Д.Эрдэнэбат: Энэ удаа МАН-ын ухралтыг зогсоох хариуцлагтай сонгууль болно
УИХ-ын гишүүн, АН-ын орон нутгийн сонгуулийн менежер Д.Эрдэнэбат
2016.09.21

Д.Эрдэнэбат: Энэ удаа МАН-ын ухралтыг зогсоох хариуцлагтай сонгууль болно

УИХ-ын гишүүн, АН-ын орон нутгийн сонгуулийн менежер Д.Эрдэнэбат цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Улсын хэмжээнд сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд 7006 мандатын төлөө 15209 нэр дэвшигч өрсөлдөхөөр бүртгүүлээд буй. Нийт нэр дэвшигчдийн 7500 орчим нь Ардчилсан намын гишүүд байгаа аж. Мэдээллийн эхэнд тэрбээр “Орон нутгийн сонгууль АН төдийгүй ардчиллыг дэмждэг улс төрийн хүчний хувьд онцгой юм.

МАН-ынхан үйл ажиллагаа эхлэхдээ улс төр, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалд яаран дүгнэлт хийж, улс орны амьдралд үл эргэлзэх байдал үүсгээд байна.

Хэдийгээр АН-ыг муулах гэж үйл ажиллагаагаа явуулсан хэдий ч эргээд ард түмний амьдралыг муутгах зүйл рүү хэлтийж байгаа нь байж болзошгүй гэж харж байгаа. МАН парламентад олонхи болж 65 суудал авсан ч нийт сонгогчдын 45 хувийн л санал авсан гэдгийг дахиад хэлмээр байна.

Амьдрал бол зөвхөн парламентад өрнөөд байдаг зүйл биш. Харин нийгэмд ард иргэдийн дунд буцалж байдаг. Тиймээс зөвхөн парламентын үнэмлэхгүй олонхоор хүч түрэн асуудалд хандаж болохгүй.

Орон нутгийн сонгууль бидний хувьд МАН-ын хийсэн олон ухралтыг зогсоох, ардчиллын төлөөх бусад намууд, иргэний хөдөлгөөнүүд, төрийн бус байгууллагууд нэгдэж энэ ухралтыг зогсоох хариуцлагатай сонгууль ирсэн гэж ойлгож байгаа.

Тиймээс АН-ын сонгуулийн штабын гол зорилго үүнд тулгуурлах болно. Орон нутгийн сонгуультай холбоотой эргэлзээ дагуулж буй нэг том асуудал бий. Энэ нь бүртгэл болоод шилжилт хөдөлгөөний асуудал юм.

Нэг сонгогч олон газар санал өгөх магадлал өндөр гэдэг маргаан АН-д ирсэн. Тиймээс бид уг асуудалд анхаарч ажиллах болно. УИХ-ын 2016 оны сонгуулиар "царцааны нүүдэл"-тэй холбоотой олон асуудал үүссэн. Үүний маргаантай холбогдуулж, ҮХЦ-д гомдол үүсгээд явж байна.

Би үүгээр юуг хэлэх гээд байна вэ гэхээр орон нутгийн сонгуулиар дээрх хууль зөрчсөн үйлдэл дахин битгий гараасай. АН-ын бүлэг санал оруулж, сонгогчдын шилжилт хөдөлгөөн, бүртгэлтэй холбоотой асуудлаар ажлын хэсэг байгуулах болно. Улмаар Улсын бүртгэлийн газар, ТЕГ-т хандаж 2016 оны сонгуулийн үйл ажиллагаанд дахин шинжилгээ хийлгэх санал тавих юм.

Хэрвээ бидэнд ирээд байгаа баримтуудаар нэг сонгогч 2-3 газарт санал өгсөн байвал онц ноцтой гэмт хэрэгт тооцогдох болов уу гэж ойлгож байгаа. Харин энэ үйлдлийг дахин гаргахгүй байх нь АН-ын сонгуулийн штабын гол үүрэг байх болно. Өөрөөр хэлбэл, бид иргэддээ сонголтоо үнэн зөв хийх ганц боломжийг нь бүрдүүлнэ” гэлээ. 

Орон нутгийн сонгуулийн бүртгэлтэй болон нэр дэвшигчтэй холбоотой асуудлаар энэ долоо хоногт аймгийн болон дүүргийн намын удирдах ажилтнуудын зөвлөгөөнийг зохион байгуулахаар болсон байна.

Харин ҮЗХ-ны болон гүйцэтгэх зөвлөлийн гишүүдээ ирэх долоо хоногт орон нутагт ажиллуулахаар илгээх аж. Энэ талаар АН-ын орон нутгийн сонгуулийн менежер Д.Эрдэнэбат “Энэ сонгууль сумдын иргэддээ өнөөдрийн бодит нөхцөл байдлыг мэдрүүлэх, хэлж өгөх, болохгүй байгаа олон ухралтуудыг ойлгуулах сонгууль болно гэж харж байгаа.

“Ухралт” гэж энгийнээр хэлж байгаа боловч энэ чинь бидний олон жилийн ардчиллын үр шимээр олсон эдийн засгийн хөгжлийг гацаасан явдал юм.

Монгол Улсын эдийн засаг сүүлийн дөрвөн жил бага зэргийн хүндрэлтэй байсан ч бид иргэдээ ажилтай байлгах, бүтээн байгуулалтыг өрнүүлэх гээд олон зүйлийг хийснийг хэн ч үгүйсгэж чадахгүй. МАН-ынханы гэнэтийн нийгэмд өгсөн цочрол нь эдийн засгийн шоконд оруулж, эдийн засгийн огцом агшилтыг өгсөн үйлдэл нь улс орны ирээдүйд асар муугаар нөлөөлөх болно.

АН-ын шинэчлэлийн тухай олон хүн санаагаа чилээж байгааг бид ойлгож байгаа. Гэхдээ нэг л зарчим бий. Нэг бүдэрсэн чулуун дээрээ хоёр бүдрэх бол ухаантай хүний шинж биш.

Тиймээс АН нэг бүдэрсэн чулуундаа дахин бүдрэхгүй. АН нээлттэй байсан уу гэвэл нээлттэй байж чадсан. Эрх ашигтаа хөтлөгдсөн бидний алдаан дээр дөрөөлсөн 2016 оны сонгууль бидэнд сөрөг үр дүнг авчирсан гэдгийг бид ойлгож байгаа.

Тиймээс ч бид АН-ын шинэчлэлийн асуудлаар орон нутгийн сонгуулийн үед ч гэсэн орхигдуулахгүй байх болно. 2000 оны 12 дугаар сарын 6-нд АН анх байгуулагдаж байлаа. Одоо харин 16 жилийн дараа буюу 2016 оны 12 дугаар сарын 6-нд их хурлаа хийнэ.

Ард иргэд АН-ыг шинэ даргатай болоосой хэмээн хүлээж байгаа гэж бид бодохгүй байгаа. Харин АН шинэ бодлоготой, шинэ үйл ажиллагаатай болоосой гэж хүлээж байгаа гэдэгт итгэлтэй байна. Гэхдээ АН-ын шинэчлэл зөвхөн намын шинэчлэл биш байх болно.

Өөрөөр хэлбэл, энэ шинэчлэл Монгол Улсын ирээдүйн улс төрийн бодлогын тогтолцооны шинэчлэл байх юм. Их хурлаараа бид намын шинэ дүрмээ батлах учиртай. Тиймээс ч энэ удаагийн сонгуулийн үеэр болон дараа нь шинэ дүрмийнхээ хэлэлцүүлгийг нийт гишүүд, дэмжигчдийнхээ дунд хийх нь зөв гэж үзэж байгаа.

Мөн намын даргынхаа асуудлыг ч нийт гишүүд, дэмжигчдийнхээ дундаас гаргах болно. Шинэчлэл гэдэг бол байнга өсч, дэвжиж байдаг процесс. Тиймээс ч АН-ын шинэчлэлийг ард түмэнд нээлттэй харуулах нь зөв гэж үзэж байгаа.

Мэдээлэл хийсний дараа Д.Эрдэнэбат гишүүн сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-АН-ын шинэчлэлтэй холбоо­тойгоор залуу гишүүдийн зүгээс намын доторх бүлэг фракц, хэдхэн хүний зөрчлөөс болж УИХ-ын сонгуульд ялагдсан гэсэн шүүмжлэл гаргадаг. Тийм учраас АН задрах, тарах ёстой гэсэн асуудал яригдаж эхэллээ. Та хувьдаа АН дотор үүсээд байгаа асуудлыг юу гэж харж байна вэ?

Ардчилсан нам бол ард түмний дундаас буй болсон нам. Үндэсний хэмжээний нам шүү дээ. Нийт иргэдийн маань 35 хувь нь энэ намыг дэмждэг. Тийм учраас тэдний саналыг оруулалгүйгээр АН задарна, тарна гэдэг ойлголт байхгүй.

Фракц гэдэг ойлголтыг эрх, ашгийн нэгдэл болгосон нь бидний алдаа байсан. Энэ алдаа 2016 оны УИХ-ын сонгуульд сөргөөр нөлөөлсөн. Бид үүнийг хүлээн зөвшөөрөх ёстой. Одоо гагцхүү бодлого дээрээ нэг фракц байх ёстой. Би намынхаа залуучуудтай уулзсан.

Тэдэнд та нар суманд очоод орон нутгийн сонгуульд оролцоод намын шинэчлэлийн асуудлаар жирийн гишүүд дэмжигчдийн үгийг сонс. Түүний дараа ахиад хэдүүлээ асуудлаа яръя гэж хэлсэн.

АН гэдэг бол нэг хэсэг хүмүүсийн хэлснээр задардаг нам биш гэдгийг хаа хаанаа хатуу ойлгох хэрэгтэй.

-Үндсэн дүрмийн шинэчлэл хийнэ гэлээ. Намын дүрмийг шинэчлэх асуудлаар ажиллаж байгаа юм уу?

Намын дүрмийг шинэчлэх төслийг зургаан жилийн өмнө хийсэн. Үүнийг хоёр удаа орон нутгийн намын байгууллагуудаар хэлэлцүүлсэн дүрмийн төсөл байгаа.

Өнөөдөр Хэрэг эрхлэх газар дээр ажлын хэсэг ажиллаж байгаа. Одоо ганцхан ҮЗХ-ны хуралдаанаараа яг их хуралдаа оруулах үндсэн дүрмийн шинэчлэлийн ажлын хэсгээ байгуулахаар төлөвлөж байгаа.

-Дүрмийн асуудлыг ҮЗХ-гоор оруулна гэж байна. Гэтэл танай намын гишүүд ҮЗХ-гоо эрх зүйн чадамжгүй фракцид хуваагдсан гэдэг шүү дээ?

Үндсэн дүрмийг өнөөгийн ҮЗХ батлахгүй. Энэ асуудалд итгэлтэй байж болно. ҮЗХ Үндсэн дүрмийн шинэчлэлийн ажлын хэсгээ байгуулна. Энэ ажлын хэсэг ажиллаад 12 дугаар сарын 6-нд үндсэн дүрмээ Их хурлаараа батлахад хуучин ҮЗХ өөрөө шинэ дүрмийнхээ хүрээнд татан буугдана.

Бид бүх зүйлийг цоо шинээр шинээр эхлэх ёстой гэж харж байгаа. АН одоо хөрсөн дээрээсээ эхэлж ургах ёстой. Өөрөөр хэлбэл, 16 жилийн дараа АН хоёр дахь амьсгалаа авахдаа зөв авах ёстой гэсэн хатуу байр суурин дээр байгаа.

-АН яг нэгдэж чадаж байгаа гэдгийг та баталж чадах уу. Зөвхөн шинэчлэлийн хүрээнд ахмадууд, залуучууд гээд олон талд янз бүрийн зүйлийг яриад байна шүү дээ?

Муугаар хэлбэл, АН-ыг долоон фракцтай орон гэрээ нурааж байна гэж ярьдаг. Харин сайнаар хэлбэл, АН долоон өнгийн солон­го­той аль, аль асуудлыг нээлт­тэй ярилцаж байна гэдэг. Би бид до­лоон өнгөөр асуудлаа ярьдаг гэж хардаг. Цаашдаа ч тэгэж явна.

-Хэдхэн хоногийн өмнө Э.Бат-Үүл, З.Энхболд нарын намын ялагдал МАН-ын удирд­лагаар шийдэгдсэн гэх бич­лэг цацагдсан. Энэ бичлэг яаж байгаад цацагдчихсан юм бэ?

Яаж цацагдсаныг нь мэдэхгүй байна. Манай намын юм нууц байдаггүй. Дандаа ил байдаг. Нөгөө 60 тэрбумын яриа шиг ил зүйл шүү дээ. Тэр бичлэгт манай намын сонгуультай холбоотой дотоод асуудал яригдаж байсан. Гэхдээ яриа нь буруу биш. Ямар байж байгаад сонгуулийн тогтолцоо өөрчлөгдсөн гэдгийг манай намынхан нийтээрээ мэдэж л байсан.  Харин өнөөдөр нийгэм мэдэж байх шиг байна.