
Б.Мөнхсоёл: ХҮН нам улс эх орны хөгжлийг түүчээлэх дотоод ардчилалтай улс төрийн хүчин байх ёстой
УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл ХҮН намын гишүүд, залуустаа хандан дараах байр суурийг илэрхийллээ.
Сайн байцгаана уу? ХҮН намын эрхэм гишүүд ээ!
Юуны өмнө ХҮН нам тарах ёсгүй, харин засаглалаа эрс сайжруулах, гишүүдийнхээ оролцоог нэмэгдүүлэх талаар дорвитой ажиллах цаг нэгэнт болсныг өглөөхөн хэвлэлийнхэн энэ талаар асуухад хэлсэн билээ. Тухайн үед сэтгэлийн хөдөлгөөнөөр "Хэрэв зээ үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгүй, дотоод ардчилалгүй бол ямар ч улстөрийн хүчин тарах ёстой"-г өөрийн нам дээр жишээлэн бухимдсандаа хэлсэн. Энэ үгийг хэлж ХҮН намынхаа жирийн гишүүдийг эмзэглүүлсэндээ харамсаж, уучлал гуйж байна.
Олон нийтэд ярьсан эдгээр асуудлыг би УИХ дахь ХҮН намын зөвлөлийн хурал дээр олон удаа хэлж анхааруулж, арга хэмжээ авах тухай, нөхцөл байдлыг сайжруулах талаар санал болгож байсан боловч хүлээж авах зориг болоод хүсэл байсангүй. Мөн түүнчлэн намд дотоод ардчилалтай байж жирийн гишүүд үг хэлэх, шүүмжлэх, санал бодлоо хуваалцах орон зайгүй байгаа нь нам доторх үл ойлголцол, зөрчлийг өдөөсөөр ирлээ.
ХҮН нам зөвхөн хэдэн дарга нарт үйлчлэх, тэднийг дээшээ гаргах гишгүүрт шат байх ёсгүй. Харин ардчилал, ил тод байдал, сайн засаглалыг бий болгон улс эх орны хөгжлийг түүчээлэх улс төрийн хүчин байх ёстой.
УИХ-ын гишүүн, ХҮН намын УЗ-ийн гишүүн Б.Мөнхсоёл