Х.Алтангэрэл: Малын эрүүл мэндийн тухай хуулийг батлах нь нийтийн эрүүл мэнд төдийгүй махаа экспортод гаргахад чухал ач холбогдолтой
ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн өнгөрсөн сарын сүүлээр Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төслийг өргөн барьсан. Манай улс 1993 онд Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийг анх баталсан бөгөөд уг хуулиар мал эмнэлгийн болон үржлийн үйлчилгээг нэгэн зэрэг зохицуулж ирсэн. Гэтэл зарчмын хувьд эрс ялгаатай хоёр үйлчилгээг цаашид нэг хуулиар зохицуулах боломжгүй болоод байгаа учраас ийнхүү бие даасан хуультай болгохоор салбар яам хуулийн төсөл боловсруулаад байна. Энэ талаар ХХААХҮЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн Х.Алтангэрэлтэй ярилцлаа.
-Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийг өргөн бариад байна. Уг хуулиар чухам ямар өөрчлөлт оруулах вэ. Хэчнээн жилийн дараа манай улс малын эрүүл мэндийн тухай бие даасан хуультай болох гэж байна вэ?
1993 оноос хойш малын үржил болон эрүүл мэндийн асуудлыг нэг хуулиар зохицуулж ирсэн. Үүнээс хойш дөрвөн ч удаа нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг. 2001, 2007 онд шинэчлэн найруулсан. Харин 20 гаруй жилийн дараа бие даасан хуультай болгох гэж байгаа нь нийгэм, цаг үеийн болон дэлхий дахины жишигтэй шууд холбоотой. Нөгөө талаас хуучин социалист нийгмийн төвларсөн төлөвлөгөөт эдийн засагтай үед улсаас өгсөн албан даалгавраар ажлаа явуулдаг байсан. Харин 1990 он гарч, зах зээлийн системд шилжсэнээр мал, төрөөс хувийн өмчид шилжсэн. Ингэж мал хувийн өмч болсон учраас төр юуг нь хариуцах вэ гэдгийг тодорхой болгож өгөх шаардлагатай болсон хэрэг л дээ.
Түүнчлэн малчдын хүлээх хариуцлага ч өндөржсөн. Энэ мэт нийгмийн хөгжилтэй холбоотойгоор тусдаа бие даасан хуультай болгох зайлшгүй шаардлагатай болсон л доо. Дараагийн нэг асуудал нь 2011 онд ҮАБЗ-ийн зөвлөж гарсан байдаг. Үүгээр малын эрүүл мэнд болон үржлийн асуудлыг нэг хуулиар зохицуулж болохгүй байна, гадаад худалдаа хөгжсөнөөр малыг амьдаар нь хил давуулах гэх мэт тохиолдол гарч байгаа учраас маш их эрсдэл дагуулж байна гэж үзсэн.
Өөрөөр хэлбэл, манайд өмнө нь байгаагүй өвчин шинээр гарах тохиолдол ч үүсч байгаа юм. Энэ нь хилийн төвшинд тавих мал эмнэлгийн хяналт буурсантай холбоотой. Нөгөө талаас малыг хувьд шилжүүлснээр мал эмнэлгийн салбар уналтад орсон нь нууц биш. Тухайлбал, боловсон хүчний нөөц дутмаг болсноос гадна тухайн мал эмнэлгийн газрын санхүүгийн чадавх ч суларсан. Энэ бүх эрсдэлийг багасгахын тулд нэгдсэн удирдлага, тогтолцоотой буюу босоо удирдлагатай мал эмнэлэгтэй болох зайлшгүй шаардлагатай байгаа юм.
-Бие даасан хуультай болох нь дотоодод төдийгүй малынхаа махыг гадагш гаргахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэж ойлгож болох нь ээ?
Товчхондоо, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийг хэрэгжүүлж эхэлснээр Монгол Улсын нутаг дэвсгэрт мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах, мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагыг хангах, нийтийн эрүүл мэндийг хамгаалах, худалдааны чөлөөт байдлыг дэмжих байдлыг зохицуулах чухал нөлөөтэй. Сүүлийн жилүүдэд худалдааны хорио цээрт мал, амьтны гоц халдварт өвчин сум, цаашилбал аймгийн төвшинд тархаж улс орны эдийн засагт ихээхэн хохирол учруулах болсон.
Энэ хуулийн төслийг баталснаар Засгийн газар Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага, Дэлхийн худалдааны байгууллага болон бусад олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, мал, амьтны болон нийтийн эрүүл мэндийг хамгаалах бодлого, чиглэл, стратеги, үйл ажиллагааг тодорхойлсон эрх зүйн орчин бүрдэх юм.
Мөн мал эмнэлгийн чиглэлийн төрийн болон төрийн бус байгууллага, мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн хамтын ажиллагаа сайжирч, мал эмнэлгийн ажил үйлчилгээний чанар, үр ашиг дээшилнэ. Зарим төрлийн халдварт болон шимэгчлэх өвчнөөс эрүүлжүүлэх арга хэмжээний зардлыг мал, амьтны эзэн хариуцдаг механизмыг бүрдүүлж, улсын төсвийн ачааллыг багасгах гээд олон талын эерэг нөлөөтэй.
-Олон улсын зөвлөмж хүртэл гарсан гэж дуулсан юм байна. Тухайлбал, яг юу нь болохгүй байна гэж дүгнэсэн байдаг юм бэ?
Манай улс Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагад 1989 онд элсэн орсон байдаг. Уг байгууллага нь шинжлэх ухааны үндэслэлтэйгээр мал, амьтны эрүүл мэндийг хянадаг. Нэг ёсондоо хөрш зэргэлдээ улсууд хил дамнах өвчинтэй хамтарч тэмцэхэд арга зүйн зөвлөгөө, зөвлөмж өгч, боловсон хүчин бэлтгэхэд дэмжлэг үзүүлдэг байгууллага л даа.
Энэ байгууллага манай улсад гурван ч удаа ирж, мал эмнэлгийн салбарт дүн шинжилгээ хийсэн юм. Ингэж олон улсын экспертүүд 2007, 2009, 2012 онд ирж ажиллахдаа “Танай мал эмнэлгийн тогтолцоо болон малаа эрүүлжүүлэх үйл ажиллагаа чинь болохгүй байна” гэж дүгнэсэн нь хууль эрх зүйн орчноо зайлшгүй өөрчлөх болсныг харуулж байгаа юм.
-Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль өмнөх буюу хамтарсан хуулиас ямар давуу талтай вэ?
Өмнөх хууль их бүрхэг байсан л даа. Холбогдох байгууллагуудын эрх үүргийг ч гэсэн ерөнхий оруулсан. Хамрах хүрээ багатай байсан гэж ойлгож болно. Мал эрүүлжүүлэх ажиллагааг зөвхөн малчин, малын эмнэлэг хоёр л зохицуулдаг байсан. Гэтэл мэргэжлийн хяналт, малын эмнэлэг, малчин, төр ямар эрх үүрэг хүлээх нь тодорхойгүй байсан гэсэн үг л дээ.
Одоо энэ бүхнийг л тодорхой болгох гээд байгаа юм. Одоогийн төвшинд малыг хотноос нь хүнс болгоод худалдааны лангуу хүртэл мал эмнэлгийнхэн мэргэжлийн судалгаа шинжилгээ хийж байна. Харин түүнээс цааш буюу гадагш нь гаргах ажлыг мэргэжлийн хяналт хариуцна гэсэн үг. Түүнчлэн малын гарал үүслийг тодорхой болгох нь их чухал байгаа юм. Тухайлбал, тухайн малыг аль бүс нутгаас авчирсан болон малыг мах болгоод гаргах хүртэлх бүхий л хариулцааг нарийн зохицуулна.
Гэхдээ энэ хуулийг зөвхөн экспортод зориусан гэж ойлгож болохгүй. Эхний ээлжид энэ хуулийг хэрэгжүүлж эхэлснээр хүн амын буюу нийтийн эрүүл мэндийг хамгаалах. Цаашлаад дэлхийн жишиг, станартад нийцүүлэх өргөн утгатай юм. Энэ салбар малчин, малын эмч, үйлдвэрлэгч, хэрэглэгчийн хамтын ажиллагаа юм шүү дээ.
Өмнөх хуульд малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай, малын өвчний оношилгоо, шинжилгээ, танадалт, мал эмнэлгийн салбарт ажиллагсдын халдвар хамгаалал, био аюулгүй ажиллагаа, хувийн мал эмнэлэг, мал, амьтны эзэн, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгч болон төрийн бус байгууллагын оролцоо, эрх, үүрэг, хууль тогтоомж зөрчигч нарт хүлээлгэх хариуцлагыг бүрэн тусгаж чадаагүй байсан.
Мөн байнга болон түр нутагшсан зэрлэг амьтны өвчлөл, уур амьсгалын өөрчлөлтөөс улбаалах халдваргүй өвчин, түүнээс сэргийлэх, халдварт өвчнөөс эрт сэрэмжлүүлж шуурхай хариу арга хэмжээ авах мал эмнэлгийн үйлчилгээний байнгын бэлэн байдлын тогтолцоо, мал эмнэлгийн лабораторийн эрх, үүрэг, мал, амьтны өвчний бүртгэлийг оруулаагүй юм. Харин одоо өргөн барьсан хуульд эдгээр бүх асуудлыг бүрэн тусгаж өгсөн.
-Хуулийг баталбал хэзээнээс хэрэгжүүлж эхлэх бол?
Энэ хуулийг хурдан хэрэгжүүлэх тусмаа мал аж ахуйн салбарт чухал нөлөөтэй. Хуулийг анх 2013 онд санаачилсан. 2015 онд УИХ-д өргөн барьсан боловч боловсруулалт дутагдалтай, сонгуулийн жил таарсантай холбогдуулан буцаан татсан юм. Ингэснээр хуулийн төслийг 2016 оны оны арванхоёрдугаар сарын 28-нд УИХ-д өргөн мэдүүлсэн.
Засгийн газрын хуралдаанаар гишүүд хуулийн төслийг маш сайн дэмжсэн. 2017 оны хоёрдугаар улирлаас хэрэгжээд эхэлнэ гэж найдаж байгаа. Гэхдээ УИХ-аар хэзээ соёрхон батлахаас шалтгаалан хэрэгжилтийн хугацаа хамаарна. УИХ хэдий хурдан хэлэлцэнэ, төдий чинээ л хурдан хэрэгжүүлэх юм.
-Хуулийн ач холбогдолд малын гаралтай бүтээгдэхүүний үнийн өсөлтөд нөлөөлнө гэсэн байсан. Тухайлыал, ямар байдлаар нөлөөлөх вэ?
Мал эмнэлгийн байгууллагын бие даасан байдлыг хангаж, захиргааны, мэргэжлийн, санхүүгийн удирдлагын уялдаа холбоог сайжруулснаар мал, амьтны халдварт өвчний дэгдэлтээс эрт сэрэмжлүүлэх, хариу арга хэмжээг шуурхай хэрэгжүүлэх бэлэн байдлын чадавхыг сайжруулах болно.
Хүн, мал эмнэлгийн салбар хоорондын хамтын ажиллагааг тогтмолжуулж, зооноз өвчинтэй тэмцэх арга хэмжээний стратеги, төлөвлөлт, санхүүжилт, хэрэгжүүлэлтийн уялдаа холбоог сайжруулснаар мал, амьтнаас хүнд дамжин халдварладаг зарим зооноз өвчний гаралт, тархалт, өвчлөл буурч хүн ам, мал, амьтны эрүүл мэндэд учруулах эрсдэл буурна гэж үзэж байгаа.
Ингэснээр Олон улсын өндөр шалгууртай зах зээл болон дотоодын зах зээлд мал, амьтны гаралтай бүтээгдэхүүнийг чөлөөтэй нийлүүлэх нөхцөл бүрдүүлснээр түүхий эд, бүтээгдэхүүнээс олох орлого нэмэгдэж малчдын амьжиргааны төвшин дээшлэх, экспортын хэмжээ нэмэгдэнэ. Ингэснээр мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх боломж бүрдэх юм.
-Манай улс махаа гадагш нь экспортлоход олон асуудал тулгардаг. Энэ бүх асуудлыг нэг тийш болгоно гэж ойлгож болох уу?
Манай улсын мал сүргийн тоо сүүлийн жилүүдэд эрчимтэй нэмэгдэж байгаа. Энэ хэрээр бид дотоодынхоо махны хэрэгцээг 100 хувь хангахаас гадна гадагш нь хөрш зэргэлдээ орнууд руугаа экспортлох хэрэгтэй болж байгаа юм.
Гэтэл тухайлбал, хойд хөрш рүү махаа гарахад “эрүүл” гэсэн баталгаагаа гаргаж өг гэж шаардахаар л бид чадахгүй байгаа юм. Тийм учраас бид чадавхтай мал эмнэлэгтэй, малаа эрүүлжүүлж чаддаг байж байж л баталгаа гаргаж өгөх бололцоотой болох юм.