2011.07.26

Эхчүүдэд тэтгэмж олгохоор тусгажээ

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Очирбат өчигдөр мэдээлэл хийв. Тэрбээр тус байнгын хорооноос хаврын чуулганы хугацаанд хийсэн ажлыг тайлагнасан юм. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо долоон, ochirbat_uruunduu_zogsooхуулийн төсөл хэлэлцсэнээс таван Хууль, Улсын Их Хурлын тогтоолын нэг төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар оруулж батлуулсан байна.Тодруулж хэлбэл, Эрүүл мэндийн" тухай хуулийн шинэчилсэн найруулга, Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хууль, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулга Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн батлуулсан гэнэ. Тор, засгийн зүгээс олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдийн одонгийн болзлыг хөнгөрүүлж, тодорхой мөнгөн урамшуулал дагалдуулж байгаа билээ. Харин УИХ-ын намрын чуулганаар Эхэд урамшуулал олгох тухай хуулийн төслийг хэлэлцэх ажээ.

Эхэд урамшуулал олгох тухай хуулийн төсөл батлагдсанаар гурван хүүхэд төрүүлж өсгөсөн эхэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувьтай тэнцэх хэмжээний, дөрвөн хүүхэдтэй  бол 75 хувь, таван хүүхэдтэй бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх, зургаан хүүхэдтэй бол  хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1.5 дахин нэмэгдүүлсэн буюу 210 мянган төгрөг, найм ба түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн эхэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэн хэмжээний урамшуулал олгож байхаар төсөлд тусгасан байна. Урамшууллыг эхчүүдэд сар бүр олгохоор хуулийн төсөлд оруулсан аж. Монгол Улсын хүн амын өсөлтийг нэмэгдүүлэх, олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдээ урамшуулахын тулд ийм арга хэмжээ авахаар болж буй гэнэ. Монголд одоогоор 0-16 насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй 24146 өрх байдаг юм байна. Хэрэв эхчүүдэд урамшуулал олгож эхэлбэл улсын төсвөөс сард хоёр тэрбум гаруй, жилд 30 орчим тэрбум төгрөг шаардлагатай болох юм байна.

Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын, Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын, Тамхины тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүүхдэд мөнгөн тэтгэмж олох тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн төсөл гэсэн голдуу халамжийн чиглэлийн хуулийн төслүүдийг намрын чуулганаар хэлэлцэх ажээ. Засгийн газраас нийгмийн халамжийн дэмжлэг туслалцааг ядуу, ядууралд өртөмхий хэсэгт түлхүү хандуулах зорилгоор Орлогыг орлуулан тооцох аргачлалаар өрхийн амьжиргааны түвшинг бодитоор тогтоож, нийгмийн халамж, нийгмийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхөд дэмжлэг үзүүлэх ядуу өрхийн тэтгэмжийг шинээр бий болгохоор хуулийн төсөл боловсруулаад өргөн барьжээ.

Ийнхүү мэдээлэл хийсний дараа Нийгмийн бодлого   боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын дарга Д.Очирбатаас "Танай байнгын хорооноос эрхэлж батлуулсан Эрүүл мэндийн хуулийг зарим эмч эсэргүүцэж ажил хаялт зарлахаа мэдэгдэж байсан. Энэ хуулийг судалгаа хэр хийж батлуулсан юм бэ" гэхэд

-Энэ нь сайн хууль болсон Гагцхүү эмчийн хариуцлагын тогтолцоог хэт өндөржүүлсэн байна гэж зарим хүмүүс, Үйлдвэрчний эвлэлийн байгууллага үзэж байгаа. Би өөрөө эмч хүн. Тангараг өргөсөн эмчид өндөр хариуцлага тавих ёстой. Эрүүл мэндийн салбарт хариуцлагын тогтолцоо сул байгаа. Барилгачин хүн стандарт бус хана өрлөө гэхэд буулгаад дахин засаж өрж болно. Гэтэл эмч хүн бага ч гэсэн алдаа гаргавал засаж залруулна гэсэн ойлголт байхгүй. Эрүүл мэндийн салбарт их, бага алдаа гэж байхгүй. Эмч нар хариуцлага үүрэхгүйн тулд алдаа гаргахгүй байх ёстой. Зарим хүмүүс санаатайгаар, зохион байгуулалттайгаар хуульд шүүмжлэлтэй хандаж бужигнуулах гэж оролдсон тал бол бий гэв.