МАН улс төр, эдийн засгийн тогтолцоог өөрчилж чадахгүй. Тэд идэж л чадна
УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2016.11.02

МАН улс төр, эдийн засгийн тогтолцоог өөрчилж чадахгүй. Тэд идэж л чадна

УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй ярилцлаа.

-Ирэх оны төсвийг хэлэлцэж байгаа. Үнэхээр тийм хэцүү төсөв орж ирсэн юм уу?

Эдийн засаг хүнд байгаа юу гэвэл тийм. Ийм үед хүнд асуудал ярья гэвэл маш олон зүйл ярихаар байна. Гэхдээ өнөөдөр зохиомлоор алдагдал үүрүүлсэн төсөв боловсруулан оруулж ирлээ гэж харж байгаа. Өөрөөр хэлбэл сургууль, цэцэрлэг барих ёстой юу гэвэл мэдээж хүн бүр дэмжинэ. Хөнжлийнхөө хэрээр хөлөө жий гэдэг шиг хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх ёсгүй.

Оруулж ирж байгаа төсвийг нь уншаад үзэхээр хөрөнгө оруулалтуудыг огцмоор, зохиомлоор нэмчихэж. Бодит байдалд хөрөнгө оруулалтыг нэмж чадах уу гэвэл чадахгүй. Тэгэхээр хоёр арга зам үлдэж байгаа юм. Нэгдүгээрт, хүндрэлээс гарахын тулд яах аргагүй зээл рүү явна.

Хоёрдугаарт, өрийн босгоо нэмэгдүүлнэ. Өөрөөр хэлбэл, зээл авахын тулд зохиомлоор төсвийн алдагдал үүсгэж байна гэж харж байгаа. Түүнээс биш хэмнэлт хийе, хэмнэлтийн горим руу шилжье, тэвчиж болох хөрөнгө оруулалтыг зогсооё гэж ярьж болно. Ер нь нэг үгээр тоймлоод хэлбэл мөрөөдлийн төсөв орж ирсэн.

-Эдийн засгаа сайжруулахын тулд янз бүрийн гарц хайж байх шиг байна. Хэрэгжүүлэх гэж буй төсөв хөтөлбөрийг хэрхэн харж байна вэ?

Би өмнө нь ч ярьж байсан. Одоо дахиад давтаад хэлье. Хятадаас өгөх үгүй нь мэдэгдэхгүй зээл авах, ОУВС- гийн хөтөлбөрт хамрагдахын аль, аль нь сайн биш. ОУВС- гаас 400 сая ам.доллар зээлээд төсвийн алдагдлаа нөхөж чадахгүй.

-1-1.5 тэрбум ам.долларын зээл олгоно гээд байгаа биз дээ?

Ямар юмных нь нэг тэрбум ам.доллар вэ. Үсрээд л 400 сая ам.доллар өгнө. “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдвал тодорхой хүүтэй, нөхцөлтэйгөөр 400 сая ам.доллар өгнө. Энийг авбал буруу. Уг хөтөлбөр хэрэгжлээ гэхэд асуудлаас гарчих юм биш. 400 сая ам.доллар авлаа гэхэд бидэнд дахиад л мөнгө хэрэг болно. ОУВС- гийн хөтөлбөрт хамрагдаж ийм зүйлүүдээ хэмнэлээ гэж ярьчихаад дараа нь дахиад л зээл ярьж тамирдуулах гээд байгаа хэрэг.

Хятадаас тодорхой хэмжээний мөнгө авлаа гэхэд хугацаа, хүү, барьцааны асуудал яригдана. Бизнесийн зээл гэж 1.5 тэрбум ам.доллар авахад тодорхой төсөл бий юу гэж асууж байсан. Өөдөөс мөнгө орж ирэхээр нь төслөө бодож хөрөнгөө хуваарилъя гэдэг байлаа. Тэгж ярьж байсан хүмүүс одоо эхнээсээ шоронд орж байна.

Эхлээд ямар төсөлд хэдий хэрийн хөрөнгө оруулах гэж буйгаа УИХ-аар хэлэлцүүлэх ёстой. Дараа нь уг төсөлд зориулж мөнгө хайх ёстой. Хэрэгжсэн ашгаараа өр төлбөрөө төлж явах зарчимтай. Гэтэл манайд хойноос нь урагшаа явах гээд байна. Урд хормойгоороо хойдохоо нөхөх гээд байдаг. Өнөөдрийн нөхцөл байдал яг л ийм байна шүү дээ. Энийг би буруу гээд байгаа юм.

-Тэгвэл таныхаар ямар гарц байна вэ?

Нэгдүгээрт, тодорхой төслүүдээ зар. Гадаадын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт болдог. Энэ үеэр манай Ерөнхийлөгч очоод манайх шиг таатай улс төрийн тогтолцоотой гоё оронд хөрөнгө оруулаач гэж ярьдаг. Гоё сайхан байх нь хөрөнгө оруулагчдын сонирхдог сэдэв биш.

Хөрөнгө оруулагчдад ганцхан сонирхол байдаг нь ашиг. Та нар энэ төсөлд ийм хэмжээний мөнгө оруулбал ямар хугацааны дараа хэдий хэрийн ашиг олох вэ гэдэг баталгаа гаргаж өгөх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, татварын' бодлого, Гадаадын хөрөнгө оруулагчдын тогтвортой байдлын хууль зэргээ ярих хэрэгтэй. Ганцхан жишээ хэлье л дээ.

Африкт 1990 оноос хойш хичнээн хувьсгал болсон бэ. Цуст хувьсгалууд зөндөө болж байна. Гэтэл тэд Монголоос илүү гадны хөрөнгө оруулалтыг татаж чадаж байна. Манайд цуст бүү хэл ямар ч хувьсгал болоогүй. Ингээд бодохоор Африкийн дэргэд Монгол шиг тогтвортой улс хаа байна. Гэтэл яагаад хөрөнгө оруулагчид манайхыг биш тэднийг сонирхоод байна вэ.

Энд хоёр л шалтгаан байгаа. Орос, Хятадын орчин буюу хилийн бодлого нөлөөлж байна. Хилийн бодлого гэж гаалийн бодлогыг ярьж байна. Монголд бараа үйлдвэрлээд Орос, Хятадын зах зээл рүү гаргая гэхээр татвар өндөр. Тэднээс бараа авахдаа таван хувийн татвар төлдөг. Энийг болиулах хэрэгтэй. Ядаж Дэлхийн худалдааны байгууллагаар дамжуулж Орос, Хятадад нөлөөлмөөр байна.

Монголд үйлдвэрлэв гэдэг чинь бид өөрсдөө үйлдвэрлэхдээ ч биш. Монгол руу хөрөнгө оруулалт татаад эх орныхоо газар нутагт үйлдвэрлэсэн зүйлийг хэлнэ. Өнөөдөр бид муу сайн хужаа, муу сайн хятад л гээд байна. Дэлхий өнөөдөр Хятадтай л худалдаа хийж байна шүү дээ. Ийм байхад бид урд хөршийнхөө зах зээлд бүтээгдэхүүн гаргахаас өөр аргагүй. Монголыг өнөөдөр үйлдвэрлэл л аварна.

-МАН 65 суудал авч олуулаа болсон үедээ улс төр болоод эдийн засгийн тогтолцоог өөрчлөх ёстой гэж ярьж байгаа. Тэд өөрчилж чадах болов уу?

Чадахгүй. Эд идэж л чадна. Өмнө ч ийм байсан, хойшид ч ийм л байна. Өөрчилж чадах уу үгүй юу гэдэг зүйл яривал тэрийг хэн хийх тухай ярина. Одоо та нар хар л даа. МАН Засгийн эрхийг барьснаас хойш хаана, хаана хэнийг томилов.

Томилогдсон хүмүүс нь юу хийж чадахаар, ямар туршлагатай, мэдлэг боловсролтой байна вэ. Ганцхан жишээ хэлье. Японд Анагаах ухааны их сургуулийн захирлаар ажиллаж байсан залуу эх орондоо ирээд ажилд орж чадахгүй байна. Гэтэл өнөөдөр манай анагаахын салбарыг ямар хүн удирдаж байгаа вэ. Ашиг сонирхлын зөрчилтэй хүн л удирдаж байна шүү дээ. Худлаа биш.

-Ирэх онд Төсвийн орлогыг нэмэгдүүлэхийн тулд Хөрөнгийн бирж, Оргил рашаан сувилал, Төрийн банк гэхчилэн томоохон обьектуудыг хувьчилна гэсэн. Та үүнд ямар байр суурьтай байгаа вэ?

Нөгөө л арга шүү дээ. Гадаадаас нэг удаагийн тариур оруулж ирэхийн тулд дотоодынхоо үйлдвэрийг санаатайгаар дампууруулсан. Яг үүн.тэй ижил байдлаар томоохон компаниудыг зохиомлоор дампууруулж байна. Үүнийгээ далдлахын тулд төр муу менежер гэх яриа гаргаад байдаг.

Үнэхээр төр муу менежер үү, эсхүл зохиомол нөхцөл байдал үүсгээд байна уу гэдгийг бодох ёстой. Дараа нь хэн авах гэж байна вэ гэдгийг нь хар. Хувьд очоод сайжирдаг гэх баталгаа байхгүй. Бизнес л бол бизнес. Улсын мэдэлд байхаараа муу, хувьд очихоороо сайн ажиллана гэдэг ойлголт бол зүгээр л төөрөгдөл. Хэн удирдах вэ гэдэг хамгийн чухал. Францын жишээг хар л даа. Төрийн өмчийн компаниудаа хувьчлаад дараа нь өндөр үнээр буцаан худалдаж авах гэж зовж байна.

-“Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой асуудал олны анхаарлыг чамгүй татаж байна. Та тэндхийн иргэдтэй байнга уулзаж байдаг хүний хувьд ямар бодолтой явна?

“Эрдэнэт”-тэй холбоотой асуудлыг би 2013 онд анх ярьсан. Эрдэнэтийн “Найрамдлын өндөрлөг” гэж газарт очоод “Эрдэнэт үйлдвэрийг хувьчлах вий. 49 хувийг чинь аваад явах гэж байгаа шүү” гэж яриад тухайн үедээ шоолуулж байсан. Зарим эрдэнэтчүүд намайг бүр хөөсөн.

Дараа нь 2016 оны гуравдугаар сард Ч.Сайханбилэгийг халз мэтгэлцээнд дуудсан. “Хоёулаа Эрдэнэтээр мэтгэлцье, зарах гээд байгаа юм уу. Мэтгэлцээд чи ял. Ялвал би дахиж сонгуульд нэр дэвшихгүй. Өнөөдөр өргөдлөө өгөөд УИХ-ын гишүүнээсээ татгалзъя. Би улс төрөөс явъя” гэсэн.

 Дараа нь буюу зургадугаар сарын 11 болоход “Эрдэнэтийн 49 хувийг зарчихсан шүү” гэдгийг анхааруулж хэлсэн. Гэтэл 13- нд нууц зэрэглэлтэй хуралдаж эхэлсэн учраас би цаашид мэдээлэл өгөх боломжгүй болчихсон. Төрийн нууц задруулахгүйн тулд нэг, хоёр өдөр яриад больсон юм. Одоо энэ байдлаар гарах гарц бол хууль. Би аравдугаар сарын 4-нд хуулийн төсөл өргөн барьсан.

-Ямар хууль вэ?

Байгалийн баялгийн нөөц дуусвал тэнд онгорхой нүх л үлдэнэ. Онгорхой нүх үлдвэл хэн хохирох вэ. Эрдэнэтчүүд хохирч, хамгийн хүнд нөхцөл байдалтай хоцорно. Эрдэнэтийн баялаг хэзээ дуусах вэ гэдгийг үнэнээр нь олон түмэнд ил тод болго. Янз бүрийн тоо хэлж байна л даа. Эрдэнэтчүүд 60, цаашлаад 100 жилийн нөөцтэй гэж мөрөөдөж байгаа. Мөрөөдөхөд мөнгө төлөхгүй нь сайхан юм даа.

Үнэндээ бол ямар ч хүн ашигтай зүйлээ зардаггүй. Та өөрт ашигтай машинаа зарахгүй биз дээ. Хэрэв зарлаа гэхэд хоёр шалтгаанаар л худалдана. Мөнгөний хэрэгцээ гарвал, эсхүл асуудал гарсан бол зарна. Тэрэн шиг оросууд хэвийн үйл ажиллагаа явуулж буй үйлдвэрээ зарахгүй. Монголчуудад нэг муу зан байна. Бүрэн шинжилгээ хийгээд та хорт хавдартай байна шүү гэж хэлсэн хүнд баярлалаа гэхийн оронд яасан муу амтай хүн бэ гэдэг.

Тэрэнтэй адил 60, 100 жилийн нөөцтэй байхад ард түмнийг айлгаад байна гээд байгаа. Айлгаад байсан зүйл алга. Нэгдүгээрт, менежмэнтээ тогтооё. Хоёрдугаарт, “Эрдэнэт”-ийн хөгжлийн сан байгуулаад өгөөч гээд байгаа юм. Хувь, улсын мэдлийнх нийлээд 200 сая ам.долларын хөрөнгөтэй сан бий болгоод өгөөч гэж байгаа юм. Би тэндээс сонгогдсон гишүүний хувьд эрдэнэтчүүдийн төлөө хийх зүйл их байна. Наад зах нь 300 орон сууцны асуудлыг зөв шийдмээр байна.

-Юун 300 орон сууц билээ?

300 орос нутаг буцна биз дээ. Тэдний амьдарч байсан 300 орон сууц үлдэнэ. Зууг нь ахмадуудад өгмөөр байна. Гэх мэтчилэн өмч хөрөнгүүдийгяах вэ. Хангарьд цогцолбор, сувилал, зочид буудал, соёлын төвүүдийн асуудал байна. Энэ бүхэнд УИХ шийдвэр гаргаад Засгийн газарт чиглэл өгч ажиллах хэрэгтэй. Өнөөдөр 49 хувийг авсан эсэх тухай асуудал нэн тэргүүнд тавигдах ёсгүй.

Бидний өмчийн эзэн Ч.Сайханбилэг, Б.Болор, Д.Эрдэнэбат байсан. Өнөөдөр (өчигдөр,) АН-ын ч даргын үүрэг гүйцэтгэгч Д.Эрдэнэбат М.Энхболдын өрөө рүү ороход нь би хэлсэн юм. “За яасан 49 хувиа зарчихаад одоо МАН-д орох гээд явж байна уу” гэж. Харахаас уур хүрээд байгаа юм чинь хэлэхгүй яахав дээ.

Энэ нөхөр анхнаасаа л МАН-ын хүн байсан. Бид энэ хүмүүстэй л ярих ёстой. Түүнээс биш 49 хувийг худалдаад авчихсан компанийн нөхөдтэй юу ярих , гээд байгаа юм бэ. Зарсан хүмүүстэй хариуцлага тооцооч гэхээр Засгийн газар хууль, хяналтын байгууллагад хандсан байгаа гэсэн хариу өгсөн. Би анхнаас нь хэлж л байсан. Эрдэнэтийг улстөржүүлэхээ боль гэж.

-Одоо улс төрийн хүрээнд “Эрдэнэт” үйлдвэрийн даргын томилгооны асуудал яригдаж байна. Т.Бадамжунай, Г .Алтан гэсэн нэр сонсогдож байгаа?

Т.Бадамжунай биш байлгүй дээ. Би үгүй байх л гэж бодож байна.

-Танай намаар сонин сайхан юутай байна вэ. Н.Энхбаяр даргыг АТГ- аас баривчлах нь гэсэн сураг сонсогдож байгаад намжлаа?

МАХН-тай холбоотой асуудлыг надаас асуудаг нь нэг талаасаа зөв. Нөгөө талаасаа нэг зүйл ажиглаач. МАН-аас ялалт байгуулсан 65 хүн УИХ-д сууж байна. Тэдний 47 нь Н.Энхбаяр даргын дүү нар. Н.Энхбаярын туслах, хуулийн зөвлөх хийж байсан хүн байна. Хажууд нь гүйж харайж яваад бизнестэй болсон хүн ч бий. Дүү нар нь ахыгаа хүнд байдалд оруулахыг хүсэхгүй байлгүй дээ.

Тиймээс гайгүй байх л гэж бодож байгаа. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн дөрвөн жилийн З.Баянсэлэнгэ, Ц.Оюунбаатар, О.Баасанхүүгээс хоёр дахин хүчтэй хүн энэ дотор сууж байна. Би бүгдтэй нь уулзаад хэлсэн. “За, чиний дарга шүү. Дарга байхад нь та нар хажууд нь байсан. Одоо та нар энэ хүнийг ядарч явахад нь түшээрэй, туслаарай, хамгаалаарай” гэдэг. Би ганцаараа юу ч хийж чадахгүй байна. Уулзсан хүмүүс бүгд "ойлголоо",д гэсэн.

-Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт С.Зориг агсны гэргий Б.Булган төрийн ордонд орж ирж хэд хэдэн хүнтэй уулзсан байна лээ. Тэдний нэг нь та. Юу ярьсан бол?

Эрдэнэтэд “Их залуу” гэж баг байдаг. Тэр багийн иргэдийн дундаас С.Зоригийн хэрэгтэй холбогдсон асуудал гарсан. Хэрэгт холбогдон шалгагдаж буй залуугийн ээж Жавзмаа надад өргөдөл бичсэн байсан юм. Тэрэндээ өмгөөлөгчөөр хангагдаж чадахгүй байгаа тухайгаа бичсэн байна лээ.

Үүний дагуу би Улсын ерөнхий прокурор Энх-Амгалантай уулзаж “Дотор болж буй хэргийг би мэдэхгүй. Гэм буруутай эсэхийг шүүх тогтооно. Онц хүнд гэмт хэрэгт сэрдэгдэж буй хүнд төрөөс өмгөөлөгч томилж өгөх ёстой байдаг. Энэ ээж ийм өргөдөл гаргасан байна. Та нар өмгөөлөгчөөр хангаарай" гэсэн. Хэрэг нь шүүхэд шилжсэн байгаа юм байна лээ. Үүний дараахан С.Зориг агсны гэргий Б.Булган манай зөвлөхөөр дамжуулаад уулзах хүсэлт гаргасан. Би уулзаад өнгөрсөн.

-Юу ярьж байх юм?

Хүмүүс уулзахаараа юу ярьдаг билээ тийм л зүйл ярьсан. Сайн байна уу, сайн гэхчилэн энгийн зүйл яриад явсан байгаа.

-Танаас ямар нэгэн тусламж хүссэн үү. Зүгээр мэнд ус мэдэлцэх гэж уулзаагүй байлгүй дээ?

Үгүй, тийм нарийн ширийн зүйл бид ярилцаагүй. Нууцын зэрэгтэй хэргийг би заавал мэдэх албатай биш, тэр хүн ч ярих ёстой биш. Тэгээд ч хэрэг төвөгтэй холбоотойгоор УИХ-ын гишүүнтэй уулзах ямар шалтгаан, шаардлага байгаа юм бэ. Хувь хүнийхээ хувьд л надтай уулзсан.

-Та хоёр өмнө нь бие биенээ таньдаг байсан юм уу?

Таньдаг байгаагүй. Манай зөвлөхийг мэддэг байсан байх. Өмгөөллийн үйлчилгээ явуулдаг манай компани С.Зориг агсны амьдарч байсан байрны дөрөвдүгээр орцонд 18 жил үйл ажиллагаа явуулж байгаа. Үнэн мөнийг нь хууль шүүхийнхэн тогтооно биз.

Бид хууль, хяналтын байгууллагын асуудалд шууд болон шууд бусаар оролцох боломжгүй. Төрийн нууц, тэр дундаа хүн амины хэргийг няхуур шалгаад явах ёстой. Бодит үнэнийг хуулийнхан тогтооно. Тэр хүн одоо баривчлагдаагүй, хоригдоогүй байгаа. Ийм үедээ хэнтэй уулзаж, хаагуур явах нь тэр хүний л асуудал.