарт орж ажилласан гээд энэ бүх амжилтуудыг үгүй хийчихлээ. Энэ удаагийн парламентад ганцхан гишүүнтэй орж ирсэн явдал миний хувьд үнэхээр гунигтай явдал. Би үүнд маш их харамсаж байгаа. Одоо энэ Ерөнхийлөгчийн сонгуульд ч хариуцлагагүй хандаад байгаад нь миний урам хугарч байна. Урам хугарснаа л би шууд илэрхийлж байгаа. Түүнээс биш хүүхэд шиг өнөөдөр гарна, маргааш орно гээд явдаг хүн би биш шүү дээ.
-Уучлаарай гишүүн ээ, танаас тодруулах өөр нэг зүйл байна. Сонгуулийн явцад аливаа асуудлыг нягтлах бололцоо бараг олддоггүй. Таныг энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч тодруулах асуудал дээр Н.Энхбаяр даргаас тодорхой тохиролцоо шаардсан гэх юм. Гадаад дотоодод байгаа үл хөдлөх хөрөнгөнөөсөө өг гэсэн гэнээ. Мөн бусад намын нэр дэвшигчтэй тодорхой харилцаа холбоотой ажиллаж байгаа ч гэх юм уу. Иймэрхүү баталж нотлоход хэцүү аман яриа их тарж байна. Та үүнд нэг хариу өгөхгүй юу?
-(инээв) Миний хувьд энэ хорвоо дээр хүний туулах амьдралаас илүү үнэ цэнэгүй эд хөрөнгөнд шунаж амьдардаг хүн биш. Хүний амьдрал, хүний хувь заяа надад хамгийн үнэтэй. Надад тийм шуналын сэтгэл байдаггүй. Хүн баян ядуугаасаа хамаарахгүйгээр өдөрт гурван удаа хоол идэх юм биз. Долоо хоногт таван цамц л солино биз. Надад илүү юм хэрэггүй. Энэ бүх яриа худал гүтгэлэг. Хоосон хардалт. Тэр байтугай Н.Энхбаяр даргын тойрон хүрээлдэг хүмүүс нь ч гэсэн миний тухай зөндөө юм ярьдаг л юм билээ. МАН-ын гишүүд хүртэл намайг янз бүрээр харддаг юм билээ. Би санаж л байна. Жишээ нь, Хөвсгөлийн Л.Энх-Амгалан гишүүн намайг жийп авсан гэж хэлсэн.
-Хэнээс?
-Женко Баттулгаас. (инээв) Гэх мэтчилэн олон л гүтгэлэг дунд амьдарч байна. Одоо энэ солиорлуудаа больцгоогоочээ. Хэн нэгнээс хараат амьдарч, хэн нэгнээс бохир мөнгө авдаг бол өөрсдөө л тэд нар авдаг байх. Өөрсөд шигээ намайг битгий бод гэж би тэдэнд хэлээд байгаа юм. Үнэхээр намайг энд тэндээс юм авсан гээд баталж чадвал би тэрийг нь 10-аар үржүүлээд өгчихье гээд байгаа ш дээ. Тэгээд дээрээс нь УИХ-ын гишүүнээсээ татгалзаад, хууль хяналтын байгууллагад нь өөрөө очоод шалгуулна гэдгээ илэрхийлсэн.
Энэ бүх явган яриа, балай хов жив, хардлага сэрдлэг, гүжирдлэгээ болиочээ. Энэ чинь монголын улс төрийг бүхэлд нь үнэ цэнэгүй, бохир харагдуулаадбайгаа юм шүү дээ. Ийм байсаар л байвал ард түмэндээ улам л хүндлэгдэхээ болино. Би хэвлэл мэдээллийнхэнд ч урам хугарч байгаа.
УИХ-ын сонгуулийн үеэр болсон явдал л даа. Манай Эрдэнэтэд нэг хөгжлийн бэрхшээлтэй хүн байдаг байхгүй юу. Хэнд ч ямар ч гэмгүй. Хүмүүст их хайрлагддаг. Тэгсэн тэр хүний нэрээр фэйсбүүк нээгээд намайг доромжилсон. Худлаа гүтгэсэн. Тэр хүн хувь заяаны зовлонгоор бүрэн чадамжгүй болчихсон хүн байхгүй юу. Тэгтэл тэр хүний нэрээр тэгж тоглож байгаа юм. Тэгсэн тэрийг нь сэтгүүлчид аваад хэвлэл дээр тавьсан. Би цагдаад хандсан. Сэтгүүлчид нэгдээд хэвлэлийн хурал хийсэн.
О.Баасанхүү сэтгүүлчдийг шүүхэд өгч байна. Шоронд хийх гэж байна юу юу ч гэнэ. Тэгэхээр нь би тэр бичсэн сэтгүүлч дээр нь очоод чи ийм хүнийг ашиглаж ийм ийм юм хийж болохгүй шүү дээ. Энэ чинь хуулинд харш үйлдэл. Хүний ёсгүй явдал гээд. Тэр хүн чинь бас ах дүүтэй байж таарна. Тэд нь их эмзэглэсэн. Тэгээд тэр сэтгүүлч уучлал гуйсан. Би буруу юм хийжээ. Уучлаарай, миний буруу гээд бичиг өгсөн. Тэрийг нь үзүүлээд хэвлэлийн хурал хийтэл нэг ч сэтгүүлч ирээгүй. Хэн ч ирээгүй.
Ийм увайгүй зүйлсийг би их жигшдэг. Энэ бол маш явуургүй зүйл гэж би ойлгодог. Сэтгүүл зүй ингэж мөн чанараа алдсанаас болж твиттер, фэйсбүүк гэх сошил ертөнцөөр дамжиж илэрхийлэгдсэн мэргэжлийн бус зүйл нийгмийг бужигнуулаад байгаа байхгүй юу. Энэ бол манай нийгэмд газар авч байгаа маш аюултай зүйл. Ийм байж болохгүй. Олон нийтийн сэтгэл хөдлөл дээр ийм мэргэжлийн бус, хариуцлагагүй дуу хоолой түрлэг өгөөд савалгаа үүсгэж, тогтворгүй байдал руу оруулаад байна шүү дээ.
-Танай нам нэр дэвших сонирхолтой кандидатууддаа 10 тэрбумын босго тавьсан гэж үнэн үү?
-Би бол нэг л зүйлийг шаардсан. Сонгуульд битгий ийм сулхан үзэгдэл шиг оролцоочээ гэж. Л.Эрдэнэчулуун гуай, С.Нарангэрэл академич хоёр бол эдгээр яригдаж байгаа хүмүүсээс хамаагүй илүү учраас аль нэгийг нь дэвшүүлье гэдэг санал тавьсан. Яагаад гэвэл энэ намаас ганцаараа сонгогдоод УИХ-д сууж байгаа хүний хувьд миний санал, миний дуу хоолой чухал гэдэгт би эргэлзэхгүй байгаа. Тэгэхээр МАХН сонгууль болгонд дандаа өртэй ордог учраас санхүүжилтээ босгох асуудлыг шийдэх ёстой.
Тийм учраас жишээ нь, танай С.Нарангэрэл доктор 10 тэрбумаа босгох ёстой гэж хэлсэн нь үнэн. С.Нарангэрэл багшаас та нар өөрсдөө очиж асуух хэрэгтэй. Тэр хүн хуульч хүн учраас хэзээ ч худлаа ярихгүй. Ерөнхий агуулгаараа энэ процессыг О.Баасанхүү гэдэг хүний саналыг нам дотроо явуулахгүй, амьдруулахгүй гэж нохойтож, замд нь сарниасан л ажиллагаа гэж би харж байгаа. Тэрнээс биш яг одоо 10 тэрбумыг аваад ир, заавал 10 тэрбум шүү гэсэн хатуу үг биш гэдэг нь хэнд ч тодорхой шүү дээ. Байр суурийн ялгаа, зарчим барих гэж хийсэн тэмцлийн л явц.
-Саяхан Монголбанкийг шалгасан. Та энэ асуудал дээр ямар байр суурьтай байгаа вэ?
Миний хувийн байр суурь бол ийм байгаа. Бид ОУВС-д орсон. ОУВС-гийн нэг нөхцөл чинь банкуудыг, тэр дундаа Монголбанкны үйл ажиллагааг тодорхой хэмжээгээр шалгаж, цензур тавих тухай асуудал шүү дээ. Өнөөдөр үнэндээ маш олон хүн хэт ухаантай болчихоод байна. УИХ-ын гишүүн гэхээрээ л бүхнийг мэддэг хүн биш шүү дээ. Тэгэхээр тэнд гарч ирж байгаа тоо болгоныг нэгтгэж дүгнэх, шалгаж нягтлах бол хэцүү. Яагаад гэвэл би санхүүгийн мэргэжилтэн биш. Би нэг юмыг сайн мэдэж байгаа. Тэр нь юу вэ гэхээр арилжааны банкуудад тодорхой хэмжээний мөнгөн дэмжлэг өгсөн. Тэр мөнгөн дэмжлэг нь өөрөө хуулийн дагуух процесс биш байсан гэж би боддог. Харамсалтай нь тэрийг бол ерөөсөө ажлын хэсгийн шалгах хүрээний асуудлуудад оруулаагүй байлээ. Магадгүй тодорхой нууцын зэрэглэлтэй гэж үзэж байгаа юм шиг байна лээ. Ийм юмыг бол гишүүн хүн ярьж болно.
Түүнээс биш тэр хүн тийм хэмжээний мөнгө зээлжээ. Энэ хүн өмнө нь компанийн захирал байхдаа ингэж зээл авчээ гээд тоглоод, нэг нэгийгээ хорлоод явах нь буруу жишиг. Тиймээс ажлын хэсгийн дүгнэлт бол маш хариуцлагагүй дүгнэлт гэж би үзэж байгаа. Тэгээд л Т.Аюурсайхан гишүүн, нөгөө хэн билээ сэтгүүлч хүүхэн эд нар яриад байх юм. Ганц хүний алдаа л балаллаа энэ тэр гээд л. Нэг хүний гайгаас болоод Монгол улс маань, Монголбанк маань дампуурах гэж байгаа ч юм шиг юм яриад л. Тэгэхэээр ийм хариуцлагагүй байж болохгүй ээ.
Бидний үг чинь дараагийн хүмүүст нотлох баримт болж хэрэглэгддэг. Ер нь бол банкийг хөндлөнгийн аудит ч юм уу, хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын байгууллагууд шалгадаг. Бас шалгахдаа тодорхой хэм хэмжээ тавиад, тодорхой үр дүн гаргаж шалгадаг болохоос ажлын хэсэг гэж 10 хүн тавьчихаад, тэд нь нийгмээ, хувийн хэвшлээ самраад дутуу дулимаг, өс хонзонгийн сэдэлтэй юм орилоод байдаг гэж юу байх юм бэ. УИХ-ын индрийг дургүй юм уу, эсвэл атаархдаг нэгнээ авлах хэрэгсэл болгож болохгүй. Аливаа сэдвээр улс төржиж болно.
Гэхдээ төрөөрөө, хувийн хэвшлээрээ тоглосон улс төржилт байж болохгүй гэж л би хэлээд байгаа юм. Улс орон чинь одоо маш эмзэг байна шүү дээ. Хятадууд хоёр тэрбум доллараа нэхэж байгаа. Бид хүний юмыг авчихсан юм чинь өгөхгүй яах юм. Тэр чинь Хятадад сайндаа, эсвэл муудаа бид нар өгөх гээд байгаа юм биш. Хүний юмыг аваад хэрэглэсэн бол өгөхөөс өөр аргагүй. Тэр нь Хятад нь байна уу, Орос нь байна уу хамаагүй. Харин ч урд хөрш бидэнд сайнаар хандаж байгаа. Гадны өөр улсууд бидэнд мөнгө зээлэхгүй байна. Танай улс найдваргүй, танай банкууд хэцүүдсэн юм байна гээд. Тэгэхгүй яах юм.
УИХ-ын гишүүд нь том харж чадахгүй, өөрсдийгөө самарсан юм хашгираад л байдаг юм чинь. Манай банкууд баларчихлаа, сөнөчихлөө гээд л. Жинхэнэ юмаа барьж авахгүй, наагуур нь цаас барьчихаад л элдэв сүртэй мэдэгдэл хийнэ. Цаасыг аль ч өнцгөөс нь тайлбарлаж болно шүү дээ. Яг мэргэжлийнх нь хүмүүс бол бодно цэнэнэ. Мэргэжлийн хүмүүс нь дуугүй байхад мэргэн жараахайнууд орилоод байх хэцүү байдаг. Би жишээ нь, хуулийнхаа асуудлууд дээр л, хуулийнхаа салбартай холбоотой сэдвүүд дээр л чанга дугардаг. Би эрүүгийн хуулиа чанга ярьж чадна. Хэнээс ч илүү би чанга дугарч чадна.
Би энэ банк санхүүгийн асуудлууд дээр мэргэжлийн бус хүн учраас болгоомжилдог. Болгоомжтой хандах ёстой салбар гэдгийг нь мэддэг учраас элдэв поп юм ярьдаггүй. Нөгөө талд нь Монгол улсын нэр хүнд, хувь заяаны асуудлыг бодож, гадна ертөнцөд тусах буруу тусгалыг, монголд ашиггүй үр дүнг нь мэдэж байгаа учраас дуугаа хураагаад байгаа байхгүй юу. Бид өнөөдөр 22 тэрбум долларын өртэй орон. Өрөө төл гээд л парисын клубт өгчихвөл яах уу. Парисын клуб дуудаад л монгол улсын дампуурлыг зарлачихвал яах юм. Хэн нэгэн улс нь ирээд л худалдаад авчихна.
Газар нутгийг чинь, энэ элчин сайдын яамны байруудыг чинь, онгоцыг чинь, ашигт малтмалуудыг чинь авчихна. Ийм магадлалууд харагдаж байхад бид нар энэ их солиорлоо зогсоох хэрэгтэй. Тоглоом тоотой нь дээр. Тоглож чадах юмаараа, ярьж чадах сэдвээрээ ярина уу гэхээс ингэж самарч болохгүй. Жишээ нь, тэр Т.Аюурсайхан намайг загнасан. О.Баасанхүү чи хоёр нүүртэй байна. Рио Тинтогийн барьцаанд орчихсон байна гээд намайг загнаад байх юм. Би тэр Рио Тинтогийнх нь байраар ч очиж үзээгүй. Ярьж байгаа зүйлээ мэддэг ч юм уу, үгүй ч юм уу. Би тэр компанийн бичигт дургүйцэж байна.
Тэдний зарим тулгалтад эгдүүцдэг. Гэхдээ Рио Тинто гэдэг компани байж л байна. Таван жил, арван жил олон улс оронд үйл ажиллагаагаа явуулаад л байж байна. Гэтэл бид чинь таван сар тэсэх нь үү, үгүй юу гэдэг дээр байна шүү дээ. Тийм учраас бид гадаад бодлого дээр нэгдмэл байр суурьтай байх ёстой. Монголын улс төрийн намууд, улстөрчид нь гадаад бодлого дээрээ нэгдмэл байх ёстой. Энэ зарчмаа мэддэг учраас, эх орныхоо төлөө зовж байгаа учраас би М.Энхболд даргатай хамт, бүрэлдэхүүнд нь орж Япон явж байгаа юм.
Манай энэ Ерөнхийлөгч байсан Н.Энхбаяр дарга хүртэл хардаад байх шиг байгаа юм. Энэ О.Баасанхүү Япон руу М.Энхболдтой хамт явчихлаа, нэг л учиртай гээд. (инээв) Үнэндээ парламентад сууж байгаа намуудын төлөөллүүд оролцох ёстой. Би ганцаараа юм чинь явахаас яах юм бэ. Арвуулаа бол одоо З.Баянсэлэнгэ яваг л дээ. Гол мессеж монголын улс төрийн намууд гадаад бодлого дээрээ нэгдмэл байгаагаа харуулах ёстой. Тийм учраас энэ гадаад орнуудад хийж байгаа айлчлал, арга хэмжээнүүдэд оролцоод байгаа байхгүй юу. Дотроо бид яаж ч байж болно.
Гадагшаа бол нэг цул байх ёстой. Би намдаа ч гэсэн хэлээд байгаа. Зарчимтай байцгаая аа. Ирэх сонгуулиар бид хориулаа орж ирье гэвэл зарчимтай байя. Өнгөрсөн сонгуульд сурталчилгаанд ажилласан намынхаа гишүүдийн мөнгийг өгөөгүй. Талыг нь л өгсөн байх. Тийм учраас би энэ С.Ганбаатарт нь хэлээд байгаа юм. Та иргэний хөдөлгөөнийхнийг биш манай намын гишүүдийг цалинжуулж сонгуульдаа ажиллуулаарай гэж. Олон цөөн нь хамаагүй. Ажиллуулсан МАХН-ын гишүүдийг ажилтай, орлоготой байлгаарай гээд байгаа юм.
Эх сурвалж ganchimeg.niitlelch.mn
Сэтгүүлч Ганчимэг