УИХ-д тасралтгүй 5 дахь удаагаа сонгогдсон түүний үг парламентад жин даадаг
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин
2016.12.13

УИХ-д тасралтгүй 5 дахь удаагаа сонгогдсон түүний үг парламентад жин даадаг

Би түүнийг 2006 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдаар ажиллаж байсан үеэс мэднэ. Харин тэр үүнээс ч өмнө улстөрийн тавцанд байр сууриа олсон нэгэн.

Улс төрд 36 жил хүчин зүтгэж байна

УИХ-д 5 дахь удаагаа сонгогдсон Ө.Энхтүвшин уг нь түүхч, түүхийн багш мэргэжилтэй. Түүхийн ухааны доктор хүн. Тэрээр 1980 оноос хойш өнөөдрийг хүртэл 36 дахь жилдээ МАН-д зүтгэж яваа. Түүний улс төрийн гараа МАХН /одоогийн МАН/-ын дэргэдэх Нийгмийн ухааны институтид эрдэм шинжилгээний дэд ажилтнаас эхэлсэн.

1990-1995 онд “Ардын эрх” сонины парламентын тоймч, хэлтсийн эрхлэгч, хариуцлагатай нарийн бичгийн даргаар ажиллаж байсан нь түүний намтрын сонин чимэг. Үргэлжлүүлээд “Монголын радио, телевиз”-ийн хэрэг эрхлэх газрын дарга, “Үнэн” сонины ерөнхий эрхлэгчээр хүртэл ажиллаж байж.

Ингэж намын ажлаас түр хөндийрсөн мэт боловч 1996 оноос МАХН /одоогийн МАН/-ын нарийн бичгийн даргаар томилогдсоноор улс төрд эргэлт буцалтгүй оржээ. Намын энэ чамгүй өндөр албан тушаалыг Ө.Энхтүвшин 10 жил хашсан.

2000 оны сонгуулиар УИХ-ын гишүүн болсноос хойш тасралтгүй 16 дахь жилдээ /5 удаа/ парламентад сууж буй Ө.Энхтүвшин Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга зэрэг үүрэгт ажлыг хавсран гүйцэтгэж байв.

2012-2013 онд МАН-ын даргаар ажиллаж байгаад халаагаа одоогийн УИХ-ын дарга М.Энхболдод өгсөн юм.

Улс төрд зүтгэсэн 36 жил тэр дундаа сүүлийн 16 жилд УИХ-ын гишүүнээр ажилласан он жилүүд түүнд хангалттай мэдлэг, туршлага болж, аливаад ул суурьтай хандах, өөрийн үзэл бодолдоо тууштай, намын бус ард түмний хүн болгожээ. Тийм учраас энэ удаагийн сонгуулийн үр дүнгээр нам нь олонх болсон ч олонх доторх “сөрөг хүчин” болоод байна.

Олонх дотор сөрөг хүчин

Хашир, туршлагатайд тооцогдох УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин эрх баригч намыг төлөөлж, УИХ-д сууж байгаа ч УИХ, Засгийн газрын үйл ажиллагаа, шийдвэрт ихээхэн шүүмжлэлтэй ханддаг нэгэн. Намаа эрүүл, цэвэр байлгах үүднээс түүнийг намынхаа "сөрөг" дуу хоолой болдог гэж болно. Намдаа ч тэр, парламентад ч тэр томоохон байр суурь эзэлдэг учраас түүний хэлсэн үг даацтай байж, жин даадаг. 

АН-аас ялгаатай нь манай намд албан ёсны фракц гэж байхгүй. АН-ын фракцууд бие биеэ төдийгүй, намаа хэмлэж, тамирдуулаад, сүүлдээ бүр төрийг тал талаас нь зулгааж, мэрж байсан бүтэц юм шүү дээ. Нэг ёсондоо, нөгөө халуун орны цэцэг гэдэг хувалз шумуул шиг.

Энэ парламентад Ө.Энхтүвшиний илэрхийлсэн 12 онцлох байр суурь

1. Сонгуулиар өгсөн амлалтаа биелүүлэхээс татгалзаж, ачааны хүндээс мултарлаа гэж намын даргаа зэмлэсэн нь энэ парламентад гаргасан түүний эхний сөрөг өнцөг.

2. Дараагийн сөрөг өнцөг нь төрийн албан хаагчид, улс төрийн томилгооны асуудлаар байсан. Тодруулбал, төрийн өндөр албан тушаалд хүн томилохдоо тухайн хүндээ тохирсон шалгуур үзүүлэлт тавьдаг гэж тэрээр үзэж байна.

Төрийн албан хаагчийн шалгуур үзүүлэлт дотор тухайн хүний төрсөн газар, биеийн өндөр, жинг зааж өгөх нь холгүй, уншихад тэр хүнийг томилох гээд байгаа нь мэдэгдэхээр байдаг тухай "Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнийг чөлөөлөх, томилох тухай" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байх үеэр хэлээд авсан.

3. Төсвийн тодотгол хэлэлцэж байх үеэр Хүүхэд харах үйлчилгээнд зориулах төсвийг танасан, МСҮТ-д суралцагсдад олгодог тэтгэлгийг зогсоосон, яамдын бүтэц, орон тоог цомхотгосон атлаа зардал нь нэмэгдсэн тухай эрс шүүмжилж, барилгын ажил нь эхэлсэн цэцэрлэг, сургууль, эмнэлгийг барьж дуусах ёстой гэсэн байр суурьтай байв.

Мөн "Хувь хүний орлогын албан татварын тухай" хуульд өөрчлөлт оруулах замаар 2,5 сая төгрөгөөс дээш сарын цалинтай иргэдээс татвар авна гэж оруулж ирсэн Засгийн газрын бодлогыг нийгмийн дундаж давхарга руу довтолж буй хэрэг гэж тодорхойлсон.

150м2-аас дээш талбайтай орон сууцанд амьдарч буй иргэдээс жилд 450 мянган төгрөгийн татвар авна гэж Засгийн газар олон нийтийн тайвшруулж байна. Энэ бол буруу тооцоолол. Үнэндээ гэртээ амьдарч байгаагийнхаа төлөө жилд 4 сая 500 мянган төгрөгийн татвар төлөх болоод байна шүү дээ гэж хэлээд Сангийн сайдыг сандаргав.

4. Шинэ Засгийн газар байгуулагдаад хоёр сар ч болоогүй байх үе буюу 9 дүгээр сарын дундуур Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэллээ гэсэн шуугиан гарсан.

Үүний үнэн, худал болохыг Ө.Энхтүвшинөөс асуухад, “Засгийн газрын бодлого, үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж байгаа нь үнэн. Гэхдээ огцруулах тухай яриагүй” гэдгээ илэрхийлсэн.    

5. Ирэх дөрвөн жилийн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэж байх үеэр "Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг жил бүр нэмэгдүүлж, тэтгэврийн зөрүүг арилгах бодлого баримтална" гэж МАН-ын 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгасныг сануулсан.

1995 оноос өмнө ажилласан сувилагч байж болно. Гэтэл түүнээс хойш тэтгэвэрт гарсан хүмүүсийн тэтгэвэр сувилагчийнхаас өндөр байна. Тиймээс адил ажил, хөдөлмөр эрхэлж байсан хүмүүсийг тэтгэвэрт гарсан оноос үл хамааран зөрүүг ойртуулах хэрэгтэй байна. 

Сонгуульд амласнаа хэрэгжүүлж, тэтгэврийн хэмжээг бууруулахгүй байна, бүрэн тэтгэврийн доод хэмжээг нэмнэ, тэтгэврийн зөрүүг арилгана, ижил ажил, хөдөлмөр эрхэлж байсан хүмүүсийн тэтгэврийг нэг түвшинд болгоно гэж Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөртөө оруулах нь зүйтэй гэсэн санал гаргасан юм.

6. Тэрээр Ерөнхий сайдаас 5 багц асуудлаар асуулт асуусан. Тодруулбал, Монгол Улсын өр, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн асуудал, өмч хувьчлал, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай, төсвийн ерөнхийлөн захирагчдын төсөв зарцуулах эрх зэрэг 5 асуудлыг хөндөж, Засгийн газрын үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахаа илэрхийлсэн юм.

Тэр дундаа Эрдэнэт үйлдвэр бол ард түмний өмч. Энэ үйлдвэрийн 49 хувийг хэдэн нөхдүүд нийлж, худалдаж авсан нь хууль зөрчсөн гэж үзлээ.

7. Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуульд нийцүүлж, төсвөө баталдаггүй болохыг хэллээ. “Чалкогийн өр”, “Оюу толгой ХХК-ийн улсын төсөвт төвлөрүүлдэг орлого”, “Хөгжлийн банк”, “Концессоор хэрэгжих төсөл, хөтөлбөр”, “Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө”, “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” зэрэг ил тод, нээлттэй болгох асуудал олон байгааг дурдаж, эдгээр асуудлыг ил болгосноор нуугдмал хөрөнгийг ил болгох боломж бий гэж үзэж байна.

35 мянган айлын орон сууц борлуулагдахгүй зогсонги байна гэдэг бол банкинд зээлтэй, зээлээ төлж чаддаггүй, бизнес нь өсдөггүй, ажилчдынхаа цалинг тавьж чаддаггүй, мөнгө түгжчихээд байна. 

8. Тэрээр "Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэл"-ийг хэлэлцэж байх үеэр 35 мянган айлын орон сууцны борлуулалт зогсонги байдалтай байгааг хөндлөө.

Барилгын салбарыг зогсонги байдлаас гаргахын тулд орон сууцанд амьдрах хүсэлтэй иргэдээ нэн даруй орон сууцжуулах нь зүйтэй гэсэн санал гаргасан юм.

9. Үрэлгэн зардлаа танахаас айх хэрэггүй гэж Ө.Энхтүвшин үзэж байна. Засгийн газрын сайд нарын хөрөнгийн зардал, тансаглалыг хасаж, оронд нь цэцэрлэг, сургууль, эмнэлэгт хөрөнгө оруулах хэрэгтэй гэлээ. Тэрээр Оюу толгой төслийн үр шимийг хэзээ хүртэх вэ, яагаад олж буй орлогоосоо хэд дахин бага татвар төлж байна вэ гэдэг асуултад хариулт олохыг Засгийн газраас шаардлаа.

Хэдхэн хоног хүлээж байгаад УИХ-тай зөвшилцөх ёстой байсан. Гэтэл одоо Казакстан улс авчих гээд байсан учраас Монгол Улсдаа авахын тулд ийм шийдвэр гаргасан гэж тайлбарлаж байна.

10. Эрдэнэтийн асуудлыг энэ оны 10 дугаар сарын 25-нд Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг байлцсан уг хуралдаанд УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин яагаад УИХ-тай зөвшилцөлгүй, хууль зөрчин байж Засгийн газар дур мэдэн шийдсэн талаар маш тодорхой асуулт асуусан.

Тэрээр Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн 49 хувийг ядаж 4 хувилбараар шийдэж болох байсан гэдгийг хэллээ. Тодруулбал, төрийн мэдэлд авах, ард түмэндээ хувьцаа болгож өгөх, тодорхой хувийг гадагш нь худалдах, үндэсний компаниудын дунд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, хамгийн ашигтай санал гаргасан компанид өгөх гэсэн 4 хувилбар байж болох байтал зөвхөн Худалдаа хөгжлийн банкинд өгснийг буруутгаж байна.

Ө.Энхтүвшин тус үйлдвэрийн 49 хувийг авахын тулд Төрийн өмчийн хороог зориудаар татан буулгаж, бэлтгэлээ сайн хангасан гэж үзэж байгаагаа байнгын хорооны хуралдааны үеэр хэлсэн юм.

11. УИХ-ын 2016 оны намрын чуулган 10 дугаар сарын 3-нд нээлтээ хийсэн. Сум, дүүргийн ИТХ-ын сонгууль болохтой холбогдуулан завсарласан юм. Ингээд одоогоор 17 удаа чуулганы хуралдаан болоод байна.

Эдгээр хуралдааны явцаас харахад “УИХ-ын чуулганы танхим нь чөлөөт ярилцлага, төгсгөлгүй маргааны талбар боллоо” гэж Ө.Энхтүвшин тодорхойлсон. Учир нь УИХ-ын гишүүд хэлэлцэж буй асуудлын гол руу оролгүй, сэдвээсээ хальж байна гэв. Ингэж хэлэх болсон нь 2017 оны төсвийн тухай хуулийн төсөл хэлэлцэж байхад УИХ-ын гишүүн Б.Наранхүү том бизнесүүдийг өмөөрч үг хэлсэнтэй холбоотой.

Эдийн засгийн үзүүлэлтүүд нь хүртэл эдийн засаг хямарсныг батлаад байхад хямрал болоогүй гэж тойрч, халгаад, зугтаад байх шаардлага байна уу? Хямрал нүүрлэлээ гэдгээ хүлээн зөвшөөрснөөр тодорхой тодорхой заалтуудыг уг хөтөлбөрт тусгаж болно.

12. Засгийн газрын санаачилсан “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр” батлагдаад гурван долоо хоног болж байна. Уг хөтөлбөртэй яг ижил агуулгатай хөтөлбөрийг 2 жилийн өмнө тухайн үеийн Засгийн газар өргөн барьж, батлуулж байсан. Гэхдээ хэрэгжээгүй гэдгийг Ө.Энхтүвшин хэлсэн. Тиймээс одоо оруулж ирж буй хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах үүднээс тодорхой найман асуудлыг дэвшүүлэн тавьсан юм.

Үүнд, ирэх онуудад өрөө яаж төлөх стратеги боловсруулах, валютын дотогшлох урсгалыг нэмэх, орлого олох эх үүсвэрүүдээ тэлэх, түгжигдсэн хөрөнгийг хөдөлгөөнд оруулах, царцсан барилгуудыг шийдэх, иргэдээ ажилтай байлгах, үрэлгэн зардлаа танаж, хариуцлагатай байснаар эдийн засгийн хүндрэлийг давж чадна гэсэн санал гаргалаа.