С.Зоригийн хэрэгтэй холбогдуулан Ерөнхий сайдад асуулга тавив
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн П.Алтангэрэл, Д.Кёкүшюзан Батбаяр нар Монгол Улсын Ерөнхий сайд С.Баярт хандаж өнөөдөр асуулга тавьсан байна. Энэ аймшигт хэрэг гарснаас хойш 11 жил өнгөрч байхад уг хэрэг улам бүдгэрч, Засгийн газар, хууль хяналтын байгууллагууд хэрхэн ажиллаж байгаа нь олон нийтэд төдийгүй хууль тогтоох байгууллагуудын түвшинд ч тодорхой бус, мөрдөн байцаалтын нууц нэрийн дор бүх зүйл хаалттай байгаа талаар сонгогчид удаа дараа асууж, хариу хүлээсээр байгааг гишүүд асуулгадаа дурьджээ.
Иймээс тэд:
- Энэ хэргийг мөрдөн шалгах үйл ажиллагаа одоогоор ямар шатанд байгаа
- Олон улсын парламентын холбооноос хэргийг илрүүлэхэд туслах, экспертүүд ажиллуулах санал удаа дараа тавьж байсан саналыг холбогдох байгууллагууд хэрхэн хүлээж авсан, мөн манай талаас олон улсын байгууллагад хандаж тусламж дэмжлэг хүсч хамтран ажилласан
- Хэргийг илрүүлэх талаар одоогийн Засгийн газар хэрхэн ажиллаж байгаа болон хэргийг илрүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаанд шаардагдах хөрөнгө санхүүгийн хангалттай эх үүсвэр байгаа эсэх
- Таны удирдсан Засгийн газрууд өмнөх Засгийн газруудын бүрэн эрхийн хугацаанд эл хэргийг илрүүлэх ажлыг эрчимжүүлэх талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээнд ямар нэг байдлаар дүгнэлт хийж хууль хяналтын байгууллагуудтай идэвхтэй харилцаж ажилласан эсэх талаар Ерөнхий сайдаас хариулт авахыг хүссэн байна.
Мөн эрхэм гишүүн П.Алтангэрэл Засгийн газрын гишүүн, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтод хандаж, газрын тосны талаар төрөөс баримталж буй бодлого болон Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-д хэзээ өргөн барих, Газрын тосны салбарт хэрэгжүүлж буй бүтээгдэхүүн хуваах гэрээ нь Монгол Улсын эрх ашиг болон одоогийн мөрдөгдөж байгаа хууль, тогтоомжид хэрхэн нийцэж байгаа талаар асуулт тавьсан байна.