“МАН-ын шинэчлэлээс нийгмийн шинэчлэл хамаарна”
2012.02.06

“МАН-ын шинэчлэлээс нийгмийн шинэчлэл хамаарна”

УИХ-ын гишүүн, НАМЭХ-ныерөнхийлөгч Д.Оюунхоролоос Багахурлын хуралдаанд хэлсэн үгтэй ньхолбогдуулан дараах тодруулгыг авлаа.

-МАН-ын шинэчлэлээс нийгмийн шинэчлэл, хөгжлийн асуудал шууд хамаардаг бодит үнэнтэй хэн ч маргахгүй гэж бид ойлгодог. Нийтийн эрх ашгийг дээдэлсэн, амьдралд, үнэнд ойр, шийдвэр гаргаж цаг үеийг мэдэрсэн, ирээдүйгээ зөв харсан замналыг манай намаас ард иргэд байнга хүлээж байдаг. Нийгмийн хандлага ч ийм байна. МАН-ын III бага хурлын илтгэл, "Ард Түмний хөгжлийн  хөтөлбөр"-ийг боловсруулсан ажлын хэсгийн гишүүдийн танилцуулгаас ч энэ бүхэн харагдаж байна. Энэ хөгжлийн хөтөлбөрийг хэлэлцэх үйл явцад НАМЭХ эмэгтэйчүүдийнхээ дуу хоолойг бүхий л шатанд сонссон.Төрийн бус байгууллагууд, эрдэмтэн эмэгтэйчүүд, нийгмийн салбарт ажилладаг эмэгтэйчүүдийн төлөөлөл хөтөлбөрийг хэлэлцэж, саналуудаа НАМЭХ хөгжлийн хөтөлбөрт  тусгуулсан   юм. "Ард түмнээ сонсох аян"-аар ажиллаж байхад биднээс ард түмэн маш их зүйл харж, хүлээж байгаа нь харагдсан. Монгол Ардын Нам богино хугацаанд үр бүтээлтэй, хурдтай, хариуцлагатай ажиллах шаардлага байна. Намын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт бараг 90 орчим хувьтай байгаа гэж ярьж байгаа. Гэхдээ УИХ, Засгийн газар хамтарч шийдвэр гаргаасай гэж хүсэж, хүлээж байгаа тодорхой асуудлууд дээр саналаа хэлье.

 

Нэгдүгээрт, одонтой эхчүүдийн асуудал байна. I одонтой ээжид нэг сая төгрөг, II одонтой ээжид 500,000 төгрөг өгнө гэж манай намын мөрийн хөтөлбөрт туссан. Олон хүүхэд төрүүлсэн эхийг урамшуулах тухай хуулийг УИХ-аар батлахдаа дөрөв ба зургаан хүүхэдтэй ээжүүд одон  авдаг болгосон. Энэ нь хүн ,амын хөгжлийн бодлогод үнэтэй хувь нэмэр болсон. Ээж нь үр хүүхэд төрүүлж, улсдаа иргэн болгож өсгөж хүмүүжүүлсэн нөр их хөдөлмөрөө үнэлүүлсэн байхад баярлахгүй байгаа үр хүүхэд, гэр бүл гэж байдаггүй юм байна .

Хоёдугаарт, тэтгэврийн зөрүүг арилгахыг мянга мянган ахмадууд хүлээж байгаа. 1995 оноос өмнө тэтгэврээ тогтоолгосон 160,000 хүний асуудлыг УИХ хэлэлцэхээр МАН-ын бүлгийн ажлын хэсэг ажиллаж байна. УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил бид хуулийн төсөл санаачлаад өргөн барьсан. Тэтгэврийн шинэчлэлийн тогтолцооныхоо өмнө тэтгэврийн зөрүүгээ арилгах асуудлаа шийдвэрлэх саналтай байгаа. Мөн бүсийн нэмэгдлийг олгож, хот хөдөөгийн ялгааг арилгая, баруун бүсийн хөгжлийг дэмжье, хот руу нүүж байгаа их нүүдлээ зогсоох шаардлага байна. Бүсийн нэмэгдлийг эдийн засгийн тооцоо судалгаатай гаргах хэрэгтэй байна. Бүсийн нэмэгдэл олгох эрх Монгол Ардын Намын Засгийн газарт байгаа. Эдгээр асуудлуудыг шийдвэрлэхэд тодорхой ахиц дэвшил гарна гэдэгт итгэлтэй байна.

Гуравдугаарт, сумдын хөгжлийн нэгдсэн стандартыг бий болгож, "Шинэ сум" гэсэн төслийг хэрэгжүүлье гэсэн саналыг Засгийн газраас гаргасан. Хөдөөгийн сумын сургууль, цэцэрлэг, соёлын төв гэсэн нийгмийн үйлчилгээний төрийн байгууллагуудыг нэг стандарт загвартай болгочихвол бид өнөөдөр сургуулийн барилга засварлая, цэцэрлэгийн байр баръя гэдэг асуудал ярихгүй ээ. Хөгжлийн бодлогын түвшинд яриад шийдэж чадах юм бол энэ асуудал шийдэгдэнэ гэж бодож байна. Олон эмэгтэйчүүдтэй уулзан ярилцаж байхад миний үр хүүхдэд бусад хүүхдүүдтэй ижил түвшний боловсрол олгох нөхцөлийг бүрдүүлж өгөөч гэсэн нийтлэг саналыг хэлдэг. Боловсролын салбарт аав, ээж нарын тавьж байгаа том мөрөөдөл бол ерөнхий боловсролыг ижил түвшинд олж авах боломж юм. Үнэхээр Кембрижийн стандартыг хэрэгжүүлж байгаа юм бол Улаанбаатар хотын болон хөдөөгийн суманд сурч байгаа дөрөвдүгээр ангийн хүүхэд яг ижил хэмжээний сургалтын агуулга, стандартыг авч байх хэрэгтэй байна. Ядуурлыг бууруулах тухай
20 жил ярьсан. Ядуурлын хэмжээ 39,7 хувиас буухгүй байгаа тухай өнөөдөр намын даргын илтгэлд тусгагдсан. Яаж ядуурлаас ангижрах вэ гэдэг арга замыг бид олон улсын туршлагаас судалж, шийдвэрлэх шаардлагатай байна гэж боддог. Улс орны эдийн засгийн хөгжил өрх гэрийн амьдралд яаж эерэгээр нөлөөлөхийг олон мянган хүн хүлээж байна. Орлого багатай иргэдийг дэмжиж , барьцаа хөрөнгө шаардахгүй, урт хугацаатай, бага хүүтэй зээл олгож ядуу байгаа, юм хийх чадвартай иргэддээ дэмжлэг үзүүлэхийг манай НАМЭХ-ноос зохион байгуулсан "Эмэгтэйчүүд хөгжлийн төлөө-2011" 1000 эмэгтэйчүүдийн форумаас дэвшүүлэн тавьсан юм. Ерөнхий сайд С.Батболд энэхүү форумын арга хэмжээнд урилгаар оролцохдоо бага орлоготой иргэд, эмэгтэйчүүдийг дэмжих банк байгуулахыг дэмжье, барьцаа хөрөнгөнд төрөөс дэмжлэг үзүүлдэг байя гэсэн. Энэ асуудлыг сонгуулийн өмнө шийдвэрлэчихвэл хүн амын 51,4 хувь болсон эмэгтэйчүүдийн ядуурлыг бууруулж, зөвхөн эмэгтэйчүүд төдийгүй бага орлоготой иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд тус дэм болох юм. Олон улсын энэхүү туршлагыг хэрэгжүүлээсэй гэж бодож байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.