С.Зоригийн хэргийг илрүүлэхэд улс төрийн хүсэл зориг гаргаач
“Ардчиллын алтан хараацай”-уудын нэг Санжаасүрэнгийн Зориг 1998 оны энэ өдөр бусдын гарт амь насаа алдсан. Түүнээс хойш 17 жил өнгөрч.
Тэр жилүүдийн энэ өдөр С.Зоригийн гэгээн дурсгалд зориулан ажилдаа явдаг байсан замд нь босгосон, түүний янжуур барин алсыг ширтэн бодлогоширч зогсоо эгэл дүртэй, “Монголын ард түмнээс” гэсэн даруухан бичигтэй, хүрэл хөшөөнд гэр бүлийнхэн, журмын нөхөд, ардчилсан хувьсгалын зүтгэлтнүүд болон үйл хэргийг нь мэддэг, хүндэтгэдэг ард түмэн цэцэг өргөж, дурсгалыг нь хүндэтгэдэг уламжлал тогтсон.
Өнөөдөр ч энэ үйл явдал мөн давтагдав. Хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл илэрхийлэхээр ирсэн хүмүүийн яриа ч нэг л янзын байдаг. “Энэ хэрэг илрэхгүй удаж байна. Гэхдээ илэрнэ гэдэгт итгэдэг” гэж тэд хэлдэг.
Өнөөдөр ч бас тийм л байлаа. С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөх ёслолд түүний ах С.Баяр, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн Л.Болд, Ц.Оюунгэрэл болон С.Зоригтой мөр зэрэгцэн ардчилсан хувьсгалд хүчин зүтгэж байсан журмын нөхөд нь оролцлоо.
С.Зориг агсны ах С.Баяр “Жил бүр та нар биднээс нотлох баримт, хэргийн тухай асуудаг. Энэ талаар өөр асуух газрууд байгаа. Хууль хяналтын байгууллагууд байна. Хэрэг дээр ажиллаж байгаа тэднээс асуухад сайн мэдэх байх. Мөрдөн байцаалтын нууц гэж байдаг учраас тэр болгон мэдээлэл өгөхгүй гэдгийг бид нарт жил болгон л хэлдэг. Бид хэрэг гардаг үед бүгдээрээ л мэдүүлэг өгч байсан” гэж хэлсэн.
С.Зориг байсандаа Монголын ардчилал тайван замаар явсан
УИХ-ын гишүүн Л.Болд
Харин УИХ-ын гишүүн Л.Болд “Энэ хэрэгт УИХ ямагт анхаарал хандуулж байгаа, хандуулна гэдгээ ч УИХ-ын дарга илэрхийлсэн. Энэ хэрэг ингэж таавар байгаад байж болохгүй. Хэргийг илрүүлэхийн тулд бид шаардлагатай ямар алхам байна түүнийг хийх хэрэгтэй. Монголын ард түмний ардчилсан хувьсгал С.Зориг гэдэг удирдагчтай байсандаа тайван замаар сайхан ирээдүй авчирсан” гэлээ.