Сонгинохайрхан дүүрэгт хоёр сургуулийн шав тавилаа
БНХАУ-ын буцалтгүй тусламжаар долоон сургууль, нэг цэцэрлэг барихаар болсон. Энэхүү хэлэлцээрийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 25, 26 дугаар хороонд барих шинэ сургуулийн шав тавих ёслол өнөөдөр боллоо.
Ёслолд БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар, Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн, БСШУСЯ-ны Санхүү, эдийн засгийн газрын дарга Д.Батмагнай, Хөрөнгө оруулалт, Үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Н.Отгонбаяр болон холбогдох албаны хүмүүс оролцов.
Нийслэлийн хамгийн олон хүн амтай тус дүүрэгт цэцэрлэгт хамрагдаагүй 10 мянга гаруй хүүхэд байгаа бол таван сургууль гурван ээлжээр хичээллэж байна. Шинэ сургуультай болсноор хоёр ээлжээр хичээллэх боломж бүрдэнэ.
20 мянга орчим оршин суугчтай Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо нэг ч сургууль, цэцэрлэггүй аж. Тус хороонд 920 хүүхдийн суудалтай сургууль барихаар болов. Тус хороо нь 2-5 насны 1903, 6-14 насны суурь боловсрол эзэмших 2664 хүүхэдтэй бөгөөд хамран сурах тойрог нь III хорооны 65 дугаар сургуульд харъяалагддаг аж.
Харин 25 дугаар хорооны хувьд 2-5 насны 1462, 6-14 насны суурь боловсрол эзэмших 1943 хүүхэдтэй. Тус хороонд 640 хүүхдийн суудалтай шинэ сургууль баригдсанаар 104 дүгээр сургуулийн ачаалал буурч, хоёр ээлжинд бүрэн шилжих боломж бүрдэнэ. 25 дугаар хороонд барих сургууль нь Кембрижийн сургалттай байхыг ч холбогдох албаны хүмүүс энэ үеэр онцлов.
Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт гурван ээлжтэй сургуулиудыг хоёр ээлжинд шилжүүлэх, хороо бүрийг цэцэрлэгтэй болгохоор тусгасан байна.