Халсан, халаагүй
УИХ-ын чуулганы үдээс хойш нэгдсэн хуралдаанаар "Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" хуулийн төслийг авч хэлэлцсэн юм.
Энэ үеэр УИХ-ын С.Эрдэнэ төрийн албан хаагчдыг хоморголон халж байна гэж мэдэгдээд үүнийг эрс эсэргүүцэж, цаашид улс төрийн үе шаттай тэмцэл өрнүүлэхэд бэлэн гэдгээ хэлсэн. Түүний хариуд УИХ-ын гишүүн Я.Содбаатар сайд байхдаа төрийн албан хаагчдыг нэг өдөр хэд, хэдээр нь зэрэг халж байсан шүү дээ гэсэн юм.
Ингээд УИХ-ын гишүүн Я.Содбаатар, С.Эрдэнэ нарын хэлсэн үгийг хүргэж байна.
Я.Содбаатар: Таны тушаалаар нэг өдөр 28 хүн зэрэг халагдсан
УИХ-ын гишүүн Я.Содбаатар
"Хүний эрх, эрх чөлөөг дээдлэх, тэр дундаа төрийн албан хаагчдын эрх ашгийг уландаа гишгэх тухай асуудлаар С.Эрдэнэ гишүүн дуугарч байгаад харамсч байна.
Учир нь өнөөдөр “Төрийн албаны тухай” хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Төрийн албаны хуулийн хүрээнд МАН, Монголын төр үйл ажиллагаагаа явуулж байна. Одоогоос 4 жилийн өмнө “Төрийн албаны тухай” хуулийг хүчингүй болгож,“Нийтийн албаны тухай” хууль гэсэн нэрээр хуульгүй мэт загнаж байсан, түүнийг оройлон гүйцэтгэж байсан гишүүн бол С.Эрдэнэ.
Хамгийн сүүлд хамтарсан Засгийн газар байгуулагдахад таны тушаалаар нэг өдөр 28 хүн зэрэг халагдсаныг тодхон санаж байна.
Тийм учраас “хэрээ хэрээнийхээ харыг гайхав” гэгчээр энэ асуудлыг УИХ-ын чуулганы танхимын микрофон ашиглан хэлээд хэрэггүй гэж танд нөхөрсөгөөр зөвлөж байна.
Хуулийн хүрээнд ажиллаж, амьдрах бол өнөөгийн нийгмийн үндсэн зарчим. Энэ зарчмаар ажиллаж байгаа гэдэгтээ итгэлтэй байна. Тодорхой асуудал байвал хууль, шүүхийн байгууллагаар явах бүрэн эрх нь байгаа гэдгийг хэлье."
С.Эрдэнэ: Би нэг өдөр 28 хүн халаагүй
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ
УИХ-ын гишүүн Я.Содбаатарын хэлж байгаа шиг би нэг өдөр 28 хүн халаагүй. УИХ-ын гишүүн С.Чинзориг Хөдөлмөрийн сайд байхдаа 28 хүн халж, 28 хүн томилсон тушаалыг хүчингүй болгосон. Эдгээр 28 хүнийг намайг халлаа гээд байгаа юм.
Би ямар ч хүн халаагүй. Я.Содбаатар гишүүн ээ! Тодорхой баримт, нотолгоог нь үзсэний дараа асуудлыг тавьсан нь зөв болов уу.
Төрийн албан хаагчдыг хоморголон халж байгаагаа таслан зогсоохыг УИХ дахь АН-ын бүлгээс албан ёсоор удаа дараа сануулж байна.
Хэрэв эдгээр анхааруулга хангалтгүй байгаа бол улс төрийн дараа дараагийн үе шаттай тэмцэлд шилжихэд бэлэн. Айж хулчийгаад байх шаардлага алга. Иргэдийг үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхаж, хоморголон халах компанит ажил улс орон даяар өрнөж байна.
Ажлаас нь халахын тулд хүнийг шалгадаг болж. Энэ асуудлаар гомдол гаргахад шүүх, хууль хяналтын байгууллага нь ч тоохоо болилоо. Шүүх, хуулийн байгууллага нь ажиллахаа байлаа. Цагдаа, тагнуул, АТГ нь эрх баригчдын талд ажиллаж эхэллээ.