Ч.Ганзориг бүхнийг тэвчсэн
Чимэддоржийн Ганзориг
2016.11.16

Ч.Ганзориг бүхнийг тэвчсэн

Эрдэнэт үйлдвэрийн талаар толгойтой болгон амтай болгон л ярьж байна. Тэр захирлаар тодорно гэнэ! энэ хүний ард хэн байгаа вэ! гээд л өмнө нь байсан захирлуудыг ч дурдаж муулахыг нь муулж магтахыг нь магтаж байна. Гэвч Ч.Ганзориг захирлыг дурдахгүй нь сонин юм.

Уг нь тэрээр албаа хааж байх хугацаанд цаг үеийн бүхий л түвшинд хангалттай л муулуулж хөрөнгөтөн чинээтэйгээрээ цоллуулж байсан гэвч тэр гол хүн биш байсан бололтой. Тэр зүгээр л албаа хашиж ажлаа хийснийхээ төлөө бишгүй дээ л баривчлуулж, хаалгаж, боолгуулж доромжлуулжээ.

Тэгвэл хэвлэлийнхний ам булаалдан ярьж байгаа Эрдэнэтийн асуудал өмнөх захирлуудын талаарх мэдээлэлд түүнийг дурдахгүй байгаа нь хачирхалтай санагдана.

Эрдэнэт үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг гэж хэн байв?

Сонирхол гэж сонин юм шүү. Ганзориг гуай малигар шар төрхөндөө инээд тодруулсаар хэдэн үрээгээ ярих дуртай. Хар залуугаасаа төрийн ажилд дарагдаж, төрийн хар хүн гэгдэж яваа ч монгол ёс заншил, молор эрдэнэ болсон морины талаар ямар ч хүнтэй ярихаас булзахгүй нэгэн. Арын сайхан хангайнхаа довны хэдэн залуустайгаа уяа нийлүүлж, хийморио бадрааж байсан тэрээр тод манлай уяач.

Яг одоо сайтын хайлтад Ч.Ганзориг гээд бичихэд түүнтэй холбоотой 10 мэдээллийн 9 нь сөрөг. Гэхдээ Чимэддоржийнх гэж ямар үүдтэй айл, Ганзориг гэж ямар хүн бэ? Ямар эцэг, сайн нөхөр үү гэдгийг Архангайн Их тамирын нохой ч мэднэ. Нутгийнхан нь түүнийг зөөлөн шар хүү сайн уяач төрийн хүн дээ гээд авгайлна. Энэ нэрэндээ ихэд дуртай нэгэн. 

Эцгийн сургаал үлгэрлэл хүүд нь буй. Аав нь чөлөө зав гарвал л адуу мал гэнэ. Нутгийн хурдаа шинжинэ. Хүү нь ч аавтайгаа зэрэгцэн морьд сойно. Тун амжилттай гээч. "Тэмүүлэнгийн минь Дөлгөөн хар хоёр удаа түрүү авлаа" гээд ярьж эхэлнэ. 

Эрдэнэт үйлдвэрийг хэрхэн толгойлж ажилласныг түүний талаарх сөрөг мэдээлэл дайралтуудаас харж болох юм. Шахааны бизнес эрхлээгүй, хэн нэгний хөл, гар байгаагүйдээ тэр мөн ч олон хоног баривчлагдаж шалгагдсан. Тэр ажлаа л хийж байгаа. Төрийн хар хүнийхээ үүргийг л гүйцэтгэсэн. Нэг үгээр тэр тэвчээртэй.

"Сайр шандын усыг шавхаж аваад барахгүй, сайн хүний үрийг шоолж муулавч болохгүй" гэгчээр өсөж хөгжиж байгаа хүний үйлийг даравч дарагдашгүй гэдэг шиг хүү нь гэхэд л энэ 2016 оны сонгуулиар Архангайд хол тасархай санал авч, түмэн олныхоо итгэлийг хүлээсэн нь нутгийн олон Чимэддоржийн Ганзоригийнх гэдэг айлыг үнэлдэг нь эндээс харагдах байх.

Мөн Ганзориг гуай морин спортын хөгжил түүнчлэн Боксын холбоог удирдаж байхдаа ч гэсэн маш их зүйлийг хийсэн. 2010-2011 оны зуднаар төрөлх нутгийнхаа зон олонд айл бүрт будаа, гурил, эм тарааж, хатуу өвлийг халуун сэтгэлээр давах сэтгэлийн дэмийг хайрласан нь арын сайхан хангайн иргэд одоо ч дурсан санадаг.

Ч.Ганзоригийг төрийн хар хүн төр түших түшээ болох ёстой гэж олон түмэн үнэлдэг. Гэвч тэрээр 2012 оны сонгуулиар хамгийн сайн ар тал, анд болсон Бадамжунайгийнхаа хамтаар зэрэг нэрээ татсан юм. Нэрээ татсаныг нь янз янзаар ярьдаг ч тэрээр төр түшилцэн авч явах түшээг бэлтгэсэн хүн юм.

Аав, хүү хоёрын ажлын арга барил холч ухаан нэг гэлтэй хоёул стратегийн ач холбогдол бүхий орд газрын хариуцлагатай албыг онц хашиж, олон ачаа үүрэхийн зэрэгцээ басхүү хатуу хардлага, дарамтыг давж яваа нэгэн юм.

Нийтлэлч Ч.Санги