2017.05.25
Нийслэлийн 16 сургууль орчноо хүүхдэд аюулгүй болгож тохижуулна
НИТХ-ын дарга Ц.Сандуйн тэргүүлдэг Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс энэ онд 16 сургуулийн орчныг хүүхдэд аюулгүй болгож тохижуулахаар 860 сая төгрөг төсөвлөжээ.
Хотын төвийн ачаалал ихтэй зам дагуу байгаа ерөнхий боловсролын сургуулиудын гаднах талбайг эхний ээлжинд тохижуулахаар холбогдох байгууллагууд ажиллаж эхлээд байна. Замын цагдаагийн газраас хийсэн судалгаагаар зам тээврийн осолд сурагчид хамгийн олноор өртдөг 5, 117, 3, 17, 20, 23, 24, 37, 48, 58, 62, 67, 87,102,105,106 дугаар сургуулиудын гаднах талбайг тохижуулна. Тохижилтын зураг төсөл, төлөвлөгөөг Нийслэлийн авто замын газраас гаргажээ. Ингэснээр сурагчид зам тээврийн осолд өртөж бэртэх, амь насаа алдах тохиолдол бодитойгоор буурч, хүүхдэд ээлтэй орчин бүрдэнэ гэж холбогдох албаны хүмүүс мэдэгдлээ.
Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс шаардлагатай төсөв хөрөнгийг шуурхай шийдвэрлэж ажилласны үр дүнд 2017 онд сургуулийн орчимд гардаг зам тээврийн ослын хэрэг 46 хувиар буурсан байна. Зарим сургууль 100 хувь зам тээврийн осолгүй орчныг бүрдүүлээд ажиллаж байгаа сайн жишээ ч нийслэлд бий. Энэхүү статистикийн цаана хүүхдүүдийн амь нас, аюулгүй орчинд амьдрах эрх хөндөгдөж байгаа учраас сургуулийн орчимд аюулгүй байдлыг хангах чиглэлд онцгой анхаарч, шуурхай ажиллахыг НИТХ-аас холбогдох агентлагуудад үүрэг болгожээ. Ямартай ч энэ онд нийслэлийн ерөнхий боловсролын 16 сургууль хүүхдэд аюлгүй орчин бүрдүүлэхээр ажлаа эхэлжээ.