“Монгол Улсын сонгуулийн зураглал” шинэ цахим хуудас мэндэллээ
2011.06.30

“Монгол Улсын сонгуулийн зураглал” шинэ цахим хуудас мэндэллээ

Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Орон нутгийн иргэдийн хурлын сонгуулийн дүнг олон нийтэд ил тод, нээлттэй болгох, улстөрч, эрдэмтэн судлаачид, оюутан сурагч, сонирхсон хэн бүхэнд сонгуулийн дүнд үнэлэлт дүгнэлт өгч дүн шинжилгээ хийх боломж олгох зорилгоор Сонгуулийн ерөнхий хорооны захиалгаар боловсруулсан “Монгол Улсын сонгуулийн зураглал” (http://www.electionmap.mn) цахим хуудсыг танилцуулах ажиллагаа өнөөдөр Төрийн ордонд болов.


Энэ цахим хуудсыг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Сонгуулийн тогтолцоогоор дамжуулан оролцоо, төлөөллийг нэмэгдүүлэх нь” төслийн хүрээнд Улс төрийн боловсролын академиас боловсруулж гаргажээ.УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар цахим хуудсыг танилцуулах ажиллагааг нээж хэлсэн үгэндээ, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран “Сонгуулийн тогтолцоогоор дамжуулан оролцоо, төлөөллийг нэмэгдүүлэх нь” төслийг 2010 оны тавдугаар сараас эхлэн хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд Сонгуулийн ерөнхий хорооны захиалгатай “Монгол Улсын сонгуулийн зураглал” электрон мэдээллийн санг байгуулах ажил байсан бөгөөд бид энэ төслийн хүрээнд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэн ажилласан болно.1990 оноос хойш Монгол Улс хэд хэдэн сонгуулийн тогтолцоог ашиглан УИХ-ын, Монгол Улсын Ерөнхийлөгчийн, Орон нутгийн ИТХ-ын сонгуулийг зохион байгуулан явуулсан билээ. Хэдийгээр сонгуулиуд тогтсон хугацаандаа, хуулийн дагуу болдог ч сонгогчдын оролцоо, улс төрийн намуудын сэтгэл ханамжийн байдал, төлөөллийг хангах зэрэг олон асуудлыг нарийвчлан судлах шаардлага байсаар байна.

Сонгуулийн ерөнхий хороо 1992 оноос хойшхи сонгуультай холбоотой бүхий л мэдээллийг цуглуулах, нэгтгэх, олон нийтэд мэдээллэх ажлыг зохион байгуулж ирсэн бөгөөд тус байгууллагын албан ёсны цахим хуудас дээр тухай бүр холбогдох мэдээллүүд тавигдаж байгаа юм. Одоо Сонгуулийн ерөнхий хорооны үйл ажиллагааг орчин үеийн технологийн дэвшлийг ашиглаж сонгогч, сонирхогч талуудад шаардлагатай мэдээллийг интерактив хэлбэрээр түгээх хэрэгцээ, шаардлага бий болоод байна. Иймээс төслийн үндсэн баримт бичигт тусгасан зайлшгүй хэрэгжүүлэх үйл ажиллагаанд Монгол улсын сонгуулийн зураглал интерактив мэдээллийн санг бүтээх ажлыг эхлүүлж, энэ төслийг Улс төрийн боловсролын академийн баг амжилттай хэрэгжүүлж дуусгалаа.

Өнөөдөр нээлтээ хийж байгаа энэхүү цахим хуудснаас Та бүхэн 1992-2009 оны хугацаанд болж өнгөрсөн Монгол Улсын Их Хурлын болон Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн, мэдээтэй танилцаж, эрдэм шинжилгээний эргэлтэд оруулах, цаашдын үйл ажиллагаандаа өргөнөөр хэрэглэх боломж бүрдэж байна. Монгол Улсын газрын зураг дээр тойрог бүрээр зурж үзүүлсэн нь нэн сонирхолтой бөгөөд энэ нь иргэд, хэвлэл мэдээллийн байгууллага, улс төрийн намууд, судлаачид мэдээллийг олж, ашиглахад хялбар болсон гэлээ.Дараа нь Сонгуулийн ерөнхий хорооны дарга Н.Лувсанжав үг хэлж, энэхүү цахим хуудас нь Монгол Улсын бүх шатны сонгуулийн үр дүнг олон нийтэд ил тодоор хүргэх, судалгаа, эрдэм шинжилгээний эргэлтэд оруулахад чухал ач холбогдолтойг онцлов.

Хэрэглэгчид энэхүү цахим хуудаснаас 1992 оноос хойш явагдсан Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Орон нутгийн сонгуулийн дүнг аймаг бүрээр болон нэр дэвшигчдийн мэдээллийг намын харьяалал, авсан саналын тоо, сонгуулийн тойрог зэрэг үзүүлэлтээр сонгож эрэмблэн харж болохуйцаар бүтээсэн байна. Мөн цахим хуудсыг бүтээхдээ Гүүглийн газрын зураг, хүснэгт, сайт зэрэг бүтээцийг ашигласан нь судлаачдад тухайн газар нутгийн байршлыг тогтооход амар хялбар болгожээ. Түүнчлэн аймаг, нийслэлийг өнгөөр ялгаж, нэр дэвшигчдийн мэдээллийг нийслэл, аймаг, сум, дүүрэг, тойргоор нас, хүйс, нэр дэвшүүлсэн субъектийн нэр, авсан саналын тооны хамт байршуулсан байна.Цахим хуудас танилцуулах ажиллагаанд УИХ дахь МАН, АН-ын бүлгийн ахлагчид, УИХ-ын зарим гишүүд, улс төрийн намын удирдлагууд, улс төр судлаач эрдэмтдийн төлөөлөл оролцлоо.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.