УИХ-ын гишүүн Л.Болд ХБНГУ-ын шинэхэн Ерөнхийлөгчтэй уулзав
2017.02.15

УИХ-ын гишүүн Л.Болд ХБНГУ-ын шинэхэн Ерөнхийлөгчтэй уулзав

УИХ-ын гишүүн, Монгол Германы парламентын бүлгийн дэд дарга Л.Болд ХБНГУ-ын Ерөнхийлөгчөөр өчигдөр сонгогдсон Франк Вальтер Штайнмайертай уулзаж баяр хүргэн хоёр улсын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Франк Вальтер Штайнмайер нь Германы Гадаад харилцааны сайд байхдаа Монгол Улс, ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болдын урилгаар 2014 оны 7-р сард манай улсад  албан ёсны айлчлал хийж байсан юм.

Монгол, Германы ард түмний уламжлалт, найрсаг харилцааны түүхийг баяжуулан, хамтын ажиллагааг цаашид эрчимжүүлэх, харилцааны түвшинг ахиулахад тус айлчлал чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй буйгаа Л.Болд сайд тухайн үед илэрхийлж байв.

16780311_1420833804607245_535585281_nУлаанбаатар хот, Гадаад харилцааны яам 2014 он

Ф.В.Штаймайерийн зүгээс ХБНГУ нь Монгол Улсын Зэвсэгт хүчний алба хаагчид тус улсын энхийг сахиулагчидтай мөр зэрэгцэн Афганистанд олон улсын ажиллагаанд оролцож буйд талархалтай байдгийг тэмдэглээд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг цаашид эдийн засаг, ашигт малтмал, байгаль хамгаалал, байгаль орчинд ээлтэй технологи, сэргээгдэх эрчим хүчний салбарт түлхүү хөгжүүлэхээр хоёр тал тохиролцоонд хүрч байсан юм.

Үүнээс гурван жилийн дараа тухайн үеийн хоёр улсын Гадаад харилцааны сайд нар, одоогийн ХБНГУ-ын шинэхэн сонгогдсон Ерөнхийлөгч, Монгол Улсын Их хурлын гишүүн нар Берлин хотноо уулзалдаж байгаа нь энэ юм.

Энэ цаг мөчүүдэд ХБНГУ-д Берлиний Олон улсын кино наадам зохион байгуулагдаж байгаа бөгөөд тус наадмын “Энхийн төлөө кино” номинацид “Тусгай салаа” телевизийн олон ангит кино, “Хар сүлдний нууц” баримтат кино ялагчийн шагналыг хүртээд байгаа юм.

УИХ-ын гишүүн Л.Болд Батлан хамгаалах яамны сайдаар ажиллаж байх хугацаандаа дээрх кино төслүүдийг санаачлан, хэрэгжүүлэхэд гар бие оролцож байсан бөгөөд кино багийнхны хамт энэхүү олон улсын кино наадамд уригджээ.