Экспертүүд Ж.Эрдэнэбатын Засгийн газарт үнэлэлт дүгнэлт өгнө
“Монголын эдийн засгийн чуулган 2017” 3 дугаар сарын 30, 31-ний өдрүүдэд Төрийн ордонд болно. Манай улсын эдийн засгийн хамгийн том хэлэлцүүлгийн энэ жилийн сэдэв нь "Тогтвортой бодлого, хариуцлагатай түншлэл" юм.
Бодлого тодорхойлогчид, гадаад, дотоодын хувийн хэвшил, олон улсын болон иргэний нийгмийн байгууллага, судлаачид нэг дор чуулдаг тус арга хэмжээнд 1500 гаруй хүн оролцох төлөвтэй байна.
Чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат үг хэлэх бол хоёр дахь өдөр буюу чуулганы сүүлийн өдрийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нээнэ. Харин чуулганыг хааж Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Монголын эдийн засгийн чуулганыг зохион байгуулах ажлын хэсгийн дарга Ж.Мөнхбат үг хэлнэ.
Энэ удаагийн чуулган нь Шинэ Засгийн газар байгуулагдаад 7 сар, Ерөнхий сайд томилогдоод 8 сарын хугацаа өнгөрсөн, бондын төлбөрийг төлөх тодорхой шийдэл гаргасан, ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдахыг эцэслэн шийдээгүй байгаа үед болж байгаагаараа онцлог.
Тиймээс ч чуулганд оролцох экспертүүд Хөгжлийн банкны бондыг Хуралдай бондоор сольсон нь хэр зөв шийдэл байв, ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдах нь зайлшгүй сонголт мөн үү, улсын макро эдийн засгийн төлөв байдал ямар байна, хөрөнгө оруулалтын орчин дээрдэв үү, томоохон төслүүдээ хөдөлгөсөн үү зэрэг асуудлыг хөндөх нь гарцаагүй бөгөөд Засгийн газрын үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөх болов уу гэж бодож байна.
Ж.Эрдэнэбат нь эдийн засгийн хүндрэлтэй үед өмнөх УИХ, Засгийн газрын алдаатай бодлогыг залруулах, шинэ Засгийн бодлогыг хэрэгжүүлэх үүрэг хүлээн ажиллаж байна.
Ерөнхий сайд ажлаа аваад удаагүй бизнес эрхлэгчдийг дэмжинэ, тэдэнд аливаа дарамт учруулдаг байдлыг арилгаж, хамтран ажиллахаа илэрхийлж байсан. Тэгвэл уг чуулганаар бизнес дахь төрийн зохистой оролцоо, бизнесийг эрх зүйгээр дэмжих, төр, хувийн хэвшлийн түншлэл зэрэг асуудлыг хөндөнө. Энэ үеэр Засгийн газар бизнес эрхлэгчдийг дэмжинэ гэсэн амлалтдаа хэр хүрсэн болохыг экспертүүд дүгнэх биз.