2016.10.04

МАН: Төсөв, мөнгөний бодлогоор ажлын хэсэг байгуулав

Засгийн газраас Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн байгаа.

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийн ээлжит хуралдаанаараа дээрх хуулийн төсөлтэй холбогдуулж Сангийн яамны мэдээллийг сонсчээ.

Дараа нь 2017 оны төсвийн хуулийн төсөл дээр ажиллах ажлын хэсгийг УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Я.Содбаатар, 2017 оны Мөнгөний бодлого дээр ажиллах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Б.Жавхлан ахлах даалгаврыг өгсөн байна.

Энэ тухай УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, дэд дарга Я.Содбаатар нар сэтгүүлчдэд мэдээлж, сонирхсон асуултад дараах хариулт өглөө.

-УИХ-ын дарга асан З.Энхболд “УИХ 2.6 их наяд төгрөгийн алдагдалтай төсөв батлах нь” гээд байр суурь илэрхийлж эхэллээ. Алдагдлыг бууруулах боломж бий юу?

Д.Хаянхярваа: Хатуу тоо, энэнээс ч илүү алдагдалтай байх төсөв л бидэнд үлдэж. Өөрөөр хэлбэл, бүхэлд нь өр авлагаа барагдуулах тухай асуудал яригдаад явах юм бол 6.6 их наяд төгрөг буюу төсвийн нэг жил цуглуулах орлогоос их хэмжээний өрийг ирэх онд багтаан барагдуулахаар болчихсон байгаа. Бодит байдлаас хазайж, элдэв улс төрөөс эмээж төсөв баталж болохгүй. Бодит боломжиндоо тулгуурласан богино хугацаанд эдийн засгийн хямралаас гарахад чиглэгдсэн төсөв, мөнгөний бодлогоор үйл ажиллагаа явуулна.

Я.Содбаатар: Ардчилсан нам Засгийн эрхийг барьж байх үед нэг хүндрэл гарсан. Төсвөөс гадна зарцуулсан асар их мөнгө байсан. Монголбанк, Хөгжлийн банкаар, мөн концесын гэрээгээр гэх мэтчилэн тал бүр лүү гаргасан байсныг МАН Засгийн эрх авсны дараа нэгтгэж, төсөв дээр авчирхад төсвийн алдагдал 9.9 хувьтай болсон. Урд талынхаа балгыг янзлах гэж явж байгаа л ажил. Ирэх онд зээлийн эргэн төлөлт, үйлчилгээний төлбөр,  хүү торгууль нийлээд 6.6 их наяд. Бид тэвчиж болох бүх зардлыг хэмнэж, ирэх оны төсвийг батална.

-Ирэх оноос төлж эхлэх бондын зээл зэргийг бонд гаргаж байж л төлөхөөс аргагүй гэх асуудлыг танай бүлгийн гишүүд хөндөж байна. Гэтэл эдийн засагчид зээлийг бонд гаргаж төлөх юм бол илүү эрсдэлтэй. “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдаад явах нь хяналттай, зохимжтой гэдэг байр суурь илэрхийлээд байна. Бүлэг аль байр суурийг нь илүү барьж байна вэ?

Д.Хаянхярваа: Өрийн асуудал бол анхаарал татсан асуудал. Авсан бондуудын төлбөр төлөгдөөд эхэлнэ. Ямар нэг шийдэл гаргаагүй байна, яаж төлөх вэ гэдэг арга зам хайж байна. Яг үнэндээ дээшээ явъя тэнгэр хол, доошоо явъя газар хатуу байна.

Бонд гаргах, эсвэл авсан өрийнхөө менежмэнтээ цаад хүмүүстэйгээ ярьж хойшлуулах, эсвэл урт хугацаатай хөгжлийн зээл авах. Эндээс л сонголт хийх ёстой. Засгийн газар улс үндэстнүүд, олон улсын байгууллагуудад хандах зэргээр янз бүрийн яриа хэлцэл хийж байгаа.

Монгол Улсад хамгийн үр ашигтай байх, богино хугацаанд эдийн засгийн хүндрэлээс гарах, өндөр хүүтэй арилжааны зээлүүдийг төлж чадах нөхцөлүүдийг сонгохыг зорьж ажиллана. Гишүүд ч ийм л байр суурь илэрхийлж байгаа.  Тодорхой шийдэлд хүрнэ гэж найдаж байна.

-Нүүрсний үнийн зөрүүний талаар бүлэг дээр ярьсан гэх юм. Шийдэл нь юу юм бол?

Я.Содбаатар: 2017 оны төсөв өргөн баригдсантай холбоотойгоор төсвийн зардлыг хэрхэн танах вэ, орлогыг хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдэг талаар УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлсэн.  Монгол Улсад нүүрсний үнийг нэмэгдүүлэх, үнийн өсөлт гаргах хандлага байгаатай холбогдуулж мэдээлэл сонссон.

-“Эрдэнэт” үйлдвэр дээр ямар арга хэмжээ авч ажиллах вэ?

Я.Содбаатар: “Эрдэнэт” үйлдвэрийн асуудлаар тодорхой даалгавар Засгийн газарт өгсөн. Засгийн газраас таван сайдын оролцоотой ажлын хэсэг байгуулагдан ажилласан, дүгнэлтээ гаргасан байна. Маргааш болох Засгийн газрын хуралдаанаар дүгнэлт сонссоны дараа УИХ-аар хэлэлцээд явах байх. Энэ үед тодорхой шийдвэр гаргана.

-“Эрдэнэт” үйлдвэрийн хувьчлалтай холбогдуулж асуухад гадныхан авахаар “Эх орны баялаг зөөлөө, зарагдлаа гэх. Монгол хүн авахаар дээрэмдлээ гэх”. Яг яах ёстой юм бэ?

Д.Хаянхярваа:-Бүх асуудал хуулийн хүрээнд л байх ёстой. Хуулийн хүрээнд хувьчлал явагдаж уу гэдэг л асуудал. Хэрвээ эзэн болоод авсан бол үйлдвэрийн ажилчдын эрх ашгийг хангаж, Монгол дахь өгөөж байнга нэмэгдэж байх ёстой.

Монголын нийгэмд үнэхээр ийм зүйл байгаа. Бизнес эрхлэгчид рүүгээ тал, талаасаа дайрдаг. Өнгөрсөн дөрөн жилд “Энержи ресурс” компани дэлхийн зах зээлд гарсан ч дампуурах тийшээ явсан. Монголын компани гэдэг эрх ашгийн үүднээс хандаж хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулахад нь төр дэмжлэг үзүүлж ажиллах ёстой л гэсэн байр суурьтай байна.