2016.09.26

Татварын орлого төлөвлөснөөс дутсан ч өмнөх оноос өссөн байна

Сангийн яам Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны эхний 8 сарын гүйцэтгэлийг танилцууллаа.

Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 1,808,7 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ. Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого өмнөх оны мөн үеэс 16,7 тэрбум төгрөгөөр буурч, 3 их наяд 562,4 тэрбум төгрөгт хүрсэн байна.

Үүнд, улсын төсвийн орлого, орон нутгийн төсвийн орлого, хүний хөгжил сангийн орлого төлөвлөсөн хэмжээнээс дутаж, нийгмийн даатгалын орлого давсан дүнтэй байна.

Татварын орлого, тэрбум төгрөгөөр

Тэгвэл татварын орлого төлөвлөснөөс 265,6 тэрбум төгрөгөөр дутуу төвлөрч, харин өмнөх оны үзүүлэлттэй харьцуулахад өссөн. Төлөвлөсөн дүн биелээгүй гол шалтгаан нь хөрөнгийн албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар, гадаад үйл ажиллагааны орлого зэрэг татварын эх үүсвэрүүдээс хангалттай мөнгө орж ирээгүй байна.

Татварын бус орлого, бүтэц /хувиар/

Мөн татварын бус орлого төлөвлөсөн хэмжээнээс дутаж, өмнөх оны мөнэ үеэс 65,3 тэрбум төгрөгөөр буурчээ.

Тайлант хугацаанд нэгдсэн төсвийн нийт зарлага ба эргэж төлөгдөх цэвэр зээлд 6.187.6 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсний 86.8 хувийг ашиглажээ. 2016 оны эхний 8 сарын байдлаар улсын төсвийн зарлага 433.1 тэрбум, орон нутгийн төсвийн зарлага 413.0 тэрбум, хүний хөгжил сангийн зарлага 12.3 тэрбум, нийгмийн даатгалын сангийн зарлага 47.9 тэрбум төгрөгөөр төлөвлөсөн хэмжээнээс дутуу зарцуулагдсан байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад улсын төсвийн нийт зардал 1,001.1 тэрбум төгрөгөөр, орон нутгийн төсөв 169.4 тэрбум төгрөгөөр, Хүний хөгжил сан 1.0 тэрбум төгрөгөөр, Нийгмийн даатгалын сангийн зардал 92.6 тэрбум төгрөгөөр өссөн байна.

Монгол улсын 2016 оны төсвийн тухай хуулиар 33 төсвийн ерөнхийлөн захирагчдын зарцуулах эрхийг баталсан бөгөөд энэ оны эхний 8 сард тэдгээрийн батлагдсан төсөв 433.1 тэрбум төгрөгөөр дутуу зарцуулагджээ. Улсын төсвийн нийт зарлагын 35.4 хувийг Сангийн сайдын, 18.1 хувийг Боловсрол, соѐл, шинжлэх ухаан, спортын сайдын, 10.4 хувийг Эрүүл мэндийн сайдын, 9.5 хувийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын, 6.3 хувийг Хууль зүйн сайдын, 5.0 хувийг Зам, тээврийн сайдын, үлдэх 15.3 хувийг бусад төсвийн ерөнхийлөн захирагчдын багцын зарлага эзэлж байна.

2016 оны эхний 8 сарын байдлаар Чингис бонд болон Хөгжлийн банкны эх үүсвэрээс улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүжүүлэхээр төсөвт тусгагдсан төсөл арга хэмжээнд 118.6 тэрбум төгрөг зарцуулж, 62.9 хувийн гүйцэтгэлтэй гарчээ.

Монгол Улсын 2016 оны төсөвт Засгийн газрын эх үүсвэрээр болон Хөгжлийн банкны улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийн гүйцэтгэл