Хэлэлцээрт нэгдэн орох асуудлыг зөвшилцөв
АБГБ-ын Байнгын хорооны хуралдаан
2017.02.01

Хэлэлцээрт нэгдэн орох асуудлыг зөвшилцөв

АБГБ-ын Байнгын хорооны хуралдаанаар үргэлжлүүлэн Засгийн газраас энэ оны 01 дүгээр сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Дэлхийн худалдааны байгууллагын олон талт хэлэлцээрийн “Иргэний агаарын хөлөг худалдах тухай хэлэлцээр”-т нэгдэж орох тухай төслийг зөвшилцөв. Энэ талаархи хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат танилцуулсан юм.

Иргэний нисэхийн салбар нь манай улсын нийгэм, эдийн засгийн онцгой чухал бүрэлдэхүүн болохын хувьд агаарын тээврийн зах зээлийг өргөжүүлэх, агаарын хөлгийн тоо, хүчин чадлыг нэмэгдүүлэх, технологийн цаашдын хөгжлийг олон улсын түвшинд хүргэх зорилгоор иргэний агаарын хөлөг, түүний сэлбэг, тоног төхөөрөмж худалдан авах ажиллагааг хялбарчлан Засгийн газраас татварын бодлогоор дэмжих зайлшгүй шаардлага гарч байна.

Иймээс Монгол Улс Дэлхийн худалдааны байгууллагын олон талт хэлэлцээрийн “Иргэний агаарын хөлөг худалдах хэлэлцээр”-т нэгдэж орох нь зүйтэй хэмээн Засгийн газар үзэж, энэүү хэлэлцээрт нэгдэн орох асуудлыг Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр оруулж ирж байгааг Зам тээврийн хөгжлийн сайд илтгэлдээ дурдав.

Дэлхийн худалдааны байгууллагын олон талт хэлэлцээрийн “Иргэний агаарын хөлөг худалдах хэлэлцээр” нь 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүчин төгөлдөр болсон бөгөөд одоогоор 32 улс нэгдэж ороод байгаа аж. Хэлэлцээрийн гол зорилго нь иргэний агаарын хөлөг, хөдөлгүүр болон холбогдох тоног төхөөрөмжийн худалдаанд үүсч байгаа бэрхшээлийг арилгахад чиглэсэн, цэргийн зориулалттайгаас бусад агаарын хөлөг болон тоног төхөөрөмж, эд ангийг импортын болон гаалийн татвар, бусад хураамжаас чөлөөлөхөд чиглэгддэг байна. Үүнд иргэний агаарын бүх хөлөг; иргэний агаарын бүх хөлгийн хөдөлгүүр, түүний эд анги, бүрэлдэхүүн хэсэг багтдаг аж.

Одоогийн байдлаар манай улсад 25 агаарын хөлөг бүртгэлтэйгээс нислэгт тэнцэх чадварын гэрчилгээтэй 19 агаарын хөлөг бүхий 9 агаарын тээвэрлэгч үйл ажиллагаа явуулдаг байна. Агаарын тээврийн байгууллагууд нь өндөр үнэ бүхий агаарын хөлгийг шууд худалдан авч ашиглахад хөрөнгө санхүүгийн боломжгүйгээс одоогоор нийт 5 агаарын хөлгийг түрээсээр авч ашиглаж байгаа аж.

Иймээс Монгол Улс уг хэлэлцээрт нэгдэж орсноор агаарын хөлөг, түүний сэлбэг, тоног төхөөрөмжийн худалдаанд учирдаг саад бэрхшээлийг багасгаж, хялбаршуулснаар арилжааны агаарын тээврийн салбараас гадна хөдөө аж ахуй, түргэн тусламжийн ерөнхий зориулалтын агаарын тээврийн салбарын хөгжилд чухал алхам болно. Манай улсын дотоодын эрх зүйн зохицуулалтын тухайд иргэний агаарын зорчигч тээврийн хөлөг, түүний сэлбэг нь нэмэгдсэн өртгийн болон гаалийн татвараас чөлөөлөгддөг бол энэхүү хэлэлцээрт нэгдэн орсноор цэргийн зориулалттайгаас бусад иргэний агаарын бүх төрлийн хөлөг, тэдгээрийн хөдөлгүүр, эд анги, бүрэлдэхүүн хэсэг, газар дээрх нислэгийн бүх дадлагажуур болон эд анги, иргэний агаарын хөлгийн засвар үйлчилгээ зэрэг нь гаалийн татвараас чөлөөлөгдөх боломж бүрдэнэ гэдгийг сайд илтгэлдээ онцоллоо.

Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар, С.Батболд, Н.Энхболд, О.Содбилэг, Ж.Энхбаяр нар салбарын сайдаас асуулт асууж тодруулан хариулт авсан юм. Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, манай улс энэ хэлэлцээрт нэгдэж орсноор батлан хамгаалахаас бусад бүх төрлийн агаарын хөлөг, түүний эд анги, сэлбэг хэрэгсэл гаалийн татваргүй орж ирэх боломжтой болно.

Навигацийн орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр Зам тээврийн хөгжлийн яам, Иргэний нисэхийн ерөнхий газраас ажлын хэсэг гарган холбогдох асуудлыг судалж боловсруулах, яриа хэлэлцээ хийх үүрэг даалгавар аваад ажиллаж байгаа. БНСУ, Японы агаарын тээврийн хөлгүүдийн Европ руу хийдэг нислэгүүдийг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайрч өнгөрдөг болгох нь навигацийн орлого нэмэгдэх чухал ач холбогдолтой. Энэ чиглэлээр БНСУ, Хятадын талтай ярилцаж байгаа. Мөн агаарын тээврийн шинэчлэлт хийх, нислэгийн тоо болон Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайрч өнгөрдөг иргэний агаарын тээврийн хөлгийн тоог нэмэгдүүлэх асуудалд анхаарч ажиллаж байгаа гэлээ.

Түүнчлэн Хөшигийн хөндийд баригдсан олон улсын шинэ нисэх буудлын менежментийн асуудлын талаархи хэлэлцээг Японы талтай хийж байгаа. Энэ оны 6 дугаар сараас Казахстаны Астана хот руу нислэг үйлдэх асуудал шийдэгдсэн. Мөн нислэгийн тийзний үнийг хямдруулах боломж, арга замыг эрж хайх, судлах, холбогдох талуудтай ярилцаж шийдвэрлэх чиглэлээр ажлын хэсэг гарган ажиллуулж байгаа гэдгийг хэллээ.

Ингээд санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь Дэлхийн худалдааны байгууллагын олон талт хэлэлцээрийн “Иргэний агаарын хөлөг худалдах тухай хэлэлцээр”-т нэгдэж орохыг дэмжсэн тул уг асуудлыг зөвшилцсөн талаархи Байнгын хорооны санал, дүгнэлт, хуралдааны тэмдэглэлийг Засгийн газарт хүргүүлэхээр тогтлоо