С.Эрдэнэ: Цагдаагийнхан Г.Доржзодовыг баривчлах биш, хамгаалалтад авах ёстой
Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Х.Баттулга, АН-ын гишүүн Ц.Оюунгэрэл нар өнөөдөр шуурхай хэвлэлийн хурал хийлээ.
Намын дарга С.Эрдэнэ, Бид Завхан аймагт Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчигааны ажлаар явж байна. Өнөө өглөө сэтгэлд сэрдгийлгэсэн хоёр таагүй мэдээ сонсоод энэ асуудлаар байр сууриа илэрхийлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэгдүгээрт, Урд шөнө манай үндэсний томоохон үйлдвэрлэгч, экспортлогч Говь ХК-ийн үйлдвэр шатсан тухай мэдээ сонслоо. Энэ бол маш харамсалтай зүйл болсонд үйлдвэрийн удирдлага, ажилтнуудад харамсаж буйгаа илэрхийлж байна.
Хоёрдугаарт, 60 тэрбумын бичлэгийг ил тод болгосон эх оронч залууг баривчилж, эрх чөлөөнд нь халдах оролдлого хийж байгаа цагдаа, хүчий байгууллагын удирдлагуудад харамсаж байна. Цагдаагийнхан энэ залууг баривчлах биш, төрийн хамгаалалтад авах ёстой. Монгол төрийг худалдсан гэмт бүлэглэлийг илрүүлсэн гэмт үйлдлийг шалгахын оронд хүчний байгууллагынхан эх оронч аавын хүүд дарамт үзүүлж байгаад харамсаж байна. Энэ залууд Монгол Улсын баатар цол олгох гавьяатай залуу гэж АН үзэж байгаагаа хэлмээр байна.
Өнөөдөр Монгол хүн бүр сонор сэрэмжттэй байхыг уриалж байна. Монгол төрийн тусгаар тогтнол алдагдах, хүний эрх чөлөөнд үгүй болгох, эрх чөлөөт Монгол Улсын нүүр царайг өөрчлөх гэсэн башир арга бодит болж байна. Ардчиллын үнэ цэнийг устгах гэж эрх баригчид улайрч байна. Бид Монголын ард түмэндээ итгэж байна. Ардчиллын төлөө гэсэн зүрх сэтгэлтэй хүн бүр сонор сэрэмжтэй байхыг дахин анхааруулъя гэлээ.
Ц.Оюунгэрэл: ТЕГ, ЭЦГ Г.Доржзодовыг сэжигтнээр татаж хэрэг үүсгэсэн байгаа. Би Доржзодовт ”Чамайг хуулийн дагуу гэрчийн хамгаалалтад ортол манайд байж байгаарай” гэж хэлээд, нөхөртөө энэ хүн “Манай зочин шүү” гэж ойлгуулаад Хан-Уул дүүргийн “Оргил” хотхон дахь гэртээ үлдээгээд ирсэн.
Өглөө манай нөхөр “Манай гэрийг тойроод дүүрэн цагдаа байна. Энэ юу болж байна вэ. Би маш их санаа зовж байна” гэж утсаар ярьсан. Би Доржзодовтой ярихад “Өглөөний 04.00 цагаас цагдаагийнхан танай гэрийн гадуур байрлаж эхэлсэн. Хашаагаар давж орж ирээд, Оргил хотхоныг хоёр давхар бүслэлтэд авсан” гэж хэлж байна.
Манай нөхөр гадаадын иргэн учир маш их санаа зовж байна. “Би ямар нэг гэрчгүйгээр гэрийнхээ хаалгыг онгойлгомооргүй байна” гэж ярьсан. Манай нөхөр өөрийнхөө улсын Элчин сайдын яаманд хандсан байна. Гэрийн гадуур хэвлэл мэдээллийнхэн байхгүй гэж сонссон учир Би Монголын сонгуулийг ажиглаж байгаа гадаадын ажиглагч нар луу утсаар ярьсан.
Одоо энэ мэдээллийг гадаадынхан ажиглаж, сурвалжилж байна. Би нөхөр болон Доржзодовын аюулгүй байдал, гэр орныхоо бүрэн бүтэн байдалд маш их санаа зовж байна. Хэвлэлийнхнийг сурвалжилж, өөрсдийнхөө дуу хоолойгоор хүргэж туслаач ээ гэж уриалж байна гэв.
Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Х.Баттулга:
60 тэрбумын албан тушаалын наймааны асуудлаар манай намын бүлэг миний бие Монгол Улсын Ерөнхийлөгч, ТЕГ, АТГ-д бүх баримтыг хүлээлгэж өгч, Монгол Улсынхаа нэрийн өмнөөс энэ бүхнийг анхаарч судалж, хариу өгнө үү гэж хэлсэн. Харамсалтай нь хариу нь ингэж ирж байх шиг байна. Хууль хүчнийхэн маань ийм их чадалтай байгаа бол Богд ууланд гарч буй түймрийг, өчигдөр үндэсний үйлдвэрлэгч болох “Говь” компанид гарсан галыг унтраахад хүч нэмэхгүй яасан юм бэ. Үнэхээр харамсалтай байна. Маш их бухимдал төрж байна.
Ардчилсан намын дарга С.Эрдэнэ:
60 тэрбумын энэ бичлэг гэдэг нь Монголын нийгэмд маш их аюул учруулсан байж болзошгүй. Өнгөрсөн сонгууль ч энэ схемээр явагдсан байж болзошгүй. Тиймээс хууль хяналтынхан маань түүх та бүхнийг шүүнэ шүү. Тиймээс Монгол төрийнхөө хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаа явуулаач ээ.
Ардчилсан намын 180 мянган гишүүндээ уриалахад Монгол Улсын маань ардчилал хүний эрхэнд аюул учирлаа. Хүн бүр дор бүрнээ сонор сэрэмжтэй байгаарай. Тиймээс нийт монголчууд минь ээ, энэ хууль бус бусармаг зүйлийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэж, эв санаагаа илэрхийлнэ үү хэмээн мэдэгдсэн юм.