БСШУС-ын сайд Ж.Батсуурь Өмнөговь, Дундговь аймагт ажиллалаа
2017.05.03

БСШУС-ын сайд Ж.Батсуурь Өмнөговь, Дундговь аймагт ажиллалаа

БСШУС-ын сайд Ж.Батсуурь БСШУСЯ-ны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Мөнхбаатар, ШУТИС-ийн ректор Б.Очирбат, МУБИС-ийн Дэд захирал н.Тамир нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Өмнөговь, Дундговь аймагт ажиллалаа.

Салбарын сайд тэргүүтэй ажлын хэсэг сургууль цэцэрлэг болон салбарын  байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, барилга, байгууламжийн чанар, хүрэлцээтэй газар дээр нь танилцаж,   ажилтан албан хаагчидтай  уулзалт зохион байгуулсан юм. Уулзалтын үеэр Дундговь аймгийн Мандалговь сумын ЕБС-ийн  ахлах ангийн сурагчидтай олон улсад суралцах боломж, Засгийн газрын тэтгэлэгт хэрхэн хамрагдах, мэргэжлээ хэрхэн зөв сонгох, манай улсад эрэлт хэрэгцээтэй байгаа мэргэжил  зэрэг  сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулсан юм. Мөн ШУТИС, МУБИС-ийн төлөөлөл,  удирдлагууд сургуулийнхаа элсэлт, мэргэжил сонголтын талаар орон нутгийн сурагчдад мэдээлэл, зөвлөгөө өгөв. Энэ жил улсын хэмжээнд 40 гаруй мянган төгсөгч ЭЕШ  өгөхөөр бүртгүүлээд байна. Дийлэнхийг нь  орон нутгаас элсэгчид эзэлж буй.  Дундговь аймгийн тухайд ЭЕШ-ын оноогоороо улсын хэмжээнд 7-д орсон бол, Өмнөговь аймаг  15-д эрэмбэлэгдэж байна. Тиймээс багш нар сургалтын чанартаа анхаарч, сурагчид илүү  хичээл, зүтгэл гаргах хэрэгтэй байгааг БСШУС-ын сайд санууллаа. 

Улсын хэмжээнд 90 орчим их дээд сургууль үйл ажиллагаа явуулж байна.

Салбарын сайд орон нутагт ажиллахдаа ажлын хэсгийн бүрэлдэхүүнд  “Монголын их дээд сургуулийн консерциум”-ийг багтаасан нь онцлог байв. Жил бүр тус консерциумаас 21 аймагт очиж, төгсөх ангийнханд зөвлөгөө, мэдээлэл өгдөг нь хүүхдүүдэд ихээхэн ач холбогдолтой байдаг аж. Гэхдээ өмнөх жилүүдийн туршлагаас харахад их, дээд сургуулиудын зүгээс хүүхдүүдэд өгч байгаа мэдээлэл дээр тодорхой чиглэл өгч,  анхаарал хандуулах шаардлага байгааг хэлж байв. Өнөөдөр дээд боловсрол олгож байгаа их дээд сургуулиудын  98 хувь нь нийслэлд байна. Тэр ч утгаараа орон нутагт  ЕБС төгсөгчид нийслэлийг зорьдог, харин дээд боловсролын дипломоо авчихаад  төрсөн нутагтаа  ажиллаж чадахгүй байгаад   дүгнэлт хийх цаг болсныг салбарынхан онцолж байсан юм.       

Орон нутагт музейн хадгалалт хамгаалалт 

Өмнөговь аймгийн музей 1948 онд аймагтаа байгаа эртний түүх соёлын дурсгалыг хадгалах зорилгоор 50 ширхэг  үзмэртэйгээр анх байгуулагдаж байжээ. Эдүгээ тус музей 3000 орчим үзмэр эд өлгийн  цуглуулгатай болж өргөжсөн байна. Улмаар  10 гаруй ажилтантай, жилд гадаад дотоодын 10 орчим хүнд соёлын үйчилгээг түгээж байна. Харин тус музейн барилгын асуудлыг шийдвэрлэх шаардлагатай болсныг энэ үеэр онцолж байв. Учир нь музейн барилга 1954 онд  зочид буудлын зориулалтаар баригдсан барилга учраас музейн шаардлагыг хангахгүйд хүрсэн байна. Тус музейн хамт олон 2008 онд шинэ байр барих барилгын зураг төсвөө гаргасан бөгөөд нийт  5.1 тэрбум төгрөг шаардлагатай байгааг салбарын сайддаа дуулгасан юм. Өмнөговь аймгийн музейн өргөтгөл хийхэд шаардлагатай тэрбум гаруй төгрөгийн шийдвэрлэхээ БСШУС-ын сайд онцолж байлаа.