Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр Н.Чинбатыг томилов
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.06.09/ Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох саналыг хэлэлцлээ. Саналыг хэлэлцэхийн өмнө УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар Хууль зүйн байнгын хорооны дүгнэлтийг танилцуулсан юм.
Улсын дээд шүүхээс 2017 оны 6 дугаар сарын 6-ны өдөр Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр Н.Чинбатыг нэр дэвшүүлэх саналыг УИХ-д ирүүлсэн. Нэр дэвшигч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 65,2 дахь хэсэгт заасан болзол шаардлагыг хангаж байгаа болно.
Хууль зүйн байнгын хороо Улсын дээд шүүхээс ирүүлсэн саналыг 2017 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуралдаанаар Улсын их чуулганы дэгийн тухай хуулийн 40 дугаар зүйлд заасан журмын дагуу хэлэлцэж, УИХ-ын гишүүд нэр дэвшүүлсэн байгууллага болон нэр дэвшигчээс асуулт асууж, үг хэлсэн байна.
Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Н.Чинбатыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох саналыг дэмжсэн. Ингээд чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Ц.Даваасүрэн, Г.Занданшатар, Я.Содбаатар, Г.Тэмүүлэн нар үг хэлж, улмаар нэр дэвшигчийг батламжиллаа.