Нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
2017.06.02

Нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

УИХ-ын дарга М.Энхболдод өнөөдөр (2017.06.02) УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат Нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Бүгд Найрамдах Польш Улсад 2013 онд хийсэн айлчлал болон хоёр улсын Засгийн газар хоорондын уулзалт, яриа хэлэлцээг үндэслэн Польш Улсын Засгийн газраас 50 (тавин) сая еврогийн экспортын зээлийг Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD)-ын “нөхцөлт тусламж” /tied aid/ буюу “экспортын зээл”-ийн журмын дагуу манай улсад олгохоор шийдвэрлэсэн.

Зээлийн нөхцөл:

Зээлийн хэмжээ: 50 сая евро;
Зээлийн хүү (жилийн):   0,15 хувь;
Хугацаа:    28 жил;                      
Үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа:   5 жил.
Хөнгөлтийн түвшин:  51.8%

Зээлийн хөрөнгөөр дараах салбарын төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэхээр тохиролцоод байгаа юм байна. Үүнд:

  1. Хөдөө аж ахуй;
  2. Дэд бүтэц;
  3. Боловсрол;
  4. Байгаль орчныг хамгаалах.

Дээрх зээлийн нөхцөл нь 2014 онд тохиролцсон нөхцөлөөс сайжирсан бөгөөд зээлийн хугацаа 25 жил гэснийг 28 жил, Төслийн гэрээний  үнийн дүнгийн 95%-ийг санхүүжүүлнэ гэснийг 100% зээлээр санхүүжүүлэхээр тохиролцож хэлэлцээрийн төсөлд тусгасан гэж сайд Ж.Мөнхбат хэллээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.