2017.03.20
Б.Бямбасайхан: Бизнест тогтвортой орчин, төрийн тууштай дэмжлэг хэрэгтэй
Leaderships forum” булангийн зочноор “Нова Терра” компанийн захирал, Монголын бизнесийн зөвлөлийн Удирдах зөвлөлийн дарга Б.Бямбасайханыг урилаа.
АЛДААГАА ДАВТАХГҮЙ БАЙХ НЬ ХӨГЖИХ НЭГ БОЛОМЖ
-Манай улсын хувьд өнгөрсөн хугацаанд хийсэн алдаагаа ойлгох хэрэгтэй. Ингэснээр оношоо зөв гаргаж, ямар жор хэрэглэх вэ гэдгээ мэдэх боломж бүрдэнэ.
Энэ нь цаашид хэрхэн хөгжих вэ гэдэг гарцыг тодорхой болгож өгөх юм шүү дээ. Аливаа ажлыг хийж, гүйцэтгэхэд алдаа гарна, хамгийн гол нь алдаагаа давтахгүй байх нь чухал. Хөгжиж байгаа улсын орны эдийн засагт алдаа, оноо гардаг, түүнийгээ туулж бардаг.
Манай улсын эдийн засгийг бусад оронтой харьцуулахад нээлттэй, боломжтой, эрх зүйн орчин нь байнга сайжирдаг гэдгийг хүлээн зөвшөөрөх учиртай. Бүхий л зүйл болохгүй, бүтэхгүй байгаа мэтээр ойлгож, ярих нь буруу юм. Тиймээс аливаа зүйлийг зөв талаас нь харж, ирээдүйд сайн зүйлийг үлдээхийн төлөө ажиллах нь нийгэмд хүлээж буй үүрэг. Эндээс харвал, бусадтай харьцуулахад бидэнд боломж бий.
Магадгүй томоохон төслүүдээ хэрэгжүүлж чадахгүй байна гэж шүүмжлэх байх. Энэ нь шат, шатнаас хамааралтай алдаатай шууд холбоотой гэдгийг хүлээн зөвшөөрч алдаагаа засаж, сайжруулахын төлөө ажиллах хэрэгтэй. Том төслийг хэрэгжүүлэхийн тулд төр, хувийн хэвшлийн түншлэлийг сайтар хөгжүүлэх нь зүйтэй. Эцсийн дүндээ, сайн жишиг болж, цаашид авч хэрэгжүүлэх төслүүдэд сургамж, үлгэр жишээ болох нь чухал. Жишээлбэл, их цасанд дарагдсан замаар том машин түрүүлж явснаар дараагийн машинд явах замыг нь засч өгдөг шүү дээ. Түүнтэй яг адил. Тиймээс эхний алхмыг зөв хийж, замаа сайн засах учиртай юм. Өөрөөр хэлбэл, том төслүүд хөдөлснөөр жижиг төслүүд хэрэгжих, эдийн засагт өгөөжөө өгөх замыг засч буй нэг хэлбэр.
Ер нь хийж чадахгүй байна, болохгүй байна гэх шалтаг тоочихоос илүүтэй олон улсын стандартын дагуу ямар арга хэмжээ авч, хэрэгжүүлснээ тайлбарлах нь чухал. Энэ нь дараа, дараагийн ажилд сайн нөлөө үзүүлнэ. Бид хууль эрх зүйн орчин, төрийн бодлого муу байгаагаас үүдэлтэй алдаж байгаа мэтээр ойлгож байсан. Гэвч манай улсын хууль эрх зүйн орчин, төрийн бодлого нь бизнест чөдөр болж байна гэдэг ташаа зүйл.
Хуулийг хэрхэн тайлбарлах вэ гэдгээс олон зүйл хамаардаг гэдгийг харсан. Тиймээс алдаагаа давтахгүйн тулд тогтвортой орчныг бий болгох хэрэгтэй юм шүү дээ. Манай улсын хувьд хууль эрх зүйн орчин, төрийн бодлого муу гэвэл өрөөсгөл. Харин хэн хэрхэн тайлбарлаж байгаа вэ гэдгээс хамаарч асуудал үүсч ирсэн. Энэ нь гадаадын хөрөнгө оруулагчдыг татаж оруулахад саад учруулдаг.
Өөрөөр хэлбэл, бизнес итгэлцэл дээр тогтдог. Тэгэхээр манай улсад итгэх нөхцлийг бууруулснаар сөрөг үр дагавар гарч байгаа хэрэг. Хэчнээн ашигтай сайн төсөл байсан ч эдийн засгийн орчин тогтвортой байснаар орчны үнэлгээг гаргахад хүнд байдал үүсгэнэ. Бид энэ зовлонг туулаад өнгөрч байна. Монголын эдийн засаг, хууль эрх зүйн орчныг үнэлэх явцад тодорхойгүй зүйл олон байгааг гадны хөрөнгө оруулагчид хэлдэг. Жишээлбэл, үнэлэхэд бэрхшээлтэй зүйл байгаа нь ойлгомжгүй байдлыг үүсгэнэ.
Энэ нь бизнесийнхэнд тийм ч таатай орчин биш гэдгийг харуулж буй хэрэг. Тэгэхээр энэ байдлаа засч, сайжруулах нь нэн тэргүүнд хийх ажил юм. Бизнесийнхний хувьд чөлөөт зах зээлийн зарчмаар ажиллахыг илүүд үздэг. Үүний тулд төрийн зүгээс ойлгомжтой, тогтвортой орчныг бүрдүүлэхийг хүсдэг шүү дээ. Өнөөдрийн тухайд макро эдийн засгийн орчин тогтвортой болж байгаа нь сэргэх боломжийг бүрдүүлж байна.
ЗӨВ МЭДЭЭЛЭЛ ЭДИЙН ЗАСГИЙГ СЭРГЭЭНЭ
-Манай улсын эдийн засаг, нийгмийн орчин олон субъектээс бүрддэг. Тиймээс бүгд идэвхтэй оролцох ёстой. Түүнээс гадна зөв мэдээлэлтэй байх нь чухал.
Мэдээллийг боловсруулахдаа бодит баримт дээр тулгуурлан зөв аргачлалаар хийж, зөвлөмж гаргах нь эдийн засагт хэрэгжих боломж өндөр. Энэ нөхцөл байдлыг бизнесийнхэн хүсдэг. Бодит байдалтай нийцэхгүй, хийсвэр дүн шинжилгээ нь асар өндөр хохирол учруулна. Үүнийг цаг хугацаа бидэнд харуулсан, гашуун сургамж. Тэгэхээр мэргэжлийн хүмүүсээр баг бүрдүүлэн бодит судалгаа, шинжилгээ хийх хэрэгтэй. Энэ нь төрөөс гаргах шийдвэрт нөлөөлж, эдийн засгийн орчин болоод нийгэмд эерэгээр нөлөөлөх боломжийг бүрдүүлнэ.
Хамгийн гол нь эдийн засгийг сэргээх, бизнесийг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой. Ялангуяа гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад тодорхой орчныг бүрдүүлж буй хэрэг.
Би дээр хэлсэнчлэн алдаагаа засах нь ирээдүйд хөгжих боломжийг нээж өгнө. Тийм ч учраас бид ОУВС, зээл өгч байгаа бусад улс орнуудтай хамтарч ажиллахаар боллоо. Ингэснээр макро эдийн засгийн ойлгомжтой байдлыг бий болгоно. Үүнийг эртнээс хүсч байсан. Хэдийгээр хугацаа хожимдсон ч гэлээ эхлүүлж байгаа нь сайн хэрэг.
Ер нь макро эдийн засгийн ойлгомжтой байдлыг бий болгоход бодлогын шийдвэр чухал. Энэ шийдвэрийг гаргаснаар эдийн засгийг сэргээх боломж бүрдэнэ. Хамгийн гол нь боломжийг цаг тухайн үед нь дэмжээгүйгээс алдсан гэдгийг ойлгох хэрэгтэй. Учир нь цаг хугацаа биднийг хүлээдэггүй. Энэ нь эцсийн дүндээ эдийн засагт сөргөөр нөлөөлж байгаа юм шүү дээ.
БИЗНЕСТ ТУУШТАЙ ДЭМЖЛЭГ ЧУХАЛ
Эдийн засгийн бодлогоос хамааралтай үр дагавар олон жилийн дараа гардаг. Жишээлбэл, дэд бүтцэд хөрөнгө оруулалт хийснээр гарах үр дүнг олон жилийн дараа мэдэх боломжтой.
Өөрөөр хэлбэл, цахилгаан станц барьснаар 4-5 жилийн дараа үр дүнгээ өгч эхэлнэ. Гэхдээ одоо л хийхгүй бол цаг хугацаа биднийг хүлээхгүй шүү дээ. Зах зээлийн нийгэмд бизнесийнхэн эдийн засагт илүү байр суурийг эзэлж байна.
Зах зээл дээр хормын төдийд өөрчлөгдөх орчинд үйл ажиллагаа явуулдаг, эмзэг орчинтой бизнесийнхэн нүүр тулж, хүчээ үздэг. Үүнийг тогтвортой орчноор, тууштай дэмжлэгээр бэхжүүлж, үр өгөөжийг нь хүртэх учиртай.
Нэг буруу алхам хийснийхээ дараа гарахын тулд олон эрсдлийг үүрдэг. Энэ нөхцөл байдлаас хамгаалахын тулд өөрөөсөө шалтгаалах зүйлсийг дүрмийн дагуу ягштал биелүүлснээр зөөлөн газардах боломж бий гэдгийг харж байна. Мэдээж энэ эрсдлийг эртнээс мэдэж, хамгаалалт хийсэн компаниуд алдагдлыг бууруулан, шинэ технологи нэвтрүүлэн зардлаа багасгах замаар ажилласан нь хүнд байдлыг давах нэг боломж нь байсан.
Сүүлийн 27 жилийн туршлагаас харвал зөв зүйлийг маш хурдацтайгаар эхлүүлдэг. Магадгүй сайн ойлгоогүй байх ч үе бий. Үүнийг сайн чанар гэж харвал, тууштай дэмжих чанар нь дутаад байх шиг. Тэгэхээр тодорхой салбарт үйл ажиллагаа явуулахын тулд олон жилийн турш тууштай, тогтвортой байдал чухал. Ингэснээр компаниудын өрсөлдөх чадварыг сайжруулахад голлох үүрэг хүлээдэг. Манай улсын бизнес эрхлэгч, үйлдвэрлэгчид тогтворгүй орчноос үүдэлтэй эрсдлийг үүрч ирсэн. Эцэст нь даахгүй болж байгаагаа илэрхийлж байсан.
Одоогоор энэ эрсдлийг дотоодын болон гадаадын хөрөнгө оруулагчид харж байгаа учраас маш болгоомжтой хандаж байгаа юм. Гэхдээ тогтворжих хандлага ажиглагдах тэр үеэс манайх руу хөрөнгө оруулалт хийх гадны болон дотоодын томоохон компанийн урсгал эргэнэ гэдэгт итгэлтэй байна. Эцэст нь хэлэхэд урт хугацааны төлөвлөгөөтэй, ойлгомжтой, тогтвортой орчныг бүрдүүлж, тууштай дэмжих нь эдийн засгийг сэргээхэд томоохон дэмжлэг болох юм. Ялангуяа сэргээгдэх эрчим хүчний салбарт хөрөнгө оруулснаар зарим тохиолдолд 30 жилийн дараа өртгөө нөхөх боломж гардаг төслүүд бий. Ингэхийн тулд өндөр хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай.
Үүнийг оруулж ирэхийн тулд бизнесийн орчин, хууль эрх зүй, төрийн тогтвортой бодлого ямар хугацаанд хэрэгжих вэ гэдэг тодорхой байх нь чухал. Урт хугацааны тогтвортой бодлого нь дэд бүтцийн салбарт орж ирэх хөрөнгө оруулалтад шууд нөлөөлнө гэж болно. Боломж байгаа хэдий ч тогтвортой байдал нь тодорхой биш нөхцөлд зоригтойгоор хөрөнгө оруулалт хийж эрсдэл үүрэх бизнес эрхлэгч байхгүй гэдгийг л ойлгох хэрэгтэй.
УЛС ТӨРИЙН ХАМААРЛЫГ БУУРУУЛАХ ХЭРЭГТЭЙ
Манай улс 20 жилийн өмнө явуулсан бодлогын үр дүнд дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн сайн боловсон хүчнийг бэлтгэж ирсэн.
Үүний дүнд манай улсын залуу боловсон хүчин хаана ч ажилласан гологдохооргүй байгааг бид мэдэж байгаа. Эдийн засаг урт хугацааны тоглолтын үр дүнд ашгаа өгдөг зүйл. Гэхдээ тогтвортой орчин, тууштай дэмжлэгийн нөлөөгөөр эерэг үр дүн гарна.
Өнөөдрийн өндөрлөгөөс харвал, олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн боловсон хүчин манай улсад бий. Харин түүнийг хэрхэн ашиглах вэ, эдийн засагт оруулах хувь нэмрийг нь хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдгийг анхаарах хэрэгтэй. Гэвч зөвхөн онолын мэдлэг эзэмшихээс гадна ажлын туршлага хуримтлуулах ёстой юм.
Ажлын туршлага хуримтлуулах боломж манай улсад бий. Үүнийг ашиглан эдийн засгийг сэргээх боломжуудыг эрэлхийлэх учиртай. Ер нь улс төрөөс хэт хамаардаг байдлыг сааруулах хэрэгтэй гэж боддог. Учир нь хөгжсөн орнуудад улс төрийн сонгуульд цөөхөн хүн санал өгдөг юм билээ. Ийм улс орны эдийн засаг гайгүй явдаг.
Тодруулбал, тухайн хүний амьдралд нөлөөлөх улс төрийн нөхцөл байдал бага байна. Манай улсын хувьд улс төрийн нөлөө төдийлөн байхгүй болж байгаа давхарга бий болж байна. Гэхдээ улс төрийн амьдралд идэвхтэй оролцох нь зүйтэй боловч зөв талаас нь залж, чиглүүлэхэд анхаарах ёстой. Ингэхийн тулд намд элсэж, улстөрч болох ёстой гэсэн үг биш. Харин бодлого боловсруулах, улстөрчдөд зөв мэдээлэл өгөх зэрэгт хэрхэн нөлөөлөх вэ гэдгээс олон зүйл хамаарна.
ЦАГ ХУГАЦААТАЙ УРАЛД
-Монгол Улс эрчим хүчний асар их нөөцтэй учраас хугацаа алдахгүй ашиглах хэрэгтэй. Тэр дундаа сэргээгдэх эрчим хүчийг уламжлалт эрчим хүчтэй хослуулан ашиглах нь зөв.
Бид хөрш орнуудын зах зээлд эрчим хүчийг экспортлон валютийн урсгалыг дотоодод шингээх чадавхитай. Хамгийн гол нь өөрсдөөсөө шалтгаалах зүйлээ ягштал биелүүлэх учиртай. Цаг хугацаа биднийг хүлээхгүй гэдгийг хатуу санах ёстой. Япон, Солонгос, Хятадын эдийн засаг биднээс огт хамааралгүйгээр өссөөр байх болно. Үүний тулд төрийн бодлого ойлгомжтой, тогтвортой байх нь томоохон дэмжлэг болох юм.
Цаг хугацаа хүлээхгүй гэдгийг тодруулах нь зүйтэй. Технологи амьдралын хэмнэлийг асар богино хугацаанд өөрчилж байна. Өнөөдөр монголчууд сүүлийн үеийн техник технологийг хэрэглэж байгаа шүү дээ. Тэгэхээр дэлхийтэй хөл нийлүүлэн алхаж байгаа энэ үед эрчим хүчийг технологийн дэвшлээр шийдэх боломж бүрдэхээс өмнө бид өөрсдийн нөөц бололцоог ашиглан хөрөнгө босгох, мөнгөний урсгалыг наашлуулах нь зүйтэй.
Яагаад гэвэл, эрчим хүчийг холын зайнд, алдагдал багатайгаар дамжуулах технологи хөгжиж байгаа нь биднийг цаг хугацаа хүлээхгүй шүү гэдэг дохио болж байгаа юм. Энэ мэтчилэн технологийн шинэ боломж манай улсад байгаа нөөцийг ашиглах боломжийг бууруулахаас өмнө бид түрүүлж алхах хэрэгтэй. Үүнийг л цаг хугацаатай өрсөж хийх нь чухал гэдгийг онцолмоор байна.
Бүс нутгийн хөгжил хаана явааг сайтар ойлгосноор ямар тоглолт хийж улс орныхоо эдийн засагт ашиг авч ирэх вэ гэдгийг урт хугацаанд тооцоолох тэр боломжийг бүрдүүлэх ёстой. Өнөөдрийн байдлаар бусдаас хамааралгүйгээр хөгжих боломжгүй гэдгийг ойлгосон. Тиймээс хөрш орнуудынхаа нийгэм эдийн засгийн нөхцөл байдалд тулгуурлан, тооцоо, судалгааны үндсэн дээр сайн ажиллах нь зүйтэй. Энэ нь улс төртэй ямар ч хамааралгүй бөгөөд холын зорилгыг зөв тодорхойлж, зөв алхам хийх нь улсын хөгжилд чухал ач холбогдолтой юм.
БЛИЦ:
- Хөрөнгө оруулалт, төслийн менежментийн “НоваТерра” компанийн захирал.
- Монголын Бизнесийн Зөвлөлийн Удирдах зөвлөлийн дарга.
- Ногоон Барилгын Хүрээлэнгийн Удирдах зөвлөлийн дарга.
- Монголын Байт Харвааны Холбооны Дэд ерөнхийлөгч.
- Монгол Улсын Их Сургууль, Монголын Урлагийн Зөвлөл болон АНУ дахь “Зориг Сан”-гийн Удирдах зөвлөлийн гишүүн.
- Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Өргөмжит консулаар 2012 оноос хойш томилогдон ажиллаж байна.
- 2014 онд Дэлхийн эдийн засгийн чуулганаас “Дэлхийн залуу манлайлагч”-аар тодруулсан.
Д.Оюунчимэг