О.Баасанхүү: Хоёр хөршийн хил дээр цэрэг байгаа бол манайх ч цэргээ байлгах ёстой
УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2016.12.02

О.Баасанхүү: Хоёр хөршийн хил дээр цэрэг байгаа бол манайх ч цэргээ байлгах ёстой

УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй ярилцлаа.

-Дорнод аймагт олон хүн хордсон хэрэг гарсан. Үүнтэй холбоотойгоор тус аймгийн иргэд тантай холбогдож энэ асуудалд анхаарал хандуулахыг хүссэн гэв үү?

Би 2012-2016 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж байхад Өргөдлийн байнгын хороогоор дамжуулаад дорнодчуудаас асар их өргөдөл ирж байсан. Тухайн үед “Зөв боломж” гэдэг компанийн талаар ирсэн гомдлыг нь АТГ-т аваачиж өгөөд тус газраас “Анхааран ажиллаж байна” гэсэн албан бичиг ирж байсан. Харамсалтай нь тэгээд алга болсон, сонгууль ч таарсан. Одоо бол би энэ 65-ын дунд байгаа ганц хүн.

Иргэд юу гэж ойлгож байна вэ гэхээр сөрөг хүчингүй болчихсон болохоор ч тэр юм уу, ямар ч байсан надад тойрог хамаарахгүйгээр Монгол Улсын өнцөг булан бүрээс иргэд холбогддог. Тэдний нэг нь дорнодчууд. Би харамсдаг. Юунд тэр вэ гэхээр, тэр үед “Зөв боломж” компанийг нь хууль ном журамд нь оруулаад явчихсан байсан бол өнөөдөр ингээд дөрвийн дөрвөн хүний алтан амь үрэгдэх байсан уу. 23 хүний амь нас дээсэн дөрөөн дээр очих байсан уу. Энэ асуудлыг нүд цавчихгүйгээр, хүндрүүлэхгүйгээр зохицуулах ёстой.

Гэтэл Н.Номтойбаяр нар ингээд л болчих юм шиг яриад байгаа байхгүй юу. Ард түмэн тэднийг сонгохдоо өөрсдийнхөө төлөө сонгосон. Ардын намын төлөө сонгоогүй. Би бодохдоо МАН-ын дэмжигчид, МАХН- ын дэмжигчид бүгдээрээ нэг байдаг болохоор энэ намыг зөв зүйтэй яваасай. Ард түмний өмнө сайн сайхан ажиллаасай. Хувьсгалт намаа дэмжсэн ч, Ардын намаа дэмжсэн ч ялгаагүй л дээ. Улс орныхоо сайн сайхны төлөө гэж яваа намынхаа дэмжигчдийн итгэлийг битгий эвдээсэй гэж л би эдэнд хэлээд байгаа юм. Маш эмзэг хүлээж авч байна.

Яг үнэндээ “Петро Чайна Дачин Тамсаг” компанийн асуудал ноцтой асуудал болж байсан. Хятадын Засгийн газраас тус компанийн толгой компанийнх нь удирдлагуудыг авлигын хэргээр баривчилсан байдаг. Өөрөөр хэлбэл, бүтээгдэхүүн хуваах гэрээнээсээ хувь хүртсэн гэж. Гэтэл Монгол Улсын Засгийн газар энэ асуудалтай холбоотойгоор тодорхой үнийн дүнтэй хэрэг шалгаж байтал энэ асуудлыг нарийн мэддэг хүн нь гэнэт учир битүүлгээр хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн. Энэ бол аймшигтай юм шүү. Тэгээд л энэ асуудал замхраад алга болсон.

Би өмнө нь Дорнодод гурав, дөрвөн удаа очиж байсан. Хуульч хүний хувьд хэлэхэд Аж ахуйн нэгж байгууллагын улсын бүртгэлийн хуулиа батлуулахад яадаг юм, "Шинэчилсэн бүртгэлдээ ороорой" гэдэг зар гаргахаар аж ахуйн нэгжүүд нь очоод бүртгүүлдэг биз дээ. Гэтэл олон улсын гэрээгээ өнөөдөр хууль гэж баталж байгаа бол тодорхой зарим зүйлүүдийг баталж болно гэдэг утгаараа ард түмний санаа зовоод байгаа.

"Яачихсан юм бол, үнэн юм уу" гээд байгаа “Петро Чайна Дачин Тамсаг”- ийн нефть хуваах асуудал, “Эрдэнэт”-ийн асуудал, цаашилбал, Оюу толгой зэрэг санаа зовоосон асуудлуудаа бид хууль шинэчлэгдсэнтэй холбоотойгоор дахин хэлэлцээрт оръё. Дахин ийм ийм зөрчлүүдээ шалгах хуулийн нөхцөл үүслээ гэж бас болно шүү дээ.

Гэтэл нэгэнт болоод өнгөрчихсөн юмыг араас нь битгий нэхээд бай гэх юм. Би тэгмээргүй байна. Та хэн нэгэн байшин барилгаа гэрээгээр алдчихсан байвал шинээр илэрсэн нөхцөл байдал гээд шүүхэд хандаад гэрээгээ дахин хийх нөхцөл боломж байдаг шүү дээ. Энэ өнцгөөс нь уг асуудалд яагаад эх орончоор хандаж болохгүй байгаа юм бэ.

-Таныг МАН-ын гишүүд “Микрофоноо хариуцлагатай ашигла” гээд сүүлийн үед буруу ташаа зүйл их ярьж байна гэж байна шүү дээ?

Монгол Улсын Засгийн газрын гишүүн хүн, тэр дундаа хуульч, тэр дундаа Хууль зүйн сайд хийж үймээн самуун тарьж байх үед зохицуулах үүргээ хариуцлагагүй хийж байсан хүний хувьд өдөөн хатгалга гэдэг бол маш ноцтой. Өдөөн хатгалга гэдгийг нарийн авч үзвэл террористуудын шинж чанартай тийм өнгө аясаар ярьж байгаа юм. Би юу гэж хэлж байгаа вэ гэхээр шүүмжлэлд баярла.  

Өөрөөр харах ганц хүн байгаад нь баярла. Энэ 65-аас чинь айгаад АН-ын ес чинь дуугарч чадахаа больчихоод байна. Хатуухан, жаахан бүдүүлэг үгээр хэлэхэд бараг хэвшмэл үг ч болчихож л дээ. Эд бүгд "төмсөгдүүлчихээд" байна. Зэрэгцэж сууж байгаад УИХ- ын гишүүд “Танай ах чинь хулгайч, “Чи ч хулгайч!” гэж ярьж байна. Ийм болчихсон, дотроо ч ойлголцохгүй, дээшээгээ ч гарахгүй нам нь ганц дуугарч байгаа хүнийг өдөөн хатгагч, өөр юу ч гэдэг юм энэ мэтээр дарамталж байгааг харахад коммунизм эргээд тогтчих вий гэж айж байна.

-Та Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулиар лобби бүлэг байгуулсан?

Уг лобби бүлгийг байгуулсны дараагаар намайг хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдээр доромжилсон. “Хамелеон” ч гэх шиг, “Телевизээр гарах донтой болчихож” ч гэх шиг. Янз бүрээр хэлсэн. Би юу гэж боддог вэ гэхээр тэдний ард түмэн өгөөд байгаа мессэжүүд нь Баасанхүү гэдэг хүний хэлсэн ганц үгийг ч болов үнэгүйдүүлэх гээд байгаа юм.

Хийж буй үйлдлийг нь харлуулах гэж байгаа юм. Нэг ийм үг бий. Хоньчинг нь унагахад хонь нь бутардаг гэж. Тэрэн шиг УИХ-д байгаа ганц намыг суудалгүй болгох, Баасанхүү гэдэг хүнийг нэр хүндгүй болгочихвол Хувьсгалт нам ямар ч нэр хүндгүй болно гэдэг ичмээр санаагаар эд ингэж дайралт хийж байгаа юм.

Яваандаа энэ тэрүүгээр есөн шидийн гүтгэлэг явж магадгүй. Би хариуцлагатайгаар хэлье. Засгийн газрын сайд өнөөдөр УИХ-ын гишүүн рүү  ийм бүдүүлэг, заналхийлсэн этгээд үгээр дайралт хийж байгааг би эмзэгээр хүлээн авч байна. Яагаад гэвэл би дорнодчуудын төлөө дуугарна. Би тэдэнд өртэй хүн. Би өрөө төлөх ёстой.

Яагаад гэвэл би Дорнод аймагт очоод хэлж байсан юм. "Та нарыг би ганцаардуулахгүй, та нартай хамт байна. Та нар минь битгий ай" гэж хэлж байсан. Тэнд миний сонгогчид байгаа. МАХН-д 114 мянган хүн санал өгсөн. 114 мянган хүний тодорхой хувь нь дорнодчууд. Тийм учраас би дорнодчуудын төлөө дуугарна гэж л хэлье.

-Дорнодод болсон хэрэгт Засгийн газар төдийлөн анхаарал хандуулахгүй байгааг та сая чуулган дээр шүүмжилж хэлсэн?

“Азийн чоно” гэдэг архинаас болж олон хүн хордож, эрүүл мэндээрээ хохирч, 15 хүн нас барахад тэр хэрэг ямар их өндөр авч байлаа. Гэтэл өнөөдөр дорнодчуудыг ингэж ганцаардуулж болохгүй байхгүй юу. Та нар хил хязгаар нутгуудаар яваад үз. Замын-Үүдэд яваад оч. Тэнд байгаа албан хаагчид нь Эрээн хотод хүүхдээ сургуульд сургаж байна. Эрээнд үл хөдлөх хөрөнгө авч байна.

Дорнод аймагт цагдаагийн байгууллагаас тусдаа цагдаагийн байгууллага ажиллаж байна. Тэнд Монгол Улсын хууль дүрмээс өөр хууль дүрэм явагдаж байна. Урд хилүүдээ хар. Цаад улстай нь уусгах хандлага, бодлого ядарсан иргэдийн дунд явж байгаа ийм үед бид хариуцлагагүй хандаж болохгүй. Үүний төлөө хэн ямар  сайд хариуцлага үүрсэн юм бэ.

Дөрвийн дөрвөн хүн нь нас барчихаад байхад тойргийнх нь гишүүн дуугарахгүй, би дуугарлаа. Дуугарсныхаа төлөө би л адлууллаа. Ингэж болохгүй ээ. Дорнодчуудыг өмөөрснийхөө төлөө доромжлуулахаасаа ичихгүй байна.

-Хилийн цэргийг хилийн цагдаа болгох асуудал хөндөгдөж үүнд хүмүүс байр сууриа илэрхийлж байна. Чухам үүний цаана ямар ашиг сонирхол яваад байна гэж харж байгаа вэ?

Өмнөх парламентад над шиг өмнөд хойд хилээрээ гарч хил дээрх нөхцөл байдалтай биеэр танилцаж тэнд чухам юу өрнөдгийг судалсан гишүүн байхгүй. Боомтын хууль гэдэг аймшигтай хууль орж ирээд тэрнээс болоод алтаа байг, алтан амиа алдсан хүмүүстээ хяналтаа тавьж чадахгүй алдаж байсан. Өөрөөр хэлбэл, Монголын хилээр хүн нас бараад гарахад тэр нас барсан хүнийг хятадууд илрүүлж байсан.

Хятадаас орж ирсэн зөрчлийг манай нутаг дэвсгэрт орж ирээд өнгөрсөн хойно нь аймгийн цагдаа нар илрүүлсэн. Ийм замбараагүй байсан учраас хилийн цэргийн зүгээс хэлж байсан. “Бидний хувьд ижил төстэй байхгүй юм бол тухайн байгууллагуудтай харьцахад хэцүү байна” гэж. Цагаан сараар Оросын хил дээр бөөгнөрөл үүсдэг. Иргэний харьяатынхан очоод энэ асуудлыг шийдье гэхээр оросууд “Уучлаарай. Бид хурандаатай л ярина” , “Бид хошууч, дэслэгч, цэргийн хүнтэй ярина.

Цэргийн хүн цэргийн хүнтэйгээ л ярина” гэдэг. Хятад болохоор бөөгнүүлж байгаад 18 цагт вагон явахаар боллоо гэхэд 17 цагт шалганаа нээдэг жишээний. Тэр үед манайхан бөөнөөрөө дайрч бөөн юм болдог. Энэ үеэр хяналт суларч, хар тамхи мэтийн аюултай зүйлс орж ирэх магадлал нэмэгддэг. Ийм хяналтгүй байгаа үед бид хилээ чангатгах ёстой. Хоёр хөршийн маань хил дээр цэрэг байгаа бол бид ч цэргээ л байлгах ёстой. Тэр битгий хэл, хоёр талдаа хөрштэй орны хувьд хүн бүр өөрийгөө хилийн цэрэг гэж бодож явах ёстой юм.

Дайн боллоо гэхэд хил дээр буу барьсан цэргийг л цэрэг гэж ойлгох биш наана нь байгаа жирийн иргэн, энгийн малчин хүртэл өөрийгөө дархан хилийн манаанд зогсч байгаа иргэн гэж бодох ёстой юм. Гэтэл энэ эх оронч бодол, энэ үзлийг устгах, үнэгүйдүүлэх зорилготой далд, харийн бодлого дотоодоосоо үе үе цухалзаж байсан. Үүнийг болих ёстой гэдгийг хэлээд Ажлын хэсгийг гаргаад тухайн үедээ хилийн шалганыг буцааж оруулъя гэж хуулийн төсөл орж ирэхэд Ардын намын нөхөд чинь Ажлын хэсгийг ахалъя гэсээр байтал дараагийн парламенттай золгосон.

-Хилийн хамгаалалтын бүсийг 100 км байгааг 15 км болгох тухай ч яригдаж байгаа?

Ийм л арчаагүй юм хийж байгаа байхгүй юу. Өөрөөр хэлбэл, хээрийн сургууль хийх, өргөжүүлэх боломжгүй болгочихож байгаа юм. Монгол Улс өнөөдөр гуравхан сая хүн амтай. 100 км дотроо хамгаалалттай байдаг тэр боломжийг үгүй болгоод алтыг нь хулгайлах гээд өнөө Асгат энэ тэр чинь үүн дотор ашиг сонирхлын зөрчилтэй л яваад байгаа байхгүй юу. Асгатыг хэн авсныг та нар мэдэж байгаа. Асгат хилийн бүс дотор байдаг болохоор л нөхдүүд ийм юм хийх гэж байгаа юм. Тийм учраас монголчууд аа, би Ардын намд зөв хүн олон байгаа гэж найдаж байна.

АН-д ч зөв хүн байгаа гэж найдаж байна. Далай ламын айлчлалын дараагаар Хятадын талаас хийсэн мэдэгдэлд манай Гадаад харилцааны сайдын хийсэн тайлбар бол маш бүдүүлэг байлаа. Би дипломат соёл, ёс, хуулийг мэднэ. Японы Элчин сайдын яаманд хуулийн зөвлөхөөр гурван жил ажиллахдаа энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэлтэй болсон. Ийм мэдэгдэлд ямар тайлбар өгөх вэ гэдгийг та бүхэн сайн бодоорой. Би хийж байгаа үйлдэл бүхнээ эх оронч байгаасай гэж хүсдэг. Хийж байгаа үйлдэл болгоноороо Монголоо зөвтгөхийг хүсч байна.