Иргэдээ халууны шил шиг мэдрээрэй
-Ардчилсан нам, МоАН санаачилга ТББ орон нутагт хамтарсан сургалт явууллаа-
2016 оны сум, дүүргийн сонгуульд нэр дэвшиж байгаа Ардчилсан намын нэр дэвшигчдэд зориулсан сургалт 21 аймаг, 9 дүүрэгт зохион байгуулагдаад байгаа билээ. Нэр дэвшигчид сонгуулийн кампанит ажлаа сурталчилгааны цөөхөн хоногт хуулийн хүрээнд, хэрхэн оновчтой зөв явуулахад чиглэсэн тус сургалтыг Ардчилсан намын Улс төрийн бодлогын асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Г.Батхүү санаачилсан бөгөөд Ардчилсан нам, МоАН Санаачилга ТББ- тай хамтран амжилттай зохион байгуулаад байгаа юм.
Сум орон нутаг болоод дүүргийн сонгуульд оролцож байгаа нэр дэвшигчид сургалтыг талархан хүлээн авсны зэрэгцээ итгэл, сэтгэл, урам, зоригийг нэмсэн цаг үеэ мэдэрсэн сургалт болсныг онцолж байв. Сургалтыг аймаг орон нутаг, нийслэл дүүрэгт зохион байгуулагдаж байх үеэр Ардчилсан намын Улс төрийн бодлогын асуудал хариуцсан нарийн бичгийн дарга, МоАН санаачилгын тэргүүн Г.Батхүү Хан-Уул дүүргийн нэр дэвшигчдэд зориулсан сургалтад өөрийн биеэр очиж Ардчилсан намын гишүүдээ дэмжин сургалт, уулзалтад оролцсон юм.
Энэ үеэр тэрбээр “Иргэдийнхээ асуудлыг халууны шил шиг мэдрэх хэрэгтэй”-г онцлоод хорооны иргэдийн санал хүсэлтийг сайтар сонсож төвлөгөөндөө тусгах нь ажлын 50 хувь болно шүү" гэдгийг нэр дэвшигчдэд хандан хэлж байлаа.
Хан-Уул дүүргийн хувьд 2008 оноос хойш Ардчилсан намын төлөөлөгчдийг УИХ, нийслэл, дүүрэг, хорооны түвшинд баг болгон сонгож тэр хэрээрээ дүүргийн бүтээн байгуулалтад хувьсал өөрчлөлтийг авчирч чадсан цөөхөн цэнхэр дүүргүүдийн нэг гэж үздэг. Тиймдээ ч дүүргийнхээ иргэдийн нүд, чих болж хороо дүүргээ хөгжүүлэх гүүр нь болдог сум, хорооны төлөөлөгчдийг сонгох сонгуульд хариуцлагатай оролцож амжуулж хийсэн ажлаа ахиулахыг нийт нэр дэвшигчддээ хүслээ.
Амлалтаасаа ухарсан Засгийн газарт иргэд Сэтгэл дундуур байна
АН болон Монголын Ардчиллын нэгдэл санаачилга ТББ-ын хамтарсан сургалт өнгөрсөн өдрүүдэд Баян-Өлгий, Баянхонгор, Өвөрхангай, Сүхбаатар аймагт тус тус зохион байгуулагдсан юм. Энэ үеэр эдгээр аймгийн алслагдсан сумдад сургалтын баг ажиллаж, сонгуулийн явцын хууль бус үйлдэл, зөрчлүүдийг шийдвэрлэх, нэр дэвшигчдэд ижил тэгш хандах эрх зүйн үндэс зэрэг асуудлуудаар нэр дэвшигч болон сонгуулийн хорооны ажилтнуудад тайлбарлан таниулсны зэрэгцээ УИХ-ын гишүүн Л.Болд нар иргэдтэй уулзан ярилцсан байна.
УИХ-ын сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан МАН-ын Засгийн газар үүргээ хэрэгжүүлж эхлээд 100 хоносон энэ үед үйл ажиллагааг нь тодорхой хэмжээнд үнэлж цэгнэх, санал бодлоо хэлэх иргэд цөөнгүй байлаа. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Засгийн газар өнгөрсөн 100 хоногийн хугацаанд юу хийв гэдэг асуудлыг хөндөх үеэр тухайлбал, “Сайн малчин” хөтөлбөрийн хүрээнд малчны зээлийн хүүг 10 хувь болгож бууруулсан байсныг цуцалсан.
Ахмад настнуудын хамтын тэтгэврийн тухай хуулийг цуцалсан гээд иргэд, нийгмийн амьдралд шаардлагатай олон хуулиудыг хэрэгжүүлэхгүй гэх шийдвэр гаргасанд иргэд сэтгэл дундуур байгаагаа хэлээд, амлалтаасаа ухарсан уг үйлдлүүдээ болих хэрэгтэйг сануулж байсан юм.
Засгийн газрын амлалтаасаа ухарсан үйлдлээс гадна, төрийн албан хаагчдын халаа сэлгээ хэрээс хэтэрч байгааг орон нутгийн иргэд хэлж байлаа.
Түүнчлэн Сүхбаатар аймгийн ИТХ-ын сонгуульд ялалт байгуулсан Ардчилсан намын нэр дэвшигчийг тус аймгийн МАН заргалдсаар санал хураалтын дүнг хүчингүй болгуулжээ. Одоо тухайн тойрогт дахин нөхөн сонгууль болж байгаа юм байна.
Энэ мэтээр МАН-ын засаглал хяналтгүй болж байгааг ч иргэд хэлж байлаа. Өмнөх Засгийн газрын ажлуудыг үгүйсгэж, эсвэл ухаарж, зогсоож, цаашлаад орон нутагтаа хяналтгүй авирлаж байгаад иргэд сэтгэл дундуур байгаагаа Ардчилсан намын удирдлагуудад уламжилж байна.