МАН 4.2 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний мөнгийг ямар ч эх үүсвэрээс оруулж ирж магадгүй
УИХ дахь АН-ын булгийн дарга С.Эрдэнэ
2016.10.13

МАН 4.2 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний мөнгийг ямар ч эх үүсвэрээс оруулж ирж магадгүй

УИХ дахь бүлгүүд хуваарь ёсоор долоо хоног бүрийн нэг дэх өдөр хуралдах товтой байдаг. Гэвч, энэ долоо хоногт АН, МАН-ын бүлгүүд хуралдаж, мэдээлэл хийгээгүй. Харин өчигдөр сөрөг хүчний бүлэг мэдээлэл хийлээ. Энэ үеэр тус бүлгийн дарга С.Эрдэнэтэй цаг үеийн асуудлаар цөөн хором ярилцлаа.

-Хамтын тэтгэврийн тухай хуулийг хүчингүй болгосон асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандсан байна. Энэ талаар ямар мэдээлэлтэй байгаа вэ?

Хамтын тэтгэврийн тухай хуулийг боловсруулж, тооцоо судалгаа хийж, өргөн барихад үндсэндээ таван жилийн хугацаа зарцуулсан. Энэ ажилд олон мянган ахмадууд, ахмадын төрийн бус байгууллага, гадаад, дотоодын мэргэжлийн байгууллагуудын дэмжлэг гээд олон хүний хүчин чармайлт орсон.

Энэ хуулийг өнөөдөр ямар үндэслэлээр, яагаад хойшлуулах болсон бэ, гэдэгт эрх баригчид инээдтэй ч юм шиг, эмэгнэлтэй ч юм шиг тайлбар хийж байгаа. Яг үндэслэлтэй тайлбар хийж чадахгүй байгаа. Нөгөө талаасаа энэ хуулийг хүчингүй болгосон нь ахмад настны нийгмийн халамжийн эрх зүйн байдлыг дордуулж байна.

Мөн батлагдсан хүчин төгөлдөр хуулийг дараагийн УИХ нь бүрдээд хүчингүй болгож байгаа нь төрийн залгамж чанарыг алдагдуулсан, ёс зүйгүй үйлдэл. Гуравдугаарт, энэ хуулийг хүчингүй болгосон нь хүний хувийн өмч, өмчлөх эрхэнд халдсан Үндсэн хуулийн зөрчил гэж харж байгаа. Энэ дагуу ахмадууд Үндсэн хуулийн цэцэд өргөдөл гаргасан юм.

-Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбатыг АТГ-аас баривчилсан мэдээлэл байна. АН-ын бүлэг энэ асуудлаар ярилцсан уу? 

Бүлэг энэ асуудлыг анхааралтай ажиглаж байгаа. Хөгжлийн банк улс орны хэмжээнд өрнөсөн бүтээн байгуулалтын ажлын гол санхүүжилтийг хийж байсан банк. Гэтэл энэ банкийг зөвхөн АН, түүний эрх барьж хугацаанд үйл ажиллагаа явуулж байсан гэж харвал өрөөсгөл.

Улс төрийн бүх хүчин, Монгол Улсын бүтээн байгуулалтад оролцож байсан бүх аж ахуйн нэгжүүдэд хамааралтай. Харин хэргийн тухай хуулийн байгууллага хэрхэн ажиллах вэ, гэдгийг бид зөвхөн хөндлөнгөөс харж байгаа. Үнэлэлт дүгнэлт өгөхөд ч гэсэн арай эрт байна.

-Ерөнхий сайд Японд айлчилж байна. Харин УИХ-ын дарга М.Энхболд өнөө, маргаашнаас Хятадад айлчлах гэж байгаа. Энэ айлчлалуудаар их хэмжээний мөнгө зээлэх гэж байгаа гэх мэдээлэл гарах болсон. Бүлэг ямар байр, суурьтай байгаа вэ?

2017 оны улсын төсөв болон төсөвтэй холбоотой орж ирсэн тооцоо, судалгааг бид маш анхааралтай ажиглаж байгаа. Бүлгээс гадна, бүлгийн дэргэд байгуулагдсан зөвлөхүүдийн зөвлөл буюу өмнө нь УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан 26 гишүүн энэ асуудалд мөн анхаарлаа хандуулж байна. Бидний харж буйгаар өрийн таазыг өнөөдөр дотоодын нийт бүтээгдэхүүний 80 хувьд хүргэхээр тооцоо судалгаа оруулж ирсэн. Түүнийгээ бүрдүүлэхээр ажиллаж байна.

Энэ оны төсвийн алдагдал 4.3 их наяд байхаар төсөөлж байсан. Одоогийн байдлаар 3.4 орчим их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний гүйцэтгэлтэй байгаа юм билээ. Одоо хаанаас дахиад нэг их наядыг алдагдал болгож харуулах гэж байгааг бид харж байна. Ер нь бол, алдагдал болгож харуулах, ямарваа нэг эрсдэлтэй болж харагдах бүх зүйлийг төсвийн алдагдалд бичиж байгаа.

Алдагдал гэж харуулахыг хичээж, алдагдлыг 4.3 их наядад хүргэхээр чармайж байна. Үүнтэй холбоотойгоор бид “Станд бай” хөтөлбөрт хамрагдаж 1.5 тэрбум ам.долларыг, мөн 4.2 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний их мөнгийг ямар нэг эх үүсвэрээс оруулж ирэх магадлалтай гэж хардаж байгаа.

Гэтэл энэ их мөнгийг юунд зарцуулах гэж байгаа юм, хаанаас оруулж ирэх гэж байгаа вэ, гэдэг талаар ганц ч үг, үсэг төсвийн төсөл дээр болон МАН-ын зүгээс оруулж ирсэн аливаа бичиг баримт дээр байхгүй байгаа. Тиймээс бид өрийн таазыг өндөрсгөж, суларсан хэмжээнд ямар мөнгө, хаанаас оруулж ирэх гэж байгааг ажиглаж байна.

Мөн гадаадын банк оруулж ирэх, тэр дундаа Хятадын банк оруулж ирэх асуудал хүчтэй яригдах болсон. Гэтэл аливаа улсын үндэсний аюулгүй байдлын нэг нь эдийн засгийн аюулгүй байдал байдаг. Эдийн засгаа аюулгүй байдлаа алдсан улс орон үндэсний аюулгүй байдлаа алдсантай адилхан.

Хэрвээ мөнгөний бодлогын бие даасан байдлаа аль нэг улсад алдчих юм бол ямар байдалд орж болох вэ, гэдгийг олон улс харуулж байна. Тиймээс үндэсний аюулгүй байдалд ноцтой хор хохирол учруулж болохуйц алхмуудыг хийлгэхгүй байх тал дээр АН-ын бүлэг ажиллана.

-АН-ын бүлэг Засгийн газрын 100 хоногт “муу” үнэлэлт өгсөн тухай бүлгийн дэд дарга танилцуулсан. Тэгвэл АН энэ хугацаанд ямар, ямар санаачилга гаргаж ажилласан бэ. Ер нь, өөрсдийгөө хэрхэн ажиллаж байгаа гэж дүгнэж байгаа вэ? 

УИХ дахь АН өнгөрсөн гурван сарын хугацаанд хэт олонхтой ажиллах төлөвлөгөө боловсруулж, бүлэг, бүлгийн дэргэдэх зөвлөлөө байгуулсан. Өөрсдөд байгаа асар их боловсон хүчнээ ашиглаад үр дүнтэй ажиллаж байгаа гэж дүгнэж байгаа.

Энэ ажлын үр дүнд УИХ-ын ээлжит бус чуулганаар эрх баригчдын оруулж ирж, батлуулахаар зорьж байсан маш олон хууль бус үйлдлийг таслан зогсоож чадсан. Бүх төрлийн татвар нэмэгдүүлэх, шинэ төрлийн татвар бий болгох асуудлыг оруулж ирсэн.

АН-ын бүлэг энэ алхмыг ил тод болгож, мэдэгдэл шаардлага хүргүүлсний дүнд олон төрлийн татварын нэмэгдлийг болиулж чадсан. Мөн нийгэмд дандаа иргэд, хүүхэд, залуучууд руу чиглэсэн, эрхийг нь дордуулж, орлогыг нь бууруулсан алхамуудыг бид тодорхой нотолгоо, судалгаатайгаар нийгэмд ил тод болгож, ажиллаж чадсан. Нөгөө талаар бид эрх баригчдад нэг зүйлийг үргэлж сануулж байгаа.

Энэ нь улс орны нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх чиглэлээр эдийн засгийн хямралтай нөхцөл байдлаас гарах аливаа эерэг хандлага, чиглэлийг дэмжихэд бэлэн гэдгээ мэдэгдэж байгаа. Сөрөг хүчин бол сөрөхийн биш, хамтарч ажиллахын нэр. Бурууд нь хатуу, зөвд нь зөөлөн л байх ёстой. Хэдий богино хугацаа ч гэсэн АН-ын бүлэг олон ажил хийж чадсан.