УИХ-ын гишүүн Н.Амарзаяа
2017.01.23

Н.Амарзаяа: Ингэний хоормог нь хүүхдийг эрүүл чийрэг болж өсөхөд чухал ач холбогдолтой

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.01.19/ Нялх балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Амарзаяа хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлээд асуудлыг өргөн хүрээнд авч үзсэнийг сайшааж байна. 

УИХ-ын гишүүн Н.Амарзаяа:

Хуулийн төслийг дэмжиж байна. Эрүүл мэндийн яам маш эрчимтэй ажиллаж, шинэ парламентын анхны ээлжит чуулганаар хуулийн төслөө хэлэлцүүлж байгаад талархаж байна. Зөвхөн Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний тухай хууль биш асуудлыг цогцоор нь авч үзээд Нялх балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай хуулийн төслийг оруулж иржээ.

ЖДҮ-ийг дэмжих зорилгоор сүүний үйлдвэр байгуулах, эхийн сүүг орлох хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрийг бий болгохын төлөө Эрүүл мэндийн яам болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хамтран ажиллах зайлшгүй шаардлага тулгарч байна. Үндэсний үйлдвэрлэл, ЖДҮ-ийн бодлого өнөөдрийн өргөн барьсан хуулийн зорилго, зорилтыг биелүүлэхэд түлхүү чиглэх нь зүйтэй болов уу.

Би өөрөө говь нутгийн хүн. Ингэний сүүний ач холбогдлыг ойлгож, ингэний сүүгээр хүн болсон говийнхон цөөнгүй бий. Ингэний сүү нь хүүхдийг эрүүл чийрэг болж өсөхөд чухал ач холбогдолтой. Тийм учраас ингэний сүү хөхөж өссөн хүүхдийг ингэний сүүний бордмол гэж хүртэл нэрлэдэг.

Сүү, хоормог нь өөрөө хүний биед бүхий л талаараа ач тустай. Ингэний сүүг жилийн дөрвөн улиралд саах боломж бий учраас энэ чиглэлд үндэсний бодлого баримтлах нь зүйтэй.

Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний сав баглаа боодол, шошгонд тавих ерөнхий болон тусгай шаардлага, хориглох зүйлсийг хуулийн төсөлд тусгасан нь сайшаалтай байна. Мөн чуулганы хуралдаанаар генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүний тухай ч ярьж байгаа. Энэ болон эдгээртэй холбогдох асуудлыг хооронд нь уялдуулж ажиллах хэрэгтэй.

Эрүүл мэндийн яам нь хүн ардын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалахын тулд нялх балчир хүүхдээс эхэлж байгаад ард түмнийхээ өмнөөс талархаж байна.