НҮБ дэх Байнгын төлөөлөгчийн газрын тэргүүний статусыг шинээр зохицуулна
Гадаад харилцаанысайд Л.Болд
2013.09.20

НҮБ дэх Байнгын төлөөлөгчийн газрын тэргүүний статусыг шинээр зохицуулна

Гадаад харилцааны сайд Л.Болд Дипломат албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд шийдвэрлэсний дагуу Улсын Их Хуралд өргөн мэдүүлэв.

Монгол Улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч нь Аргентин, Бразил, Чили, Перу улсыг хавсран суухаас гадна нийт 61 улсыг хавсран хариуцах юм.

Монгол Улс одоогоор дэлхийн 164 улстай дипломат харилцаатай бөгөөд сүүлийн 2 жилийн хугацаанд 15 улстай дипломат харилцаа тогтоосны дээр цаашдаа 30 улстай дипломат харилцаа тогтоох хоёр талын холбогдох яриа хэлэлцээ болон бусад олон талт хамтын ажиллагааг хэрэгжүүлэх, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж ирсэн, цаашид ч хийгдэнэ.

Монгол Улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч нь Аргентин, Бразил, Чили, Перу улсыг хавсран суухаас гадна нийт 61 улсыг хавсран хариуцах юм. Иймд Дипломат албаны тухай хуульд нэмэлт оруулах, үүнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах замаар Монгол Улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газрын тэргүүнийг Элчин сайдын адилаар Улсын Их Хуралтай зөвшилцөн Монгол Улсын Ерөнхийлөгч томилж, эгүүлэн татдаг байхаар хуульчилж өгөх шаардлагатай гэж үзэж энэ хуулийн төслийг санаачлан өргөн барьж буйг Л.Болд сайд хэллээ.

Хуулийн төсөл боловсруулах болсон үндэслэл, шаардлага

Нэгдсэн Үндэстний Байгууллага нь дэлхийн хамгийн олон, 193 орныг эгнээндээ нэгтгэсэн, олон улсын бүх салбарын хамтын ажиллагааны тулгамдсан асуудлаар шийдвэр гаргадаг Засгийн газар хоорондын нэр нөлөө бүхий байгууллага юм.

Монгол Улс НҮБ-ын Энхийг сахиулах үйл ажиллагаанд идэвхтэй оролцох, НҮБ-ын Хүний Эрхийн Зөвлөлийн сонгууль, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүний сонгуульд нэр дэвшин өрсөлдөх зэрэг зорилтуудыг тавин ажиллаж байгаа бөгөөд цаашдаа дэлхийн хамтын нийгэмлэгт эзлэх өөрийн байр суурийг бэхжүүлэх, олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэхэд Байнгын төлөөлөгчийн газрын орон тоог нэмэгдүүлэх, чадварлаг боловсон хүчнээр бэхжүүлэх, БТГ-ын тэргүүний зэрэглэлийг өндөрсгөх буюу Дипломат албаны тухай хуулийн 16.1-д заасны дагуу Элчин сайдын адилаар Улсын Их Хуралтай зөвшилцөн Монгол Улсын Ерөнхийлөгч томилж, эгүүлэн татдаг байх шаардлага зүй ёсоор тавигдаж байна.

Одоогийн үйлчилж буй хууль тогтоомжийн дагуу Олон улсын байгууллагын дэргэд суух Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг Засгийн газрын тогтоолоор томилж, эгүүлэн татаж байгаа билээ.

Хуулийн дээрх зохицуулалтаас үүдэн өнөөдрийн практикт манай улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газрын тэргүүн нь зэрэглэл, зиндаа, ахлах дарааллын хувьд бусад гадаад улсад суугаа Элчин сайд нараас хамгийн дор эрэмблэгддэг байна. 

Олон улсын жишгээр Элчин сайд, Байнгын төлөөлөгчийн зэрэг зиндаа нь адилхан байдаг буюу тэдгээрийг томилох, эгүүлэн татах субьект, журам нь ихэнх тохиолдолд адилхан байдаг. Жишээлбэл: ОХУ, АНУ, Хятад, БНСУ, Филиппин, Индонез, Бразил, Швейцарь, Лаос, Вьетнам зэрэг улс НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчөө өөрийн Ерөнхийлөгчийн зарлигаар Элчин сайдын статустай томилдог байна.

Монгол Улс НҮБ-ын гишүүн бүх оронтой дипломат харилцаатай байх чиглэлийг баримталж байна. Одоогийн байдлаар дэлхийн 164 улстай дипломат харилцаа тогтоосны зэрэгцээ 15 улстай сүүлийн 2 жилийн хугацаанд дипломат харилцаа тогтоогоод байна. Цаашдаа 30 улстай дипломат харилцаа тогтоох хоёр талын холбогдох яриа хэлэлцээ, болон бусад олон талт хамтын ажиллагааг хэрэгжүүлэх, бэхжүүлэх ажиллагаа нь тус Байнгын төлөөлөгчийн газраар хийгдэж ирсэн, цаашдаа ч хийгдэх юм. "ДТГ-ын тэргүүн нарын хавсран сууж ажиллах, хавсран хариуцах улсуудын хуваарь"-ийн дагуу Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч нь Аргентин, Бразил, Чили, Перу Улсыг хавсран суухаас гадна нийт 61 улсыг хавсран хариуцуулахаар шийдвэрлээд байгаа болно.

Иймд дээрх үндэслэлээр Дипломат албаны тухай хуульд нэмэлт оруулах замаар Монгол Улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газрын тэргүүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч томилдог байхаар хуулийн төслийг боловсруулав.

Хуулийн төсөл батлагдсаны дараа гарч болох нийгэм, эдийн засгийн үр дагавар     

Энэ хуулийн төсөл батлагдсанаар  Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суух байнгын төлөөлөгчийн газрын тэргүүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хуулийн гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5-д заасны дагуу томилж, эгүүлэн татах эрх зүйн орчин бүрдэж, цаашид манай улс НҮБ-ын үйл ажиллагаанд идэвхтэй оролцох, Америкийн Нэгдсэн Улсын Нью Йорк хотод өөрийн бүрэн эрхт төлөөлөгчийн газартай бусад улсуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх нөхцөл бүрдэх юм.

Дагалдан өөрчлөгдөх хууль, тогтоомж

  • Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах