2011.07.26

Эрүүл мэндийн хуулийг зарим нь өөр өнцгөөс тайлбарлаж байна

УИХ-ын хаврын чуулганы үеэр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос хийсэн ажлаас тус байнгын хорооны дарга Д.Очирбат сэтгүүлчдэд танилцууллаа.

Тэрбээр тус байнгын хороог «хаврын чуулганаар хамгийн их ажилласан» хэмээн тодотгов. Чуулганыг Эрүүл мэндийн хуулийн хэлэлцүүлгээр эхлүүлж, чуулган өндөрлөхөд ч Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн ochirbat_dd08баталгааны тухай хуулийг батлуулснаар хаажээ. Чуулганы хугацаанд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо 14 удаа хуралдаж, давхардсан тоогоор 22 асуудал хэлэлцэж, 14 санал, дүгнэлт, таван танилцуулга гаргаж, байнгын хорооны тогтоолоор байгуулсан ажлын хэсгүүд 18 удаа хуралдсан байна. Тус байнгын хороонд хандаж байгууллага, иргэдээс 35 өргөдөл, 141 албан бичиг ирүүлсний хариуг өгч шийдвэрлэжээ. Байнгын хорооноос дөрвөн тогтоол гарган ажилласан гэж Д.Очирбат гишүүн танилцуулав. Байнгын хороо долоон ан төсөл. нэг тогтоолын төсөл хэлэлцсэн тогтоолын төслийг чуулганы хуралдаанаар хэлэлцүүлж батлуулсан байна.

Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар эрүүл мэнд, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх эрх зүйн таатай орчин бүрдүүлэх, эмнэлгийн үйлчилгээг сайжруулах, эрүүл мэндийн ажилтны эрхийг хамгаалах эрх зүйн орчинг бүрдүүлжээ. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн төслийг хэлэлцэн батлуулсан байна. Ингэснээр  дотоодын их, дээд сургууль, коллежийн оюутан, гадаадад дээд боловсрол эзэмшихээр суралцаж байгаа Монгол Улсын иргэн, гадаад улсаас Монгол Улсад суралцагч оюутнуудад санхүүгийн дэмжлэг үзүүлэх, нийгмийн баталгааг хангах, дээд боловсролын сургалтын байгууллагыг санхүүжүүлэх, хөрөнгө оруулалт хийх, дэмжих, энэ ажлыг эрхлэх, зохицуулах, сурталчлах чиг үүрэг бүхий байгууллага, иргэнээс суралцагчдад үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааны нийтлэг зарчим, хэм хэмжээг тодорхойлж өгчээ.

Засгийн газраас боловсруулсан Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн батлуулсан байна. Уг хуульд ажил олгогчийг дэмжих, хөдөлмөр эрхлэлтийн сургалт, явуулах, ажил олоход хүндрэлтэй иргэн, малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч болон нөхөрлөл, хоршоо байгуулах иргэнийг дэмжих зэрэг асуудлыг тусгаж өгчээ. Мөн, аж ахуй эрхлэх хүсэлтэй иргэдэд сургалт, санхүүгийн дэмжлэг, бизнес  инкубацийн   үйлчилгээ   үзүүлж, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас зээлийн эрсдэлийн болон баталгааны сан байгуулах зэрэг шат дараалсан арга хэмжээгээр дэмжихээр болсон байна. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгож байгаа жижиг зээлийн зориулалтыг тодорхой болгох, зээлийн хугацааг нэмэгдүүлэхээр хуульд тусгасан нь байнгын ажлын байрыг өргөжүүлэх иргэдийн орлогын эх үүсвэрийн тогтвортой байдал, хэмжээг нэмэгдүүлэхэд үр нөлөө үзүүлнэ гэдгийг байнгын хорооны дарга онцоллоо. Бас Хөдөлмөрийн биржийн чиг үүргийг тодорхойлсон байна.

Засгийн газраас боловсруулсан Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн батлуулж, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нарын өргөн мэдүүлсэн Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг батлуулжээ. Энэ хууль өнөөдөр 34 мянган эхэд үйлчилж байгаа аж. Хяналт, шалгалтын үйл ажиллагааг Орхон, Дархан-Уул аймагт явуулж ШУА-тай хамтран «Нийгмийн салбарын тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга замууд» сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулжээ. Байнгын хорооноос НҮБ-ын Хүн амын сан, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Олон улсын валютын сан, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Монгол Улс дахь гадаад орнуудын Элчин сайдын яамд, суурин төлөөлөгчийн газруудтай хамтран ажиллаж ажил хэргийн уулзалтууд хийж байгаа аж. Чуулганы завсарлагаар тус байнгын хороо нэлээд ажил хийхээр төлөвлөөд байгаа юм байна. Засгийн газраас 2011 оныг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгосонтой холбогдуулж Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажилгүйдлийг бууруулах асуудлаар эрдэмтэд, шинжээчид, сонирхлын бүлгүүд, иргэд, төрийн болон төрийн бус байгууллагуудын саналыг сонсох мэдээлэл авах чиглэлээр “Хөдөлмөр эрхлэлт” нээлттэй  сонсгол  зохион байгуулахаар төлөвлөжээ.

Баянхонгор аймагт эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлтийн асуудлаар уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын Төсөл, Нийгмийн халамжийн тухай шинэчилсэн найруулгын төсөл тамхины тухай хуульд нэмэлт Өөрчлөлт оруулах, Хүүхдэд мөнгөн  тэтгэмж олгох тухай хуулийн төсөл, Монгол Улсын төрөөс баримтлах соёлын бодлогыг шинэчлэн батлах тухай тогтоолын төсөл, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай, Эхэд урамшуулал олгох тухай хуулийн төслийн ажлын хэсгүүд чуулганы завсарлагаар ажиллан намрын чуулганаар хэлэлцүүлэхэд бэлтгэх ажээ.

Байнгын хорооны ажлыг танилцуулах үеэр Эрүүл мэндийн тухай хуулийг шүүмжилж байгаа талаарх асуултад хариулахдаа, Энэ хууль сайн хууль болсон. Гагцхүү эмчийн хариуцлагын тогтолцоог хэт өндөржүүлсэн байна гэж зарим хүмүүс, Үйлдвэрчний эвлэлийн байгууллага үзэж байгаа. Би өөрөө эмч хүн. Тангараг өргөсөн эмчид хариуцлагын тогтолцоог өндөр тавих ёстой. Эрүүл мэндийн стандарт мөрдөх ёстой. Эрүүл мэндийн салбарт хариуцлагын тогтолцоо сул байгаа. Барилгачин хүн стандарт бус хана өрлөө гэхэд буулгаад дахин засаж өрж болно. Гэтэл эмч хүн бага ч гэсэн алдаа гаргавал засаж залруулна гэсэн ойлголт байхгүй. Эрүүл мэндийн салбарт их, бага алдаа гэж байхгүй. Эмч нар хариуцлага үүрэхгүйн тулд алдаа гаргахгүй байх ёстой. Хариуцлага алдсан хүн л хариуцлага хүлээнэ шүү дээ. Цөөн зарим хүн санаатайгаар, зохион байгуулалттайгаар хуульд шүүмжлэлтэй хандах тохиолдол гарсан гэлээ.

Эх сурвалж:Монцамэ сонин