2011.07.26

Гурваас дээш хүүхэдтэй эхэд урамшуулал олгох төслийг хэлэлцүүлэгт бэлтгэнэ

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Очирбат, тус байнгын хорооноос хаврын чуулганы хугацаанд хийсэн ажлаа тайлагнаж өчигдөр хэвлэлийн бага ochirbat_suugaa_45хурал зарлав. Чуулганы хугацаанд байнгын хороо 14 удаа хуралдаж, давхардсан тоогоор 22 асуудал хэлэлцэж,14 санал, дүгнэлт, таван танилцуулга гаргаж, Ажлын хэсгүүд 18 удаа хуралдсан байна. Тус байнгын хороонд хандаж байгууллага, иргэдээс нийт 35 өргөдөл, 141 албан бичиг ирүүлсний хариуг өгч шийдвэрлэжээ. Байнгын хорооноос нийт дөрвөн тогтоол гарган ажиллажээ. Хэлэлцэн шийдвэрлэсэн хуулиудыг дурдвал, Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийг хэлэлцэн батлуулсан байна.  

Монголд болон гадаадад дээд боловсрол эзэмшихээр суралцаж байгаа, суралцаж төгссөн Монгол Улсын иргэн, түүнчлэн гадаадаас Монголд суралцагчид энэ хуульд хамрагдаж тэтгэлэг авах боломжтой юм байна. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэн батлуулжээ. Байнгын хорооноос хаврын чуулганы завсарлагааны хугацаанд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажилгүйдлийг бууруулах асуудлаар эрдэмтэд, шинжээчид, сонирхлын бүлгүүд, иргэд, төрийн болон төрийн бус байгууллагуудын саналыг сонсох, мэдээлэл авах "Хөдөлмөр эрхлэлт" нээлттэй сонсгол зохион байгуулахаар төлөвлөжээ.

Мөн С.Эрдэнэ нарын гишүүдийн санаачилсан Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Тамхины тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүүхдэд мөнгөн тэтгэмж олгох тухай хуулийн төсөл, Эхэд урамшуулал олгох тухай хуулийн төслүүдийг намрын чуулганаар хэлэлцүүлэхэд бэлтгэх аж. Эхэд урамшуулал олгох тухай хуулийн төсөлд гурван хүүхэд төрүүлсэн эхэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувьтай тэмцэх, дөрвөн хүүхэдтэй эхэд 75 хувь, таван хүүхэдтэй эхэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх мөнгөн урамшуулал олгохоор тусгажээ.


Мөн зургаан хүүхэд төрүүлсэн эхэд 175 мянга, долоон хүүхэдтэй бол 210 мянга, найман хүүхэдтэй эхийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх урамшуулал олгохоор хуулийн төсөлд тусгасан байна. Хуулийн төслийг Засгийн газар дэмжсэн бөгөөд намрын чуулганаар хэлэлцүүлэхэд бэлтгэнэ гэж байнгын хорооны дарга Д.Очирбат онцлов. Хэрэв хуулийн төсөл батлагдвал ээжүүдэд дээрх хэмжээний мөнгийг сар бүр олгох аж. Эхчүүдэд ингэж урамшуулал олгоход сард хоёр тэрбум гаруй, жилд 34 тэрбум төгрөг зарцуулах урьдчилсан тооцоо гарчээ.