Б.Булган УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй уулзжээ
2016.11.01

Б.Булган УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй уулзжээ

Дэд бүтцийн хөгжлийн сайд агсан С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт холбогдуулан түүний эхнэр Б.Булганыг арван сар орчмын хугацаанд Төв аймгийн цагдан хорих төвд хорьж байгаад өнгөрсөн есдүгээр сард сулласан. Өмнө нь 1999 онд мөн дээрх хэрэгт сэжигтнээр татаж цагдан хорьсон байдаг.

Тэгвэл уг дуулиант хэргийн ганц амьд гэрч болох Б.Булган өнгөрсөн баасан гаригт Төрийн ордонд УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлтэй хамт явж байгаа нь сэтгүүлчдийн хараанд өртөв. Энэ үеэрээ тэрбээр УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй уулзаад түүний зөвлөх Энхтүвшингээр замчлуулан гарч яваа харагдсан юм.

Харин нөхрийгөө бусдын гарт амиа алдсан хэрэгт хоёр дахь удаагаа сэрдэгдэн хоригдож байгаад суллагдаад сар гаруйн хугацаа өнгөрч байгаа Б.Булган ямар шалтгаанаар Төрийн ордонд орж гишүүдтэй уулзсан нь хүмүүсийн анхаарлыг татаж байгаа юм.

Б.Булганыг Төв аймгийн цагдан хорих төвөөс суллагдах үед нууцын зэрэглэлтэй хэрэг учраас хэвлэлд ярилцлага өгч болохгүй талаар бичигт гарын үсэг зуруулсан байдаг.

О.Баасанхүү гишүүний хувьд хуульч мэргэжилтэй. Мөн түүний сонгогдсон тойргийн нэр бүхий хүмүүсийг С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгт сэжиглэн цагдан хориод байгаа. Энэ талаар түүнээс лавлахад “Би Б.Булгантай уулзсан. Ямар асуудлаар ярилцсан талаарх нарийн мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм.