Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНТУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр БНТУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ахмет Язалыг хүлээн авч уулзлаа.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат уулзалтын эхэнд, манай хоёр улсын эдийн засаг, хөрөнгө оруулалтыг өргөжүүлэх, хамтын ажиллагааны боломжит нөөцийг бүрэн дүүрэн ашиглах шаардлагатай байгааг онцлов.
Хоёр талын улс төрийн харилцаа өндөр төвшинд сайн байгаа, одоо харин Засгийн газар хоорондын худалдаа, эдийн засгийн харилцааг энэ төвшинд хүргэх нь чухал байгааг Элчин сайд Ахмет Язал дурдаад Элчин сайдын томилолтын хугацаанд үүний төлөө өөрийн зүгээс чадах бүхнээ хийнэ гэлээ.
Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлогын хүрээнд энэ асуудлыг тодорхой хугацаанд хойшлуулахаар шийдсэн гэдгийг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэллээ. Мөн Улаанбаатарт ажиллаж буй турк сургуулиудын талаарх бодлого, арга хэмжээгээ хэрэгжүүлэхдээ тэнд суралцаж буй 2000 гаруй хүүхдийн эрх ашгийг хөндөхгүй байх, эдгээр сургуулийн асуудлыг ч, сургалтын хөтөлбөр, бусад үйл ажиллагааг ч Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд явуулах ёстойг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат онцоллоо.
2013 онд Турк Улсын Ерөнхий сайд Р.Т.Эрдоганы Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр Туркын “Эксим” банкнаас олгохоор тохирсон 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл болон 500 саяас нэг тэрбум ам.долларын төсвийн дэмжлэгийн зээлийн асуудал нь шийдэгдэхгүй удааширч байгаад санаа тавьж ажиллахыг Элчин сайд Ахмет Язалаас хүслээ