Ж.Эрдэнэбат: Давхар татварын хэлэлцээр худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд чухал
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат
2016.10.13

Ж.Эрдэнэбат: Давхар татварын хэлэлцээр худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд чухал

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Япон Улсад хийж байгаа албан ёсны айлчлал үргэлжилж байна. Ерөнхий сайд айлчлалын хоёр дахь өдрөө Япон Улсын парламентын төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошимад бараалхлаа.

Ж.Эрдэнэбатын Засгийн газар эдийн засгаа дахин сэргээж чадна гэдэгт ноён Т.Оошима итгэлтэй байгаагаа илэрхийлээд Японы нэр нөлөө, хүчтэй улстөрчид Монгол Улсыг бүх талаар дэмждэг гэв.  Мөн “Манай хоёр улс  ардчилсан засаглалтай, чөлөөт зах зээлтэй, ижил үнэт зүйлтэй. Ерөнхий сайд Ш.Абэ Монгол Улсад гурван удаа айлчилсан нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа ямар өндөр түвшинд байгаагийн илэрхийлэл” гэж тодотголоо.

Хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагаанд улс төрийн тогтвортой байдал хамгийн чухал, тогтвортой байдлаас тогтмол үр дүн гарч, итгэлцэл бэхжинэ гэдгийг Т.Оошима онцоллоо. Мэргэжилтэн бэлтгэх, техник технологи нутагшуулах, харилцан ашигтай ажиллах нь Японы хөрөнгө оруулалтын үндсэн зарчим бөгөөд ийм харилцаанд суурилсан хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг амжилттай үргэлжлүүлэх улс төрийн орчин Монгол Улсад бий болсон гэж ойлгож тэрээр хэллээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошимад УИХ-ын дарга М.Энхболдын мэндчилгээг уламжлаад Монгол Улсад тааламжтай цагтаа айлчлахыг урив. Ирэх онд Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой болох бөгөөд энэ хугацаанд Японы парламентын төлөөлөгчдийн танхимын дарга Монгол Улсад албан ёсоор айлчилж байгаагүй юм байна.

Сүүлийн жилүүдэд Монгол, Японы өндөр, дээд түвшний харилцан айлчлалын давтамж ойртож, энэ хэрээр харилцаа, хамтын ажиллагаа хөгжиж байгаад Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг улс төрийн харилцааны адил өндөр түвшинд хүргэх нь Монгол Улсын Засгийн газрын зорилго байх болно гэж Ерөнхий сайд хэллээ.

Монгол Улсын анхны чөлөөт худалдааны хэлэлцээр болох Монгол, Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хоёр орны эдийн засаг, хөрөнгө оруулалтын харилцааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой. Энэ хэлэлцээрийг амжилттай хэрэгжүүлж, худалдааны эргэлтийн хэмжээг дорвитой нэмэгдүүлэх шаардлага байгааг Ерөнхий сайд онцлоод юуны өмнө Давхар татварын хэлэлцээрийг байгуулах асуудлыг ойрын хугацаанд шийдэх эрмэлзлээ илэрхийллээ.