Иргэд эдийн засгийн хүндрэл гүнзгийрэх магадлалтай гэж үзэв
Монголбанкнаас 1000 иргэнийг хамруулж хүлээлтийн судалгаа хийжээ. 25-44 насныхны дунд хийсэн судалгаанд оролцогсдын 92 хувь нь бүрэн дунд болон дээд боловсролтой хүмүүс байлаа. Ажилладаг салбараар нь авч үзвэл бөөний болон жижиглэн худалдааны салбарт 37.5 хувь, 15.5 хувь үйлчилгээний салбарт ажилладаг.
Ажил эрхлэлтийн байдлыг авч үзвэл 45.9 хувь нь хувийн байгууллага, 22 хувь нь төрийн албанд ажилладаг бол 24.3 хувь нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг байна. Судалгаанд оролцогсдын 62 хувь нь 600 мянга хүртэл төгрөгийн орлоготой өрхүүд байна.
Инфляци:
Инфляцийн талаарх иргэдийн хүлээлтийн түүвэр судалгааг 2016 оны 9 дүгээр сард Улаанбаатар хотын 9 дүүргийн 1,000 иргэнийг хамруулан санамсаргүй түүврийн аргаар гүйцэтгэлээ. Судалгаанаас дараах үр дүнгүүд гарсан бөгөөд иргэд ирэх 12 сарын хугацаанд
- Инфляци өнөөгийн түвшинд
- Төгрөгийн гадаад валюттай харьцах ханш чангарна
- Зээлийн хүү өснө
- Эдийн засгийн ерөнхий төлөв байдал муудна
- Өрхийн санхүүгийн байдал муудна гэсэн хүлээлттэй байна.
Хүлээлтийн чанарын хариултаас харвал иргэдийн 61% нь ирэх 12 сард үнийн түвшин ерөнхийдөө өснө гэж үзсэн бөгөөд үүнээс 36% нь үнийн түвшин илүү хурдацтайгаар өснө (өмнөх судалгааны дүнгээс 10 нэгж хувиар өссөн), 25% нь үнэ өснө гэхдээ өсөлтийн хурдац өөрчлөгдөхгүй гэж хариулжээ.
Иргэдийн ирэх нэг жилийн хугацаан дахь инфляцийн хүлээлтийг орлогын түвшнээр авч үзэхэд зээлийн төлбөрийн дараах сарын орлого нь 400 мянган төгрөгөөс доош байдаг иргэдийн инфляцийн хүлээлт нь 401-800 мянга, 800 мянгаас дээш орлоготой иргэдийнхээс бага зэрэг өндөр байна.
Валютын ханш:
Ирэх 12 сарын хугацаанд төгрөгийн ам.доллартай харьцах ханшийг бага зэрэг чангарна гэсэн хүлээлттэй байна. Өндөр орлоготой иргэдээс илүүтэйгээр бага орлоготой иргэд ирэх 12 сарын хугацаанд ханш чангарна гэсэн хүлээлттэй байна.
Судалгаанд оролцогчдын ихэнх хувь нь төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн сулралтад гадаад орчин, төсвийн үрэлгэн байдал болон гадаад өр хамгийн ихээр нөлөөлж байна гэж үзжээ. Төгрөгийн ханш суларснаар иргэдийн хэрэглээнд маш их, их сөрөг нөлөө үзүүлж байна гэж судалгаанд оролцсон иргэдийн 69% нь хариулжээ.
Зээлийн хүү:
Иргэдийн хувьд ирэх 12 сарын хугацаанд зээлийн хүү өснө гэсэн хүлээлттэй байна. зээлийн жигнэсэн дундаж хүү 2016 оны 9 дүгээр сарын байдлаар өмнөх улирлаас 1.0 нэгж хувиар өсч 20.1 хувьд хүрчээ.
Иргэдийн орлого:
Иргэдийн ихэнх нь ирэх 12 сарын хугацаанд эдийн засгийн төлөв байдал муудна гэсэн хүлээлттэй байна. 2016 оны 2 дугаар улирлын байдлаар эдийн засгийн өсөлт 1.4%-тай гарч буурсан нь иргэдийн хүлээлтэд нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй.
Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ харьцангуй тогтвортой байж инфляцийн түвшин буурсан ч иргэдийн бодит орлого төдийлөн нэмэгдэхгүй байна. Иргэд ирэх нэг жилийн хугацаанд эдийн засгийн ерөнхий төлөв байдал муудахын хирээр өрхийн санхүүгийн байдал муудна гэсэн хүлээлттэй байна.
Дүгнэлт:
Иргэд ирэх 12 сарын хугацаанд эдийн засгийн ерөнхий төлөв байдал төдийлөн сайжрахгүй гэсэн хүлээлттэй байна. Тухайлбал, инфляци өнөөгийн түвшинтэй ойролцоо, зээлийн хүү өснө, өрхийн санхүүгийн байдал үргэлжлэн муудна гэсэн хүлээлттэй байгаа үр дүн гарлаа.
Иргэд ийнхүү хүлээж байгаа нь нэг талаас инфляци идэвхжихгүй байхыг илтгэж байгаа хэдий ч, нөгөө талдаа өрхийн хэрэглээ буурах, жижиглэнгийн борлуулалт үргэлжлэн саарах, улмаар эдийн засгийн өсөлт, ажил эрхлэлт буурах зэргээр одоогийн эдийн засгийн хүндрэл гүнзгийрэх эрсдэл өндөр байгааг илтгэж байна.