Л.Болд: Эдийн засгийн түншлэлийн гэрээг ашиглан Монголдоо бүтээн байгуулалт хийхийн төлөө хамтдаа зүтгэе
016 оны хоёрдугаар сарын 3-ны өдрөөс албан ёсоор үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн Монгол-Хоккайдогийн эдийн засгийг дэмжих нийгэмлэгийн “Анхдугаар чуулга” уулзалт өнөөдөр төрийн ордонд болсон юм. Уулзалтад УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн дэд дарга Л.Болд оролцсон. Түүний хэлсэн үгийг хүргэж байна.
Энд цуглан ирсэн та бүхний амар амгаланг айлтгая.
Миний бие Гадаад Харилцааны Сайдаар ажиллаж байхдаа 2014 оны 02 дугаар сарын 09-12-ны өдрүүдэд Япон улсын Хоккайдо мужийн Саппоро хотноо зохиогдсон Монгол Хоккайдогийн хамтын ажиллагааны семинарт үг хэлж оролцсон юм. Байгаль, цаг уурын хувьд төстэй Монгол, Хоккайдогийн хооронд газар тариалан, мал аж ахуй, барилга, хот байгуулалт, аялал жуулчлалын салбарт өргөн хамтын ажиллагаа хөгжүүлэх боломж байгааг тэмдэглэсэн билээ. Энэ үед Монгол-Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хэрэгжиж эхэлсэн билээ. Мөн өнөөдрөөс энэ ярьсан бүхэн маань бодитоор хэрэгжиж эхлэх гэж байгаад маш их баяртай байна. Хоккайдо мужид хөдөө аж ахуй, байгаль орчин, барилгын салбар гээд олон салбарт хэрэгжүүлж буй туршлагаас Улаанбаатар хот, Монгол Улсад нэвтрүүлэх боломж бий гэдэгт итгэлтэй байна.
Бид бүгдийн энд цугласан шалтгаан бол эдгээр боломжуудыг бодит болгох, мөн Хоккайдо муж болон Хоккайдо мужийн байгууллагуудтай хамтарч ажиллах, туршлага солилцох, мөн харилцан ашигтай байдлаар хоёр улсынхаа хөгжилд хувь нэмрээ оруулах юм. Энэ уулзалтад Монгол Улс дахь Японы Элчин сайдын яамыг төлөөлж ирсэн Мачида Хидеакид талархсанаа илэрхийлье. Мөн ЖАЙКА компанийг төлөөлж ирсэн Савада Хиромид талархал илэрхийлж байна.
Манай нийгэмлэгийн зорилго нь Хоѐр улсын тэргүүлэх аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагаа, менежментийн болон мэргэжлийн арга барилыг солилцох, мөн ирээдүйн төслүүдийг санхүүжүүлэхэд оршино. Хоккайдо мужид хэрэглэгддэг, Монгол Улсад ашиглаж болохуйц техник технологиудыг оруулж ирэх, мөн тэдгээрийг ашиглан Монгол бүтээгдэхүүнийхээ чанарыг дээшлүүлж экспортлох, тэдгээр технологиудыг оруулж ирэхэд шаадрлагатай хөрөнгө оруулалтыг зуучлахад энэ нийгэмлэг нь ажиллах болно.
Мөн уг нийгэмлэг нь Монгол Улсад хэрэгтэй хөдөө аж ахуйн салбарт ашиглагдаж болохуйц техникийг оруулж ирэх нөхцлийг хөнгөвчлөх, Японы банкуудад зуучилж хөрөнгө оруулалт, зээл авах боломжийг бүрдүүлж өгөх ажлыг хэрэгжүүлнэ. Мөн хоёр орны Соёл, Боловсрол, Бизнес солилцоог улам идэвхжүүлж ажиллах болно. Уг нийгэмлэг нь Япон улсад болох сургалт, семинар, хөрөнгө оруулалтын чуулга уулзалтад идэвхтэй оролцож цаашдын амжилтын төлөө мэрийнэ гэж итгэж байна. Гишүүн компаниуддаа Япон улсын зах зээлийг ойлгуулахад байнга туршлага судалж, шинэ санаа гарган дэмжин ажиллах болно.
Цаашид, нийгэмлэг нь Монгол, Япон компаниудтай хамтран олон төслийг хэрэгжүүлэх болно. Жишээ нь: Шинэ шаргалжуут төсөл дээр Япон улсад хийгдсэн сүүлийн үеийн технологийг ашиглан Монгол Улсынхаа аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтой юм. Үүнээс гадна ЖАЙКА-ийн оруулж ирсэн хурдан угсрагддаг модон байшинг уг төслүүд дээр ашиглах боломжтой гэж бодож байна. Мөн Баянхонгор аймгийн Шаргалжуут Рашаан сувиллын газрын Цэвэрлэх байгууламжийг шинэчлэх, шинээр байгуулахад ЖАЙКА компанийн дэмжлэг чухал гэдэгт итгэж байна.
Бас нэг жишээ дурьдахад “Хөх Нуурын Хаялга” сан нь 500 цагаан сарлаг худалдаж авсан бөгөөд тэдгээрийн үр шим, цагаан идээ, үс ноосыг нь боловсруулахад Япон технологи нэн чухал гэдэгт эргэлзэхгүй байна. Мөн энэ төсөл дээр ЖАЙКА байгууллага сайн дурын мэргэжилтнээ оролцуулж шаардлагатай техник технологийг хамтран судалж, хамтран ажиллах боломжтой гэдгийг дурьдахад таатай байна.
Цаашид бид дэм дэмэндээ, дээс эрчиндээ гэдэг шиг энэ компаниуд, мөн эрч хүч, хүсэл тэмүүллээр дүүрэн залуучууд эвлэлдэн нэгдэж, идэвхтэй оролцож, Эдийн засгийн түншлэлийн гэрээг ашиглан Монголдоо бүтээн байгуулалт хийхийн төлөө хамтдаа зүтгэе.