БОХХААБХ-ны хуралдаанаар Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх талаар холбогдох байгууллагуудын мэдээллийг сонслоо
Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2017.02.08/ хуралдаан 09 цаг 50 минутад гишүүдийн57.9 хувийн ирцтэйгээр эхэллээ. Байнгын хорооны дарга Ц.Гарамжав “Хэнтийн Хан уулын нэрийг Бурхан Халдун уул гэж өөрчлөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаархихолбогдох байгууллагуудын мэдээлэл сонсоно гэж хэлэлцэх асуудлынхаа дарааллыг танилцуулав.
Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
Хуралдааны эхэнд Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн “Хэнтийн Хан уулын нэрийг Бурхан Халдун уул гэж өөрчлөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хуралдаанд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Ч.Батсансар, Хан Хэнтий дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Б.Хашмаргад, Ой, ус, тусгай хамгаалалттай газрын кадастрын хэлтсийн дарга Н. Батзаяа нар оролцсон юм.
Эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулж асуулт асуулттай гишүүн байсангүй. Иймд “Хэнтийн Хан уулын нэрийг Бурхан Халдун уул гэж өөрчлөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжив. Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.
Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх талаар холбогдох байгууллагуудын мэдээллийг сонслоо
Үргэлжлүүлэн Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх арга хэмжээний талаар холбогдох байгууллагуудын мэдээллийг сонссон юм. 2016 оны арван нэгдүгээр сарын 09-ний өдөр тус Байнгын хорооноос “Төв цэвэрлэх байгууламжийн өнөөгийн байдал-хөрөнгө оруулалт” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулж, мэргэжлийн байгууллагуудад хандсан зөвлөмжийг гаргасан. Энэ удаагийн мэдээлэл ч дээрх зөвлөмжийн хүрээнд болж, төв цэвэрлэх байгууламжийн талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй танилцав.
Хуралдаанд Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, Үндэсний хөгжлийн газрын дарга Д.Баярсайхан, Ус сувгийн удирдах газрын дарга Ц.Төрхүү, Нийслэлийн засаг даргын орлогч Ж.Батбаясгалан нарын тэргүүтэй холбогдох албаны ажлын хэсгийнхэн оролцсон юм.
Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр, УИХ-ын БОХХААБХ-ноос гаргасан зөвлөмжийн дагуу 2016 оны арванхоёрдугаар сарын 08-ны өдөр манай яамнаас дэд сайдаар ахлуулсан Ажлын хэсэг байгуулагдсан. Энэ хугацаанд хэд хэдэн удаагийн салбарын мэргэжилтэн, эрдэмтэн судлаач, төрийн буc байгууллагын төлөөллийг оролцуулсан томоохон хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж, салбар хоорондын уялдааг сайжруулах арга хэмжээг авлаа. Олон удаагийн мэргэжлийн техникийн уулзалт, хэлэлцүүлгээс лаг болон бохир усны боловсруулалтын асуудлыг шийдэх гарцыг тодорхойлсон. Уг шийдлээ шинэ цэвэрлэх байгууламжийг барих Францын “Артелиа Вилл энд транспорт” ХХК-ийн техник, эдийн засгийн үндэслэлд (ТЭЗҮ) тусгуулсан гэдгийг онцолсон юм.
Дараа нь “Артелиа Вилл энд транспорт” ХХК-ийн зөвшөөрч итгэмжлэгдсэн “Престиж Инжеренг” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.Ганзориг төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих ТЭЗҮ, техникийн зураг төслийн талаар мэдээлэл өглөө. Тус ажлын үндсэн бүрэлдэхүүн нь техник эдийн засгийн үндэслэл, техникийн зураг төсөл, байгаль орчин, нийгмийн нарийвчилсан үнэлгээнээс бүрдэх ажээ. Шинэ цэвэрлэх байгууламж нь иж бүрэн автомат ажиллагаатай, үнэргүй, дуу чимээгүй, ахуйн лагийг ашиглан дулаан, цахилгаан үйлдвэрлэх хүчин чадалтай, цэвэрлэгдээд гарч байгаа усыг эргүүлэн хөдөө аж ахуй, ногоон байгууламж, үйлдвэрүүдийн технологийн хэрэгцээнд ашиглах, гүний уст давхаргыг тэжээх боломжтой гэж үзэж байгаа ажээ.
Түүнчлэн Үндэсний хөгжлийн газрын дарга Д.Баярсайхан, “Засгийн газрын 2015 оны 450 тоот тогтоолоор шинэ цэвэрлэх байгууламжийг Концессийн гэрээгээр барихаар тусгасан байсан. Энэ дагуу өмнөх Засгийн газрын үед уралдаант шалгаруулалтыг зарлаж, эхний шатанд таван аж ахуйн нэгж шалгарсан бөгөөд төслийн санал авах эцсийн хугацаанд зөвхөн хоёр л материал ирүүлсэн. Бид цаг хугацаа хэмнэх үүднээс шинээр тендер зарлалгүй, өмнөх тендерийг нь үргэлжлүүлж байна. Техник, эдийн засгийн үндэслэл боловсруулсан болон гүйцэтгэлийн ажил хийх компаниудтай ойр ойрхон уулзаж, холбогдох засвар, нэмэлтүүдийг тусгуулсан. Шинэ цэвэрлэх байгууламжийн техник, эдийн засгийн үндэслэл бэлэн болсон байгаа” гэдгийг мэдээлэлдээ дурдав.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, “Байнгын хорооноос гаргасан зөвлөмжийн дагуу Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг төслийг боловсруулаад байна. Хуульд орж байгаа гол өөрчлөлтүүдээс дурдвал, Монгол орны эдийн засаг хүндхэн байгаа энэ цаг үед аж ахуй нэгж байгууллагуудад эдийн засгийн хүнд дарамт учруулахгүй, нөгөө талдаа байгаль орчныг бохирдлоос хамгаалах асуудлуудыг уялдуулан ус бохирдуулсны төлбөрийн хэмжээг бууруулан тооцох нь зүйтэй гэж үзсэн.
Мөн усыг дахин ашиглахад чиглэсэн техник, технологийг дэмжиж, хаягдал усан дахь бохирдлын хэмжээг үе шаттай бууруулах тогтолцоог бүрдүүлсэн гэж үзэж байна. Түүчнлэн Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг дагалдан гарах журмыг батлах, Засгийн газрын тогтоолыг төслийг Засгийн газрын хуралдаанд оруулахаар бэлтгэл ажлуудыг хангаад байна” гэж байлаа.
Мэдээлэлтэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн А.Сүхбат, Х.Баделхан, Ж.Бат-Эрдэнэ, Д.Эрдэнэбат, Д.Тэрбишдагва, Б.Батзориг, Ж.Энхбаяр, Я.Санжмятав нар асуулт асуув. Гишүүдийн хувьд төв цэвэрлэх байгууламжид орчин үеийн дэвшилтэд техник технологийг хэрхэн нэвтрүүлэх, тус байгууламжийг барих, туслан гүйцэтгэх компаниуд эл салбарт хэр туршлагатай эсэх, байгууламжийн давуу тал, хүчин чадал, монголын талд хэзээ, ямар өртгөөр хүлээлгэн өгөх гэж байгаа талаар илүүтэй тодруулав.
Ажлын хэсгийнхний зүгээс Төв цэвэрлэх байгууламж нь 1990 оноос хойш олон улсын зээл тусламжаар удаа дараа хэсэгчлэн засах шинэчлэлтийг хийж байсан ч сүүлийн жилүүдэд үйл ажиллагаа нь доголдож, бохир ус цэвэрлэгээний үр дүн эрс буурсан. Иймээс төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэн сайжруулахаар ажиллаж байна. Одоогоор цэвэрлэх байгууламжийг барих, ашиглах, шилжүүлэх концессын гэрээний дагуу Францын “Артелиа Вилл энд транспорт” ХХК гүйцэтгэн ажиллахаар болсон. Шинэ байгууламж нь хоногт 250 000 м3 бохир усыг цэвэрлэх буюу одоо байгаа төв цэвэрлэх байгууламжийн хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлэх юм. Шинэ цэвэрлэх байгууламжийг 2020 онд ашиглалтад өгөх бөгөөд ойролцоогоор 2030 оноос эхлэн өргөтгөлийн ажлыг эхлүүлэхээр төлөвлөсөн. ТЭЗҮ боловсруулалт 100 хувьтай, судлагааны ажлын байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг гүйцэтгэж, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны мэргэжлийн зөвлөлийн хурлаар оруулахаар хүлээгдэж байгаа. Төв цэвэрлэх байгууламжийг Францын “Артелиа Вилл энд транспорт” ХХК концессын гэрээний дагуу 25-30 жилийн хугацаанд ашиглахдаа 12-15 жилд нь хөрөнгө оруулалтаа нөхнө гэж тооцсон юм билээ. Дараа нь монголын талд үнэ төлбөргүй шилжүүлнэ гэж хариулж байв.
Үүний дараа Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат, Д.Тэрбишдагва, Б.Батзориг, Ж.Энхбаяр, Ц.Гарамжав, А.Сүхбат, Х.Баделхан, Ж.Бат-Эрдэнэ нар санал хэлж, байр сууриа илэрхийллээ.
Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ц.Гарамжав, байнгын хорооноос гаргасан зөвлөмжид шинэ цэвэрлэх байгууламжийн барилгын зураг төсөл, техник, эдийн засгийн үндэслэлд үнэлгээ өгч, ажлын хэсэг байгуулах, байгаль орчинд ээлтэй, орчин үеийн технологийг судалж, зураг төсөлд тусгах, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд заасан холбогдох журмуудыг боловсруулах, шугам сүлжээний үйл ажиллагаанд технологийн хяналт, шалгалт хийж, илэрсэн зөрчил дутагдлыг хохирол багатай, цаг алдалгүй арилгуулах, цэвэрлэх байгууламжийн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ болон байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд магадлагаа хийж, технологийн горимыг мөрдүүлэх зэрэг хэд хэдэн асуудлыг тусгасан. Гэтэл ажлын хэсгээс авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд удаашралттай байна. Дээр нь төв цэвэрлэх байгууламжид байгаль орчинд ээлтэй, орчин үеийн технологийг судалж, зураг төсөлд тусгах хэрэгтэйг дахин сануулмаар байх юм. Ажлаа идэвхжүүлж, асуудлаа урагшлуулах хэрэгтэй гэж байв. Гишүүдийн хувьд төв цэвэрлэх байгууламжийн ажлыг эрчимжүүлж, ирэх дөрөвдүгээр сард барилгын ажлыг эхлүүлж 2020 он гэхэд ашиглалтад бүрэн оруулсан байх шаардлагатайг ажлын хэсгийнхэнд онцгойлон анхааруулсан юм.
Хуралдааны төгсгөлд Байнгын хорооноос Засгийн газарт тодорхой үүрэг, чиглэл өгөхөөр боллоо