Элчин сайд Кэтрин Арнолд “Хөрөнгө оруулагчдад мэдээлэл өгөх, Монголыг сурталчлахад анхаарах шаардлагатай байна” гэлээ
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, хатагтай Кэтрин Арнолдыг хүлээн авч уулзлаа.
Барууны орнуудаас Монгол Улстай дипломат харилцаа тогтоосон хамгийн анхны улс нь ИБУИНВУ байсан бөгөөд 1963 оноос эхэлсэн хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа олон жилийн түүхтэй, тэр хэрээр туршлага арвин, хүрсэн үр дүн ч багагүй хэмээн УИХ-ын дарга М.Энхболд уулзалтын эхэнд тэмдэглэлээ.
Төр, засгийн өндөр дээд хэмжээний айлчлал тогтмолжиж, хууль тогтоох байгууллага хоорондын харилцаа тууштай хөгжиж байгааг тэрбээр онцлоод, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт гэх мэт бүхий л салбарын хамтын ажиллагааны тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, илүү таатай хууль эрх зүйн орчин бүрдүүлэхэд парламентуудын хамтын ажиллагаа нэн чухал юм гэв.
УИХ-ын дарга М.Энхболд Британийн Нийтийн танхимын дарга Жон Берков Монгол Улсад айлчлах урилгатай байгааг уулзалтын үеэр нотлов.
Монгол Улс, ИБУИНВУ-ын хооронд боловсрол, батлан хамгаалах, уул уурхай, эрчим хүч, мэдээлэл холбооны салбарт өрнөж буй хамтын ажиллагааны үр дүнг бататгаж, илүү өргөн хүрээнд харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлэхийг манай улс эрмэлзэж байгаа гэж УИХ-ын дарга М.Энхболд онцоллоо. Тэрбээр Британийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр цөөнгүй жил үргэлжилж байна. Цаашид суралцагчдын тоог нэмэгдүүлэх талаар хатагтай Элчин сайд Та анхаарлаа хандуулна гэдэгт итгэж байна гэлээ. Түүнчлэн уул уурхайн салбарт Британийн хөрөнгө оруулалтыг татах, ялангуяа байгаль орчинд ээлтэй шинэ технологи нэвтрүүлэх, хуримтлуулсан баялаг туршлагаас хуваалцах нь бидэнд чухал юм гэж тэмдэглэж хэллээ.
Хатагтай Элчин сайд Кэтрин Арнолд УИХ-ын дарга М.Энхболдод хүлээн авч уулзаж буйд нь талархал илэрхийлээд парламент хоорондын болон бусад салбарын хамтын ажиллагаагаа илүү өргөн цар хүрээнд өргөжүүлэхийг эрмэлзэж байна гэж үгийнхээ эхэнд тэмдэглэлээ.
Тэрбээр боловсролын салбарт хөгжүүлж буй сургалтын хөтөлбөрийн хамрах хүрээг өргөтгөх, тухайлбал төрийн албан хаагчдын англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх, давтан сургах чиглэлд өргөжүүлэх боломжтой юм. Их, дээд сургуулиудын чадавхийг дээшлүүлэх чиглэлээр төсөл хэрэгжүүлэх, техникийн тусламж үзүүлэх боломж бидэнд бий. МУИС Английн хоёр ч дээд сургуультай хамтран ажиллаж эхэлсэн нь энэ хэлбэрийн хамтын ажилалгааны үр ашигтай эхлэл болж байна. Бид Монголын баруун бүсийн эрчим хүчний хангамжийг сайжруулах сэргээгдэх эрчим хүчний төсөлд Азийн хөгжлийн банктай хамтран оролцож байгаа. Төмөр замын салбарт Британийн “Пандрол” компани төмөр замын бэхэлгээ болон бетон дэр үйлдвэрлэх үйл ажиллагаа эхлүүлээд байна гэлээ.
“Британийн хөрөнгө оруулагчид, компаниуд Монголыг ихээхэн сонирхдог. Гэхдээ тэдэнд мэдээлэл дутмаг байдаг шиг санагдсан. Тиймээс мэдээлэл сурталчилгааг идэвхжүүлэх талаар анхаарах шаардлагатай. Өнгөрсөн оны сүүлчээр манай хувийн компани санаачлан Англид хөрөнгө оруулалтын чуулган зохион байгуулсан. Энэ хавар ийм хэлбэрийн уулзалт, форумыг Монголд зохион байгуулахаар төлөвлөж байна. Хэдхэн хоногийн өмнө манай уул уурхайн салбарын төлөөлөгчид Монголд ирж, Оюутолгойн ханган нийлүүлэгчдийн зөвлөлгөөнд оролцлоо. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамтай хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зураад байна. Энэ мэтээр хоёр орны хамтын ажиллагаа ойрын ирээдүйд өргөжин хөгжих сайхан боломж харагдаж байна” гэж хатагтай Кэтрин Арнолд тэмдэглэж хэллээ.
Монгол-Британийн морин пологийн баг, тамирчид хамтран ажиллаж, нөхөрсөг уулзалт тэмцээн зохион байгуулдаг болоод буй. Хамгийн сүүлд 2016 оны есдүгээр сард Монгол, Британийн III нөхөрсөг тэмцээн Гачууртын “Хаан поло” клубт зохион байгуулагджээ.
Хатагтай Кэтрин Арнолд өөрөө морин спортоор сонирхон хичээллэдэг хүн юм байна. Тиймээс УИХ-ын дарга М.Энхболд, хатагтай Кэтрин Арнолд нар морин спорт, аймаг, хотууд хоорондын хамтын ажиллагааны талаар нөхөрсөг яриа хөөрөө өрнүүлэв