Алга таших анхны алхам
УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын санал дэмжигдсэн биш мань хүн алга ташаад, бөөн баяр.
Тэрбээр Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар /ААНОАТ/-ЫН тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд зарим гишүүнтэй хамтран программ хангамжийн үйлдвэрлэл,интернэт худалдааны салбарыг хамруулахаар санал оруулаад байсан юм.
Харин анхны хэлэлцүүлгийн үеэр түүний дээрх санал дэмжигдсэн нь мань гишүүнийг тийн баярлахад хүргэсэн хэрэг. Тэрбээр чуулганы хуралдааны хэлэлцүүлгийн үеэр “Монголын ДНБ Оюутолгой, Тавантолгой, Эрдэнэттэйгээ нийлээд дөнгөн данган 10 тэрбум ам.долларт хүрч байгаа. Бид энэ хүрээндээ төсөв мөнгөний бодлогоо ярьж байгаа.
Гэтэл дэлхийн ертөнцийн эдийн засгийн салбарт программ хангамж, интернэт худалдаа гэсэн цоо шинэ салбар бий боллоо. Бидний сайн мэдэх хүн бүрийн хэрэглэдэг нэг аппликэйшний үнэ 5.9 тэрбум долларт хүрч байна. Программ хангамжийн үйлдвэрлэл, интернэт худалдааны салбарыг татвараас чөлөөлмөөр байна. Уул уурхай, уламжлалт эдийн засгийн салбараа ярьсаар байгаад бид дэлхий ертөнцийн салбараас дэндүү хоцроод байна" хэмээн саналаа тайлбарласан юм.