О.Баасанхүү: Юнескогоор дамжуулж, ард түмнийг төөрөгдүүлэх хэрэг байна уу?
УИХ-ын чуулганы хуралдаанаар Хэнтий Хан уулын нэрийг Бурхан халдун уул гэж өөрчлөх тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Хан", "Хаан" гэдэг хоёр өөр нэршил яваад байгааг шүүмжилсэн юм.
О.Баасанхүү: Нэгэнт заншсан нэршлийг яагаад өөрчлөх болов?
Хэнтий Хаан гэж хуулийн төслийн танилцуулга, үзэл баримтлалд дурдсан байх юм. “Хаан” гэж байхгүй шүү дээ. Хэнтий Хан гэж байх ёстой. Хан, Хаан хоёр хоорондоо их ялгаатай нэршил. Богд хан уул гэдэг шүү дээ. Зарим тохиолдолд бас “Хаан” гэж нэрлээд байдаг.
Хэнтий Хан уулыг Чингис хааны үеэс тахиж ирсэн. Бурхан халдун уул бол Хэнтийн нуруунд орших нэг оргил. Цэцээ гүний оргил гэдэг шиг Бурхан халдун оргилыг Юнескогийн Дэлхийн соёлын өвд бүртгүүлэхийн тулд Хэнтий Хан уулаа Бурхан халдун болгож өөрчилж байгаа юм биш. Харин Бурхан халдун гэсэн оргилын нэрийг Бурхан халдун уул гэж өөрчилж байгаа юм.
Ингэж тайлбарлахгүй болохоор Хэнтий аймгийн иргэд, олон нийт “Хэнтий, Хангай Саяны өндөр сайхан нуруунууд...” гэж шүлэглэсэн энэ сайхан уулын нэрийг өөрчилнө гэж ойлгоод байна. Аймгийн төвөө Чингис хот болгож, уулаа Хэнтий Хан уулаа Бурхан халдун болгож байна гэж ойлгоод байна шүү дээ. Энэ ойлголтын зөрүүг арилгах талаар УИХ-ын дарга М.Энхболд чиглэл өгсөн гэж ойлгож байна.
Тодорхой нэр, нэршил гэдэг түүх үлдээдэг. Тиймээс анхаарах ёстой. Ингэж Монголын үүх түүхийг мушгиж гуйвуулах, бүдгэрүүлэх ямар хэрэг байна? Юнескогоор дамжуулж, ард түмнийг төөрөгдүүлэх хэрэг байна уу? Нэгэнт заншсан нэршлийг яагаад өөрчлөх болов? Оюу толгой, Эрдэнэт, Баянхонгор гэх зэргээр тухайн үедээ ард түмэн өөрсдөө л өгсөн нэр шүү дээ. Ард түмэн бидэнтэй, бидэнгүй нутаг орныхоо онцлогт тохирсон нэрийг өгч байсан шүү дээ.
Ц.Гарамжав: Эртнээс нааш уламжлан ирсэн Бурхан халдун гэдгээр нь нэрлэе гэж байгаа юм
Тогтоолын төслөөр бол Хэнтийн нурууны нэрийг огт өөрчлөөгүй. Хэнтий нуруу нь 1:1 000.000 марштабтай зурган дээр Хэнтий нуруу гэж хэвээрээ бий. Монгол Улсын газар зурагнууд дээр “Хэнтий Хаан” гэж бичигдсэн байдаг. Тиймээс “Хэнтий Хаан” гэдэг нэр томьёог өөрчилж, эртнээс нааш уламжлан ирсэн Бурхан халдун гэдгээр нь нэршье гэж төсөлд тусгасан.
Хэнтий нуруунд хамаарах олон уул, оргил бий. Энэ нуруунд орших “Хэнтий Хаан” уулыг Бурхан халдун гэж Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн нэршлээр өөрчлөн нэрлэх тухай ярьж байна.
Хэнтий Хаан уул нь газарзүйн солбилцлын хувьд бидний “Бурхан халдун” гэж нэрлэх гээд байгаа солбилцолтой яг тохирч байгаа. Мөн далайн төвшнөөс дээш 2361,5 метрт өргөгдсөн уулыг Бурхан халдун гэж өөрчилж байгаа юм.
Монгол Улсын газар зүйн байршлын нэршлийн тухай УИХ-ын 2003 оны 42 дугаар тогтоол гэж бий. Уг тогтоолд газарзүйн нэршлийг жагсаан бичсэн 8 тоот дотор Хэнтий Хаан уул гэсэн нэршлээрээ бий. Харин Юнескогийн Дэлхийн соёлын өвд бүртгүүлэхдээ Бурхан халдун гэж оруулсан учраас л Бурхан халдун гэж газрын зураг дээр тэмдэглэж, уламжлалт нэрийг сэргээж байгаа юм. Хэнтий Хаан уул нь бидний эртнээс нааш тахиж ирсэн Бурхан халдун уул мөн.