Парламентын хүний эрхийн хороо хэргийн илрүүлэлтийн явцыг хэлэлцэв
Олон Улсын Парламентын Холбоо /ОУПХ/-ны 121 дүгээр Ассамблей болон тус чуулганы хүрээнд зохиогдсон салбар хороодын хурлууд 2009 оны аравдугаар сарын 18-наас 21-ний өдрүүдэд Швейцарийн Холбооны Улсын Женев хотноо боллоо.
ОУПХ-ны энэ удаагийн Ассамблейн үеэр холбооны санхүүгийн тайлан, 2010 оны төсөв, 2010 оны арга хэмжээний төлөвлөгөө, Удирдах зөвлөлийн ажлын тайлан зэргийг ярилцав.
Чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Бангкок хотноо 2010 оны гуравдугаар сард зохиогдох ОУПХ-ны 122 дугаар Ассамблейгаар хэлэлцэх асуудалд хэд хэдэн шинэ зүйл дэвшүүлснээс Австрали Улс болон Африкийн бүлгээс хамтран оруулсан “Дэлхийн хүнсний аюулгүй байдал” сэдвийг хэлэлцэхээр олонхийн саналаар оруулж батлав.
Мөн чуулганы үеэр дараахь гурван салбар байнгын хороод хуралдан хэлэлцүүлэг хийж 2010 оны гуравдугаар сард зохиогдох ОУПХ-ны 122 дугаар Ассамблейн үеэр хэлэлцэх асуудлуудыг эцэслэн шийдвэрлэж тохиролцов.
- Олон улсын аюулгүй байдал, энх тайвны асуудлаархи Нэгдүгээр байнгын хороо – “Зохион байгууллалттай гэмт хэрэг, үүний дотор хар тамхи, зэвсгийн болон хүний наймаа, хил дамнасан терроризмтэй тэмцэхэд дэлхий нийтийн хамтын ажиллагаа, хариуцлага”
- Тогтовортой хөгжил, санхүү, худалдааны асуудлаархи Хоёрдугаар байнгын хороо – “ Өмнөд-Өмнөд ба гурвалжилсан хамтын ажиллагааг хөгжүүлэх нь - Парламентуудын үүрэг”
- Ардчилал, хүний эрхийн асуудлаархи Гуравдугаар байнгын хороо – “Залуус ба Ардчилал”
УИХ-ын дарга Д.Дэмбэрэл тэргүүтэй Монголын парламентын төлөөлөгчид чуулганы үеэр ХБНГУ-ын Бундестагийн Ерөнхийлөгч Норберт Ламмерт, БНЭУ-ын парламентын доод танхим Лок Сабхагийн дарга хатагтай Мэйра Кумар, ОХУ-ын Төрийн Думын орлогч дарга хатагтай Л. К. Слиска нар болон БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны төлөөлөгчидтэй хоёр талын уулзалт хийж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа, парламент хоорондын болон Тамгын газрын хоорондын түншлэлийн талаар санал бодлоо солилцсон болно.
Энэ өдрүүдэд ОУПХ-ны Парламентын хүний эрхийн хороо хуралдаж Афганистан, Бангладеш, Беларусь, Колумби, Конго, Эквадор, Египет, Эритрей, Ирак, Ливан, Монгол Улс, Бирм, Палестин, Израиль, Филиппин, Руанда, Шри Ланк, Турк болон Зимбабве зэрэг 19 орны 238 парламентын гишүүний нийт 289 хэргийг хэлэлцсэн бөгөөд үүний дотор УИХ-ын гишүүн агсан С. Зоригийн хэргийн илрүүлэлтийн явцын талаар ярилцав. Хэргийн илрүүлэлтийн явцын талаархи мэдээллийг Парламентчдын Хүний эрхийн хороонд УИХ-аас хүргүүлсэн болно. УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д. Оюунхорол, УИХ-ын гишүүн Н. Батбаяр нар Парламентын хүний эрхийн хорооны гишүүдтэй уулзаж тодруулга авав.
ОУПХ-ны 122 дугаар Ассамблей 2010 оны гуравдугаар сарын 27-ноос дөрөвдүгээр сарын 1-ний өдрүүдэд Тайландын Вант Улсын Бангкок хотод зохиогдоно. ОУПХ-ны 124 дүгээр Ассамблейг 2011 оны дөрөвдүгээр сарын 16-наас 21-ний өдрүүдэд Панама Улсад зохион байгуулахаар тохиролцов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны хэлтэс мэдээлэв.