Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах хүсэлтээ илэрхийллээ
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Евроазийн эдийн засгийн холбооны Зөвлөлийн гишүүн, хатагтай Валовая Татьяна Дмитриевна
2017.02.03

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах хүсэлтээ илэрхийллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр манай улсад айлчилж буй Евроазийн эдийн засгийн холбооны Зөвлөлийн гишүүн, хатагтай Валовая Татьяна Дмитриевна тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Монгол Улсын Засгийн газар болон Евроазийн эдийн засгийн холбоо хоорондын хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж байгаад сэтгэл хангалуун байна. Монгол Улс Евроазийн эдийн засгийн холбоотой Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах хүсэлтэй байгаа бөгөөд энэ талын судалгааны хамтарсан баг ажиллуулахад бэлэн байгаагаа Ерөнхий сайд илэрхийлэв.

Евроазийн эдийн засгийн холбооны Зөвлөлийн интеграцчлал, макро эдийн засгийн асуудал эрхэлсэн гишүүн, хатагтай Валовая Татьяна Дмитриевна, Ерөнхий сайдын саналыг дэмжиж, гишүүн орнууд хамтын шийдвэрээ гаргаж, та бүхэнд удахгүй хариу өгнө гэдгээ хэллээ. Сүүлийн жилүүдэд хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа хангалтгүй, 2010 оны төвшиндөө л байна, иймд  Евроазийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудын болон Монгол Улсын бизнес эрхлэгчид оролцсон форум хийх хэрэгтэй байгааг хатагтай Валовая Татьяна Дмитриевна онцоллоо.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Бизнес форум зохион байгуулахыг дэмжиж байна, талууд ярилцаад хугацаагаа товолъё. Манай монголчууд бол  Евроазийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудын, ялангуяа ОХУ-ын бараа бүтээгдэхүүнийг хэрэглэж сурсан, чанартай гэж ойлгодог уламжлалт сэтгэлгээтэй ард түмэн. Тийм учраас таны холбооны гишүүн орнуудын хөрөнгө оруулагчид  Монгол Улсад  хөрөнгө оруулахад нээлттэй, зах зээлтэй, бас бэлэн хэрэглэгчидтэй. Манай Засгийн газар хөдөө аж ахуйн салбараа онцгойлон авч үзэж байгаа, бүтээгдэхүүн нь цэвэр экологийн гаралтай. Эдгээр бүтээгдэхүүнээ Евроазийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудад нийлүүлье гэхээр, танай стандарт өөр. Энэ бүгдээ зохицуулж зах зээлээ харилцан нээх, эдийн засаг, худалдааны салбарт элдэв хүндрэл бэрхшээлгүйгээр харилцахад Чөлөөт худалдааны хэлэлцээр ч, Бизнес форум ч чухал ач холбогдолтой” гэлээ.