Зориггүй есөн жил
УИХ-ын гишүүн Х.Баттулга
2015.11.17

Зориггүй есөн жил

УИХ-ын гишүүн Х.Баттулга өөрийн PAGE хуудсандаа тавьсан нийтлэлээс хүргэж байна. Тэрээр өөрийн бодлоо монгол түмэнтэйгээ хуваалцахаар бичиж нийтэлснээ эмхэтгэн "Бодлууд" хэмээх номыг гаргаж байсан билээ.

Уншигч та
( https://www.facebook.com/KhaltmaaBattulga ) PAGE  хуудсанд нь зочилж уг нийтлэлүүдийг уншиж болох юм байна шүү. Ингээд олныг нуршилгүй нэгэн нийтлэлийг нь уншигч танд хүргэж байна.

2007.04.25-нд энэ нийтлэлээ бичсэн. Жил бүрийн дөрөвдүгээр сарын 20-нд түүний төрсөн өдрийг бид эх орон даяараа дурсан санадаг билээ.

Тухайн үед энэ нийтлэлийг бичиж байхдаа хэргийн учир холбоос логик гаргалгааг тодорхойлохыг оролдож байлаа. Энэхүү зохион байгуулалттай, улс төрийн зорилготой аллага нь удаа дараа сонгуульд хожил авчирч байсныг өнөөдөр хүмүүс анхаарч, анзааран дүгнэлт хийх цаг хугацаа болсон байх аа.


МоАХ-ны анхны дарга, төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн төрсөн өдөр 4 сарын 20-нд болж өнгөрлөө.

Тэр хүйтэн сэтгэлтнүүдийн гарт амь үрэгдээгүй бол өнөөдөр 45 настай, ид хийж бүтээж, оргилж явах байв.

С.Зоригийг хөнөөсөн хэргийг захиалгат аллага байсан гэдгийг нийгмээрээ зөвшөөрсөн ч уг хэрэг илэрсэнгүй “мартагдах” дөхөж байна. Түүнийг зэрлэгээр хөнөөсөн сар, өдөр нь өөр нэгэн төр, нийгмийн зүтгэлтэн А.Төмөр-Очирыг хөнөөсөн өдөртэй давхацдгыг олон нийт хачирхсаар байдаг билээ.

А.Төмөр-Очирын гэргий С.Нинжбадгар гуай саявтар сонинд (МНӨ.2007.№04) өгсөн ярилцлагадаа “Би үүнийг хувьсгалт нам л хийсэн гэж боддог юм. Өөр хэн хийх вэ? Ганц манай өвгөнийг ч биш олон хүнийг хядсан шүү дээ. Гэвч одоо хэр нь буруугаа хүлээхгүй, шалгаж чадахгүй байгаа байхгүй юу. Би “өвгөний хэргийн учрыг нь олж өгөөч. Та нар тодорхой мэдэж байгаа” гэж Н.Багабанди, Н.Энхбаяр ерөнхийлөгч нарт, ХЗДХЯ-нд бичсэн. Гэвч “за ч үгүй, үгүй ч үгүй” таг болчихдог” гэж дурдсан байна.

Хэн ч үгүйсгэсэнгүй. Юм л бол шүүхэддэг, тэгээд заргаа авдгаараа алдаршсан нам хачирхалтайгаар чимээгүй өнгөрөөв.

А.Төмөр-Очир агсан Ю.Цэдэнбалтай санал зөрөлдсөний улмаас цөлөгдөж, нутаг заагдаж яваад гэртээ зэрлэгээр алагдсаныг бүгд мэдэх билээ.Хэргийг санаатайгаар зохион байгуулсны адил санаатайгаар илрүүлээгүй ажээ. Хамгийн ойр дотны хүнд (С.Нинжбадгар) нь тодорхой чиг баримжаа байж л таараа.

Гэмт хэргийн илрүүлэлт гэдэг үзүүлэлтээрээ монголын цагдаа дэлхийд дээгүүр ордог гэнэ. “Хэргийн илрүүлэлт бараг 90 хувь байдаг” гэж цагдаагийн олон нийттэй харилцах хэлтсийнхэн сайрхахыг үе үе телевизээр үзэж болно. “Хэрэг гарлаа, барилаа” гэсэн мэдээ зэрэгцэх шахуу цацагддаг, хоёр сая гаруйхан хүнтэй улсад хэрэг илрүүлэх, тэр дундаа дуулиантай хэргийг илрүүлэх тун амархан байдаг бололтой.

Гэтэл А.Төмөр-Очирын болон С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг дээр мөрдөгчид маань уран чадвараа гайхуулах дургүй байсан уу, эсвэл том тээг байна уу гэж сэрдэхээр сунайсан 9 жил өнгөрлөө. Саяхнаас “сансрын зургаар захиалгат аллагыг илрүүлдэг гэнэ” гэж маанагтсаныг эс тооцвол тоймтой юм сонсогдохоо ч болив.

Большевик уламжлал ба таамаглал

“Төгсгөл” хэмээх зөвлөлтийнхөн голлож монголчууд оролцон бүтээсэн киноны хэсгүүдийг эргэн дурсацгаая.

Барон Унгерн монгол ноёнд үүрэг өгч байна. “- За, чи сонс! “Их дайчин Хатанбаатар Магсаржав Сүхбаатарын гарт хорлогджээ” гэж довтлохынхоо урд шөнө монгол даяар зарлая” гэж бод! Монгол ноён ойлгосонгүй. Барон Унгерн “Хатанбаатар Магсаржавыг нударчхаад Сүхбаатарынхнаас хүн алсан гэх шуугиан дэгдээ” Монгол ноён сая л ойлголоо. Тэгээд “- Ай даа, Барон жанжин мөн зальтайяа, Харин дараа нь тэр Магсаржавынхаа хойноос намайг тонилгочих юм биш биз дээ!?” гэж асуув. Барон Унгерн инээж “- Чи мэдэж ав! Нэгдүгээрт ухаантай, хоёрдугаарт олонд нэр хүндтэй хүнийг л зайлуулдаг юм”

Монголчууд цээжээрээ мэдэх шахуу болчихсон киноны энэ өгүүлэмж юуг хэлнэ вэ? Тун танил арга барил байгаа биз? С.Зоригийг хөнөөгдсөний маргаашнаас “Ардчиллынхан нэгнийгээ нухчихжээ”, “Бат-Үүл нэг л сэжигтэй” гэх мэт цуурхал тэнүүчлэн байсныг санаж байна уу ?

Троцкий, Киров - А.Төмөр-Очир, С.Зориг нарыг хөнөөсөн аллагууд тун адилхан төлөв байдалд явагджээ. Сталины даалгавраар КГБ Мексикийн нэгэн жижиг хотод дүрвэж гарсан Л.Троцкийг гэрт нь мөс хагалдаг сүхээр цавчин хороосон байдаг. А.Төмөр–Очир агсныг мөн гэрт нь сүхээр цавчсан билээ. Большевикууд, коммунистууд нь улс төрийн зорилтоо хэрэгжүүлэхийн төлөө цус урсгах, хүч хэрэглэхийг эрхэмэлдэгээрээ бусад улс төрийн үзэл баримтлалаас онцгойрон ялгарч байжээ. Аллага үйлдэх үедээ лалын алан хядагчид их төлөв тэслэх дэлбэлэх аргыг сонгодог бол, америкууд бууг эрхэмлэдэг, харин оросууд хутга, сүхийг таашаадаг байжээ.

“Төгсгөл” киноны зохиолыг Ю.Семенов гэж КГБ-ийн талаар голлон бичдэг зохиолч бичиж, найруулагчаар нь А.Бовровский гэж мөн л орос хүн ажиллажээ. Тэд орос үндэстэнд танил, дасал болсон “дайснаа алаад өөр нэг дайснаа гүжирдэх” аргыг дүрээ тодотгох зорилгоор ашигласан нь тэр. Бодит байдал дээр Унгерн Хатанбаатарыг алчхаад “Сүхбаатар алсаан” гэж хэлэх байсан эсэх нь сонин биш. Зөвлөлтийн баримжаатай үзэгчдэд танил арга мэхийг хэрэглэсэн нь л сонин.

Саяхан болтол МАХН большевик арга барилтай, коммунист үзэл баримтлалтай явсан гэдгийг бүгд мэдэх хойно нэмж нуршаад яах билээ. Өөрийн намыг “үндэслэн байгуулагч” гэж зарладаг Д.Сүхбаатараа хүртэл Богд хааны гарт алагдсан гэж ойлгуулах яриа тархааж, кино хүртэл хийж байлаа. Бодвол VIII Богд монголд большевизмыг тууштай цэцэглүүлэх зөвлөлтийн санаархалд том “шавар хааж” байсан бололтой. Монголчууд тэр домогт итгэж өссөн. Бүр сүүлд л Д.Сүхбаатар хорлогдож үхээгүй гэсэн нотолгоо гарах болсон билээ.

Мөрдлөгийн практикт захиалгат аллагыг “үр дүнд нь хэн хожив?” гэдгээс логикоор хөөж олдог гэх юм. Тэгвэл бүгдээрээ энэ асуудлаар дедуктив дүгнэлт хийн хамтдаа эрэн сурвалжилъя. Таны урмыг хугалахад би ширхэг ч шинэ зүйл хэлэхгүй. Хэвлэлээр нэгэнт түгсэн, үгүйсгэгдээгүй сурвалжуудыг тоймлоно.

МоАХ-ны анхны дарга байсан С.Зоригийг зэрлэгээр хөнөөсөн хэргийг илрүүлэх асуудалд санаа тавих, анхаарах нь албыг нь залгамжилж яваагийн хувьд миний үүрэг ч гэж боддог.

Нэхэн санахуй

Хэргийн “цаад эзэд” хэн байж болохыг зааж чиглүүлсэн мессэж үл мэдэгдэх эх үүсвэрээс тарж “Эвслийнхэн нэгийгээ нухчхаж, эд нараас зайлахгүй” гэсэн дүгнэлтэд олныг аваачив. Түүндээ “С.Зориг дараагийн Ерөнхий сайд болох байж” гэдэг хачир дагуулж билээ. Хийрхсэн нийгэм үүнд шууд л үнэмшсэн.

Дараа нь “Бат, Оюун” нэртэй хоёр хүн нухсан гэх яриаг тараан “Бат”-тай нэр бүхий хүмүүс рүү хүйтэн харцаар ширвэцгээв. Бат–Үүл сэжигтнээр татагдан, Батсүх америкаас гавлагдаж ирэв. Олон жил хэрэг мөрдсөн туршлагатай мөрдөгч “Хэрэгтнийг гадаад дүр, төрхөөр нь мэдэж болно. Вышинскийн онолоор бол Батсүхэд рецидив хэрэгтэн байж болох ганц ч шинж тэмдэг алга” гэжээ. Би Батсүхийг эртнээс мэдэх хүний хувьд нэмж хэлэхэд тэр хүн алах битгий хэл хүний өөдөөс чангахан хараал хэлж ч чадахгүй хүмүүжилтэй нэгэн билээ.

Батсүх МоАХ-ны анхны идэвхтэй гишүүдийн нэг байсан нь гай болсон бололтой. Батсүх МоАХ-ны дэргэдэх “Ард” компани гэдгийг сар гаруй удирдаад татан буулгасан нь түүнд өгөх таатай хоч болж орхижээ. Уг нь “ММ” гэж компанийг хойш олон жил удирдсан авч хочинд тохиромжгүй байсан гэнэ. Хоч өгөхийн утга учир нь түүнийг эрүүгийн өнгө аяс бүхий нэртэй болгох байсанд оршиж байгаа юм байх. Эрүүгийн элементүүд “Чонон Борис” гэх мэт хоч нэртэй байдаг. Батсүхийг хэрэгтэн гэж харагдуулахын тулд содон хоч өгөх шаардлагатай байж. Түүнийг ямар ч үндэслэлгүй жил шоронд суулгаад, шалгаад эцэст нь суллаж, уучлалт ч гуйсангүй.Батсүхээр Бат-Үүлийг “гэрчлүүлэх” сценари байсан гэх авч бүтэлтэй юм болсонгүй ийнхүү дууслаа. МҮАН, МоАХ ч тэр үед хэлмэгдсэн гишүүдээ өмгөөлөх Зориг-гүй байжээ. Тэд өрсөлдөгчийн зүгээс өгсөн “үхлийн” цохилтод өртөж, яахаа мэдэхгүй самгардаж байсан гэвэл үнэнд нийцэх байх аа. Ер нь энэ хэрэгт нийтдээ 30-35 хүнийг хилсдүүлсэн баривчилж хорьсон ажээ.

Удалгүй Баярбат гэж манъяк тодорсныг мөн л С.Зоригийн хэрэгт хамаатуулах гээд барсангүй. Асуудлыг түүнтэй холбох гэхээр угшил нь ху намынх (аав нь МАХН-ын нөлөө бүхий гишүүн, сайд байсан) байгаад байж гэнэ.

Францаас Д.Энхбат гэгчийг хулгайлан авчирсан явдал нь алуурчныг илрүүлэх сценарийн оргил болов. Хожим Д.Энхбат “тагнуулынхан намайг зодож, тамлаж байхдаа “Чи Цагаан Шонхорын Энхтайван Зоригийн хэргийг захиалсан гээд хэлчихвэл бүх зүйл ОК! “ гэж амласан” гэж мэдэгдсэн байдаг. Түүний яриаг бас л үгүйсгэсэнгүй. Ч.Энхтайван МҮАН-ын гишүүн гэдэг нь цохилт хийх гол цэг болсон бололтой. Ч.Энхтайванаар дамжуулан МҮАН-ын өөр нэгэн лидер М.Энхсайханыг С.Зоригийн аллагын захиалагч болгох гэж байсан гэнэ.

Франц, Европын Холбооны зүгээс Засгийн газарт хандан “нутаг дэвсгэр дээр нь хүн хулгайлах хэрэг үйлдсэнд” тайлбар нэхсэн мэдэгдэл ирүүлж байснаас нь үнэн гэдэг нь нотлогддог.

С.Зоригийн хэрэгт зөвхөн МҮАН-ын гишүүд, түүнтэй холбогдох хүмүүсийг сэжиглэж, шалгаж, хорьж, цуурч байлаа. МАХН-д ойр байж болох ганц ч сэжигтэн тодорсонгүй. Үүнийг тайлбарлахдаа Э.Бат-Үүл хэрэг гарсны маргааш “МАХН буруугүй шүү” гэж мэдэгдсэн, тэгэхээр бид хамаагүй” гэнэ.

Хичнээн сайн сценари зохиолоо ч хэрэг илрэхгүй сунжирч мөрдөгч Мөрөн, хуульч Сугар гэх мэт “баатрууд” төрөн гарлаа. Тэд “ирэх сонгуульд бид нарыг сонгочихвол хоёр долоо хоногт л хэргийг илрүүлээд өгье. Одоо бол эвслийнхэн саад болоод байна” гэсэн амлалтаараа УИХ-д төвөггүй сонгогджээ. МАХН-ын бусад нэр дэвшигчид ч сонгогчидтой хийсэн уулзалт дээрээ эвслийнхнийг энэ хэрэгт буруутгаад авахаа ер мартсангүй. Энэ бүхний ард намын дарга, МАХН-ын сонгуулийн ерөнхий менежер байсан нь тодорхой.

Гурван том хожил

2000 оны УИХ-ын сонгуульд МАХН үнэмлэхүй ялалт байгууллаа. Үр дүн гайхалтай. 72 суудал! гэдэг Назарбаев, Ниязов нар ч атаархах амжилт шүү. Ялалтынх нь гэрэл нүд гялбуулж, чих дөжрүүлэв. Эхний хожоо!

Төр, засгийн эрх мэдэл МАХН-д үнэмлэхүй төвлөрлөө. Сөрөг хүчнийхний эсэргүүцлийг цагдаагийн хүч хэрэглэн тараах нь энүүхэнд болов. Бүр давраад Ардчилсан намын байрыг бүслэн удирдагчдыг нь хорьж байсан. Тэр бүслэлтийн үеэр нэгэн цагдаагийн офицер Р.Гончигдоржид хандан “тушаал ирвэл чамайг буудах болно” гэж мэдэгдэж байжээ.

Гааль, татвар, Эрдэнэт, том банкуудын хувьчлал гээд ашиг орлого олдог бүхэнд нам хяналтаа тогтоосон. Тэр ч бүү хэл хүүхдийн Найрамдал зуслангийн хувьчлалд хуруугаа дүрээд авсан гэнэ. Парламентын ордон байж болох газрыг ч намын эрх мэдэлтнүүд мэдэлдээ оруулаад авчээ. Гачлантай нь тэр дөрвөн жилд “эвслийнхэн нэгнийгээ нухчхаж” гэхээр нотолгоо олдсонгүй. Олдчихсон бол өдийд ху нам мөнхийн парламент болж, дарга нь “насан туршийн Ерөнхийлөгч” цолыг олох байсан юм.

Хойтон жил нь Ерөнхийлөгчийн сонгуульд “Зоригийн хэрэг” чухал сэдэв хэвээр байлаа.“Эвслийнхэн нэгнийгээ алагдчихаад байхад дээгүүр нь алхаад гарч байсан юм шүү дээ. Эд нар л нухсан” гэсэн яриа ахин түгэв. Гэвч нэхэл хатуутай ард түмэн “хоёр долоо хоногт илрүүлэх” амлалтыг нь сануулжээ. Намын дарга нь энэ удаа хөнгөхөөн бултаж Д.Мөрөнг золигт гаргасан юм. “Хэлсэн хүн нь хариуцна биз” гэж тэр мэлзсэн билээ. МАХН ахин яллаа. Юм л бол үг сөрөх гээд байсан Ерөнхийлөгчийг аядуу төлөвт оруулж авав. Хоёр дахь хожил тэр!

Гэвч намын удирдлагатай сөргөлдөгчид ху нам дотор цөөн боловч байсаар байв. Хачирхалтай нь тэд эгзэгтэй мөчүүдэд ээлж дараалан бурхны оронд оджээ. Ганхийх хүнгүй ч болж авлаа. МАХН абсолют эрх мэдлийг эзэмдэв. Гуравдахаа хожлоо.

Хожил бүртээ “Зоригийн хэргийг” ашиглаж байсан ч илрүүлэх тал дээр хуруугаа ч хөдөлгөсөнгүй. 2004 оны сонгуульд аллагыг ашиглая гэхнээ амаа таглуулах байсан тул чимээгүйхэн өнгөрөв. Үр дүнд нь үнэмлэхүй ялалт ирсэнгүй.

Азаар 2004 оны сонгуулиар ард түмэн ухаалаг шийдвэр гаргасан. Засаглал тэнцвэржиж, хяналт бий болохын хирээр МАХН-ын удирдлагын дөрвөн жил нямбай сүлжсэн аалзны тор тасарч эхлэв. Намын хатуу сахилга алдагдан, том толгойлсон залгамжлагчид нь нэгнийгээ алж, улсын банкийг цөлмөв. Хяналтгүй засаглалын гай гарч эхэллээ.

Хамгийн том хожил нь монголын ардчиллын хөгжлийг 10 жилээр хойш ухрааж, бүх ололтыг үгүйсгэсэн юм шүү.Тэгэхээр асуултаа давтъя захиалгат аллагын “үр дүнд нь хэн илүү хожив оо?”

Энд хамаагүй ч юм шиг нэг зүйлийг дурдахад 2007 оны 4 сарын 11 –нд Их тэнгэр орох замыг хааж зогссон ХЗХ-ны хохирогч 38 эмэгтэйг замаас зайлуулахаар 100 гаруй цагдаа иржээ. Ямар ч зэвсэггүй, хүүхдээ тэвэрсэн, цөхөрч ядарсан хэдэн эмэгтэйд ийм их хүч хаяж чаддагаа харууллаа. Тэгж бодохоор манай цагдаа хүчтэй ч юм шиг.

Зориг

С.Зоригийн хэргийг илрүүлэхэд Зориг л дутаж байна. Дүлэгнэл, айдсаа орхиж тодорхой сэжүүрүүдийг хөөх Зориг дутаж байна. Хөөлгөх сонирхол ч дээдэст алга бололтой.

Гаальд ажиллаж буй МАХН-ын нэгэн гишүүн ийм үг алджээ. “Яахав намын буянаар овоо л юм хураалаа. Гэхдээ олохоос хамгаалах чинь хэцүү байдаг юм байна. Авилгатай тэмцэх газарт оруулж өгөх хүн байна уу?”

Авилгачдын олдог, зөөдөг үе үндсэндээ дуусаж, олзоо хамгаалах, эсэн мэнд үлдэх талаар санаа зовох үе нь эхэлсэн бололтой. Тод жишээ нь “Авилгатай Тэмцэх Газрын даргыг хэнээр томилох вэ?“ гэдэг маргаан МАХН-ын дээд удирдлагын хооронд болж, түншилцээд авчээ.

Зоригийн хэргийг зоригтойгоор илрүүлэхсэн. Зориггүй жилүүдэд төгсгөл тавьж хэргийг илрүүлэх нь монголын улс төр эрүүлжих үндсэн нөхцөл болоод байна. Алив нөгөө мундаг мөрдөгч Д.Мөрөн хаа явна аа