Ё.Баатарбилэг: Заримдаа Засгийн газар мөнгөтэй байгаа юм шиг аашлах юм
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.01.19/ Дипломат албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг хуулийн төслийг дэмжих боломжгүй гэдгээ үндэслэлтэйгээр тайлбарласан юм.
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:
Хуулийн төслийн 18,1,5 дахь хэсгийг хууль санаачлагчид эргэн нэг харах нь зүйтэй болов уу? Улс орны эдийн засаг хүнд байна. Засгийн газар хэмнэлтийн горимд шилжлээ. Бид бүгд тойрогтоо тулгамдсан асуудлыг мэдэж байгаа. Гэтэл энэ цаг үед улсын төсөвт дарамт болохуйц хуулийн төсөл оруулж ирж байгааг харгалзан үзээд өөр хувилбараар боловсруулах эсвэл хуулийн төслийн хэрэгжих хугацааг хойшлуулж болохгүй гэж үү?
Таван хүүхдийг 150 мянган ам.доллараар 9 сарын цэцэрлэгт сургана гэдэг чинь юу гэсэн үг вэ? Өндөр хөгжилтэй оронд ийм хэмжээний төлбөрөөр 2 жил магистрт сурч байна шүү дээ. Энэ мэт хуулийн төсөл оруулаад ирэхээр Засгийн газар мөнгөтэй юм болов уу гэсэн сэтгэгдэл төрөхөөр байна. Хэрэв мөнгөтэй байгаа бол тойргийн асуудлыг шийдэхэд зарцуул л даа. Өнөөдөр төсөвтэй холбоотой хоёр, гурван асуудал орж ирлээ.
Улс орны эдийн засаг сэргэж, улсын төсвийн орлого сайжраад ирэхээр оруулж ирж болохгүй юу? Өндөр хөгжилтэй оронд ажиллах дур сонирхолгүй байгаа бол тэнд ажиллах боломжтой хүмүүсийг л Швейцарын Женев, АНУ-ын Вашингтон хотууд руугаа ажиллахаар явуул л даа. Энэ мэт асуудлыг харахаар уг хуулийн төслийг дэмжих боломжгүй байна.